Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн зургаан дүүргийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэйн хөдөлмөрчидтэй уулзаж, эхлүүллээ. Өнөөдөр ҮЭСТО-д болсон энэхүү уулзалтын үеэр Х.Баттулга нэр дэвшигч байр сууриа илэрхийлж, 60 тэрбумын хэрэгтэй хатуу тэмцэхээ хэлж, Ерөнхийлөгч болбол эх оронч зориг гаргасан Г.Доржзодов залууд Монгол Улсын баатар цол олгоно гэдгээ ч хэлсэн юм.
Тэрбээр “МАН монголчуудыг ядуу байлгаж, саналыг нь хэдхэн төгрөгөөр худалдаж авах бодлого баримталж байна. 2016 оны сонгуулиар яг ийм арга ашигласан, үхсэн үрэгдсэн хүмүүсийн нэр дээр сонгууль өгсөн Одоо ч гэсэн иргэний бүртгэл дээр 100 100-гаар шинэ гэрчилгээ хийгээд, бүртгээд явуулж байна. Айлуудад байхгүй хүмүүсийг хүртэл гаргаж ирж байгаа. Жишээ нь, манайд таван хүн байх нь л дээ. Бид Ардчилсан улс болчихлоо гээд л бодоод яваад байсан чинь тийм биш байж, бид ялагдаж. Аж үйлдвэрийн бодлого дээр бид бас ялагдсан.
Аж үйлдвэр гэдэг бол олон хүнийг ажилтай болгодог хөгжлийн том бодлого. Би энэ талаар олон жил ярьсан, ажилласан, төлөвлөгөө гаргасан. Харамсалтай нь бүгдийг нь гацаасан. Доромжилсон, сүүлдээ намайг гүтгэсэн. Сайншандын Аж үйлдвэрийн парк барих гэж байна гээд зохиомол хэрэг үүсгэсэн. Арьс шир боловсруулах үйлдвэр барих гэж байна гэж зохиомол хэрэг үүсгээд авсан. Энэ мэт олон төслийг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажилласан 2-3 хүнд 10-15 жилийн ял өгч доромжилсон. Би уг нь төрийн яамны сайд бодлогыг тодорхойлдог гэж бодож тэр ажлыг хийсэн. Хэдийгээр хоёр яам гээд байгаа боловч дөрвөн том салбарыг толгойлж явсан. Зам тээвэр, барилга хот байгуулалт. Үйлдвэр, хөдөө аж ахуй. Энэ салбарууд дээр олон бодлого гаргаж, ажил хийхээр зүтгэсэн боловч гацаасан бас.
Өнөөдрийн цаг үе биднээс бүхий л салбарт ялахыг шаардаж байна. Бид утаандаа хордоод, машинтайгаа түгжрээд, бухимдаад явж байгаа. Ажилгүй, цалингүй, цалинтай нь бага мөнгө авдаг. Төрийн албан хаагчид нь хоморголон халагддаг. Цэцэрлэг олддоггүй. Утаанаасаа болоод жирэмсэн эхчүүд зулбадаг. Өвөл утаандаа хахаж цацаж, хордож, үхэж үрэгддэг нийслэлтэй болоод удлаа. Энэ улсын нийслэлийг удирдаж байсан хүмүүс бүгд албан тушаал дэвшиж, баяжсан. Улаанбаатар хотын газруудыг зарсан мөнгө хэний халаасанд оров. Бат-Үүл хотын дарга байхдаа ганцхан газрыг дуудлага худалдаагаар зарсан. Аль эртний, Сүхбаатар жанжин залуу насандаа ажиллаж байсан гэдэг л түүхтэй, бараг жорлон болсон байшинг 24 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар зарсан. Хүн авсан уу, авсан.
Тэгвэл хот орчмыг тойрсон газруудыг хотын дарга байсан хүмүүс дуудлага худалдаагаар зарсан бол яах байсан. Дахиад нэг хот байгуулчих мөнгөтэй болох байлаа. Тэр хотоо байгуулаад, ажлын байр бий болгоод, төвлөрлийг сааруулах боломж байсан. Яагаад энэ ажлыг хийсэнгүй вэ. Яагаад газар зарсан мөнгө нь бидэнд биш цөөхөн хүний халаас руу ороод байна. Өнөөдөр дагуул хот байгуулахыг дэмжихгүй байна. Богд уулынхаа өвөрт Майдар хот гээд 400 мянган хүн амьдрах шинэ хотыг байгуулахаар зүтгэж байгаа. Тэд бүх ажлыг нь гацаасан. Дагуул хот, утаа, хөгжил гээд бүхий л зүйл дээр бид ялагджээ.
