Сонгинохайрханчууд эх оронч, жинхэнэ монгол Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйгаа хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Тэгвэл өчигдрөөс эхлэн АН-наас нэр дэвшигч Х.Баттулга Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, юуны төлөө зорьж буйгаа хэлж байгаа билээ.

Өнөөдөр тэрбээр Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Хэдийгээр гадаа бороотой байсан ч Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл 83 дугаар сургуулийн хажууд байрлах хөлбөмбөгийн талбайд цугларч, нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн юм.

Энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Гадаа усан бороо асгарч байсан ч гэсэн АН-ыг, энэ намаас нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжсэн, түүнийг эх орноо хөгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй олон зуун иргэн уулзалтад хүрэлцэн ирж, оролцсон юм.

Уулзалтын эхэнд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг уриаллаа. Түүний дараа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын 60 тэрбумаар төрийн албыг хэрхэн зарахаар төлөвлөгөө гаргасан. Тэр дагуу яаж зарж байгаа талаар иргэдэд мэдээлэл, ойлголт өгсөн юм.

Харин түүний дараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга үг хэлж, зорьж буй бүхнээ танилцуулсан. Тэрбээр “Би сая 21 аймгаар явж, ард түмэнтэйгээ уулзаад ирлээ. Явсан газар бүрт иргэд хэдхэн зүйлийг л ярьж байна. Ажилгүйдэл, ядуурал гэх мэт. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж, нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад гарч ирээд би “30 гэр бүлийн төлөө биш гурван сая монголчуудын төлөө ажиллана” гэж амласан. Өнөөдөр 30-хан гэр бүл Монголын баялгийг цөлмөж, гадаадад оффшор дансанд нууж байна. Ард түмний баялгийг зөвхөн тэд авч байгааг би хэлж, тэмцэхээ илэрхийлж байгаа юм.

Үндсэн хуулинд газрын доорх баялаг хэнийх гэж заасан байдаг билээ. Ард түмнийх гэж заасан гэдгийг бид мэдэж, бүгдээрээ зэрэг хэлж байгаа. Тэгээд тэр баялаг чинь гадагшаа гараад, урсаад байхад бид яагаад дуугардаггүй, тэмцдэггүй ард түмэн болчихов оо. Монголын бүхий л баялаг, газрын тос, нүүрс, алт гадагшаа машин машинаар гарч байна. Гэтэл үр ашиг нь ард түмэнд ирдэггүй, төрийг эзэлчихсэн хэдхэн гэр бүл хагартлаа баяжаад л байдаг. Одоо бид дуугарах цаг болсон юм биш үү.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар эрх баригчид ямар сайхан зүйл амалж гарч ирлээ. Гарч ирснийхээ дараа ард түмнийг хуурч, амласан бүхнээсээ буцсан. Хүүхдийн мөнгийг зогсоолоо. Хамтын тэтгэврийн хуулийг цуцалсан. Долоо төрлийн татвар нэмлээ. Одоо долдугаар сарын 1-ээс шатахууны үнэ нэмэгдэх гэж байна. Тэд энэ удаагийн сонгуулиар ч гэсэн тэнд хар муу аргаа ашиглаж, луйвар хийхээр оролдож эхэллээ. Одоо бүр хүмүүсийн регистерийн дугаарыг худалдаж авч байна” хэмээн хэлж байтал цахилгаан тасарч, өсгөгч ашиглах боломжгүй болсон юм.

Тиймээс нэр дэвшигч Х.Баттулга иргэдийнхээ дунд зогсч, өөрийнхөө хийж бүтээхийг, өөрчлөхийг зорьж байгаа бүхнээ танилцуулсан. Харин Сонгинохайрханчууд “Монгол ялна” хэмээн уухайлж, жинхэнэ монгол, эх оронч, бүтээлч, хөдөлмөрч Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйгаа хэлж, түүнд амжилт хүслээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.