Х.Баттулга үнэний талд нэгдэхийг урлаг соёлынхноос хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Халтмаагийн Баттулга урлаг соёлынхныг уриалж, ил захидал бичжээ.

Аав ээжээс өвлөгдсөн авьяас чадвараа хөгжүүлж, ард түмнийхээ сэтгэлийг хөглөдөг урлаг соёлын салбарынхан маань энгийн иргэдээс илүү ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлийг мэдэрч, тэрхүү үзэл бодлоо уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлж байдаг билээ. Тэгвэл өнөөдөр улс орныхоо тусгаар тогтонолыг үнэгүйдүүлж, иргэндээ үйлчилдэг төрийн албаа хүртэл авлига хээл хахуулийн хэрэгсэл болгосон цаг үед улсынхаа ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай сонголт бидний өмнө ирээд байна.

Иймд энэ бусармаг цаг үед нийгмийн чиглүүлэгч нь болсон урлаг соёлын салбарынхан хариуцлагатай хандах шаардлагатай болсоныг нэр дэвшигч Халтмаагийн Баттулга илэрхийлсэн байна. Тэрбээр Монгол түмнийхээ ирээдүйд дааж давшгүй ачаа үүрүүлж, газар шороо, тусгаар тогтнолын асар их үнэээр төлөгдөх эрсдэлтэй их өр зээл тавьж, шударга бусыг соёолуулан цэцэглүүлж буй бүлэглэлийн талд урлаг соёлын салбарынхан нэр төрөө ашиглуулах бус, эх орон элгэн түмнийхээ талд зогсохыг уриалж, тэднийг урлагийн ариун тайзаа эрх баригчдын увайгүй үйл ажиллагааны талбар болгохгүй байхыг хүсчээ.

Уриалгадаа тэрбээр “Мөнх хөх тэнгэрийнхээ дор аз жаргалтай амар тайван, эрх чөлөөтэй, өр зээлийн дарамтгүй, тусгаар тогтнол нь баталгаатай, шударга ёс нь хангагдсан Монгол Улсынхаа төлөө энэ удаагийн Ерөнхийлөгчийн түүхэн сонгуульд элэг зүрхээрээ энгийн иргэдийнхээ талд тууштай зогсохыг та бүхэндээ уриалж байна” гэсэн байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.