Утаа ярихаар зуух шахдаг. Утаагүй түлш гэж шахдаг биз дээ. Энэ наймаа хэний халаасыг түнтийлгэдэг вэ. Эхийнхээ хэвлийд амьгүй болж, энэ хорвоог үзэж чадаагүй үрс, ээжүүдийн зовлонг ашиглаж зоос олж байгаа хүмүүсийн халаасыг л түнтийлгэдэг. Тэдний тансаглалыг тэвчээд л яваад байх уу. 80, 100 сая ам.долларын өртөг бүхий утаагүй зуух нэртэй зуухыг тэд гэр хорооллынхонд шахсан. Утаа багассан уу. Утааг багасгая гэж ярьсан, төлөвлөсөн бүх зөв төлөвлөлтийг бүгдийг нь бас зогсоосон. Доромжилсон, ял өгсөн.
Газрын баялгийг хэн ч тоолохгүй, бүртгэхгүй гадагшаа гаргаж байна. Гарч л байг уу, урсаж л байг уу. Би Сэлэнгэ аймагт очсон. Гэтэл Центурра голд гэдэг компани тэр газар нутаг дээрээс 85 тонн алтыг татваргүйгээр аваад гараад явсан байна. Гэтэл Зүүнхараа руу 34 км шороон замаар явж очиж байгаа. 85 тонн алтыг нь авсан юм бол 34 км засмал замыг нь тавиад өгчихөж болдоггүй л байсан юм байх даа. Дахиад тэд Ноён уулыг ухна гээд байж байна.
Өнөөдөр бидний талд зогсч байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч алга. 90 хувь нь нөгөө талд ажиллаж байна. Урлагийнхан хүртэл хэдэн халтар төгрөгөнд худалдагдаад явчихсан. Гэхдээ АН-ын гишүүд дэмжигчид дээр нэмэх нь ард түмэн байгаа гэдэгт би итгэлтэй байгаа шүү. Ард түмэн олон жил хулхидуулж, молигдуулсан. 2016 оны сонгуульд бид цэвэр ялагдсан. Одоо дахиж хулхидуулах уу, тусгаар тогтнолоо 50, 100 мянган төгрөгөөр алдаж болохгүй ээ. Тийм учраас би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байна. Та бүхний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байгаа. Надад биш Монгол Улсад шүү.
Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг үнэгүйдүүлж, олон жил төрд ноёрхсон 20-30 гэр бүлд бид хариуцлага тооцох цаг ирсэн. Тэднийг Монголын төрөөс үүр цэвэрлэхгүй бол хийсэн гай гамшиг цаашид үргэлжлээд, бид нэг мэдэхэд гадны дагуул улс болсон байх магадлал тун өндөр байна шүү. Гадныхан ч ингэж бичиж байна. Намайг ингээд ярихаар Хятадын эсрэг үзэлтэн байна, урд хөрштэй хилээ хаана гэж хэлж байна хэмээн мушгидаг. Бид хоёр хөрштэйгээ харилцан ашигтай ажиллах ёстой л гэж би хэлээд байгаа юм.
Монгол Улсын төрийн албыг, сайдын суудлыг тэрбум төгрөгөөр зарсан асуудал гарсан. Монголчууд доройтож, ядарч, зүдэрч болно. Гэхдээ төрийнхөө яамны сайдын суудлыг тэрбум төгрөгөөр зарах хүртэл ядраагүй гэж би бодож явдаг. Төрийн албыг зарахаар ярьж байсан нь хоёр жилийн өмнө болсон явдал. Тэд аль хэдийн сайдын суудлыг зараад, мөнгөө босгосон, сонгуульд ялсан. Өнөөдөр энэ булхайг илчилсэн залууг салаа цагдаа очиж баривчлах гэж байна. Тэр залууг хүчин, хулгай хийсэн гэж янз янзаар доромжилж байгаа. Намайг яаж доромжилдог билээ. Тэгж идэж уусан, ингэж шамшигдуулсан. Тийм ч дансаар оруулж гаргасан гэж. Ардчиллын удирдагч байсан Зоригийг яаж доромжилдог байлаа. Ардчиллыг доромжлоод дийлэхгүй болохоор нь хувь хүн рүү дайрдаг байсан. Сүүлдээ ордны цонхоор морь харсан гэж дайрч байсан ч удаатай. Энэ уламжлалт арга барилаа тэд өөрчлөөгүй байна.
Тэр залууг бүх муу муухайгаар дайрч байгаа. Түүний хийж байгаа үйлдлүүдийг харж байхад боловсролтой, ухаантай хүн шиг байна билээ. Хэрвээ би Ерөнхийлөгч болбол тэр хүнийг Монгол Улсын баатар цолоор шагнана. Харин энэ олон жил биднийг доромжилж, толгой дээр гараад суучихсан, хуульчилж хулгайлж байсан 20-30 гэр бүлийнхэнд надад өгсөн 10-15 жилийн ялыг нь өгнө гэж бодож байгаа” хэмээн хэллээ.
toimmedee.mn