Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга сонгуулийн сурталчилгааны хугацаандаа эх орноо бүтэн тойрч, 21 аймаг, хоёр хот, дөрвөн суурин, 20 гаруй сумдад ажиллаж, ард иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тэрээр өнөөдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргээр явж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна. Өнөө өглөө МҮЭСТО-д Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзсан тэрээр дөнгөж сая “Аса” циркэд ардчиллыг дэмжигч Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үгээ хэлж мөн цугласан олны сонирхсон асуултад хариу өглөө.
Тэрээр уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр бидний талд зогсч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл алга. 90 хувь нь нөгөө талд ажиллаж байна. Урлагийнхан хүртэл хэдэн халтар төгрөгөнд худалдагдаад явчихсан. Гэхдээ АН-ын гишүүд дэмжигчид дээр ард түмэн нэмэгдэж, намайг дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Ард түмэн олон жил хулхидуулж, молигдуулсан. 2016 оны сонгуульд бид цэвэр ялагдсан. Одоо дахиж хулхидуулах уу, дахиад саналаа худалдах уу. Үгүй ээ, тусгаар тогтнолоо 50, 100-хан мянган төгрөгөөр алдаж болохгүй биз. Тийм учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байна. Та бүхний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байгаа, надад биш Монгол Улсад шүү” гэв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй албаны хүмүүс болоод иргэд, сонгогчдын төлөөлөл оролцлоо.
“Аса” циркийн 2000 гаруй суудлыг дүүргэсэн эл уулзалтын үеэр “60 тэрбумын хэрэг” гэгдэх төрийн албыг бүхэлд нь худалдах төлөвлөгөө уулзалтад оролцогсдын сонирхлыг татаж байв. Энэ тухайд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Сая нэр дэвшигч маань хэллээ, ард түмэнд үнэнийг мэдэх, мэдүүлэх орон зай үгүй болжээ гэж. Тийм ээ, энэ үнэн. Өнөөдөр зөвхөн “Си-1” телевиз л төрийн албыг бүхэлд нь худалдсан 60 тэрбумын хэргийг авч хэлэлцэж байна. Бусад бүх телевизийн суваг хэвлэлийн эрхчөлөөгөө хэдхэн төгрөгөөр үнэлж, ёсзүйгээ уландаа гишгэн байж дуугүй сууж байна. Гэтэл 60 тэрбумын гэгдэх энэ хэрэг улс орны тусгаар тогнолтой холбогдох, иргэн бүрт хамаатай маш чухал сэдэв. Тусгаар тогтносон Монгол Улсын төрийг шат шатны албан тушаал болгоноор нь задалж, зарж үрэх тухай нэр бүхий хүмүүс ярьж тохирсон байдаг. Үе үеийн эх орончдын цусаараа, хөлс хүчээрээ бүтээн босгосон тугсаар тогтносон улс орныг маань гуравхан хүн, 60-хан тэрбум төгрөгөөр зарчих юм гэж үү. Төрийн албыг зарна гэдэг улс орноо зарж байгаатай агаар нэг. Тиймдээ ч манай нэр дэвшигч үүний төлөө эрс эсэргүүцэн босч байна. Гагцхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хэт нэг талыг барин ажиллаж, иргэдийнхээ мэдэх эрхийг санаатайгаар боомиллоо. Тэр ч бүү хэл сонгуулийг хакердахыг завдаж, иргэдийн регистрийн дугаарыг ч цуглуулж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс, энэ индрээс миний бие саналаа бүү худалд. Саналаа худалдах нь эх орноо худалдахаас өөрцгүй болсон шүү гэдгийг онцлон хэлье” гэлээ.
Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга “60 тэрбумын гэгдэх хэрэг төрийн ой санамж, дархлааг устгаж байгаагийн тод томруун жишээ. Тиймээс монгол хүн бүрт хамаатай асуудал. Энэ сэдэв өнгөрсөн оны их хурлын сонгуулиас хойш бүтэн жил яригдсэн, сая нотлогдоо. Ийм ил цагаан болчихсон зүйлийг хууль, хүчнийхэн яагаад шалгахгүй байна вэ. Нөхцөл байдал ийм болчихсон учир эх оронч Баттулгыг дэмжих учиртай гээд байгаа юм” хэмээсэн юм.
Сүхбаатар дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын төгсгөлд “Женко дээл” хэмээн олны дунд түгээд буй нэр дэвшигч Х.Баттулгын дээлийн өнгөтэй адил материал бүхий хантаазаар гоёсон 50 гаруй залуу Х.Баттулгад хүндэтгэл үзүүлсэн нь олны талархлыг хүлээж байв.
toimmedee.mn