Г.Баярсайхан: Бид авлига, албан тушаалын наймаа, ядуурлыг ялах ёстой

Эх сайхан орноо нар зөв тойрон, 21 аймгийн иргэд, сонгогчидтой уулзсан Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөж буй Х.Баттулга өнөөдөр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрчдөд зорилгоо хэлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. МҮЭСТО-д болсон энэхүү уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга  С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Г.Баярсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Г.Баярсайхан үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн цаг үе биднээс баатрыг нэхэж байна. Ерөөс аль ч цаг үед ард түмнийг оройлох, хөтлөх, зөв удирдах баатар хэрэгтэй байдаг. Тэгвэл тэр баатар нь манай намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга мөн гэдэгт би итгэлтэй байгаа. Өнөөдөр нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд маш хүнд цаг үе. Ийм цаг үед хөгжлийг Монголын ард түмний төлөө чиглүүлж чадах хүн бол яах аргагүй Баттулга.

Бид Монгол ялна гэсэн уриаг дэвшүүлсэн. Олон хүн надаас та нар хэнийг ялах гээд байгаа юм бэ гэж асууж байгаа. Би ялах ёстой гурван зүйлийг хэлье. Нэгдүгээрт, бид авлигыг ялах ёстой. Хоёрдугаарт, албан тушаалын наймааг ялах гэж байгаа юм. Гуравдугаарт, ядуурал, ажилгүйдлийг ялахыг зорьж байна. Үүнийг л Монгол ялна гэж хэлээд байгаа юм. Ойлгомжтой биз дээ.

Бидний өрсөлдөгч маш их хүчтэй. Тэр хүчийг нь үгээр илэрхийлэхэд ч хэцүү байна. Би энд он тоолол дурьдаж, ганц нэгхэн жишээ хэлье.  1937 онд 40 гаруй мянган монголчуудыг буудан хороосон. Тэд  2008 оны долдугаар сарын 1-нд таван сайхан залуугийн амь насыг бүрэлгэсэн. Харин одоо юу болж байгааг та бүхэн мэдэж байгаа. 2220 гаруй жилийн түүхтэй, эртний төрт ёстой улсын төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдсан байна. Монголын ард түмэн, газар шороотой нь хамт худалдчихжээ тэд. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй ээ. Энэ бол Чингис хааны бидэнд үлдээсэн, цаашид мөнх байж, Монголынхоо ард түмний төлөө үеийн үед ажиллаж байх ёстой төр.

Тэгвэл  төрийг арилжиж байгаа энэ шударга бус зүйлийг зогсоож чадах хүн бол Халтмаагийн Баттулга гэж би бодож байна. Нөгөө хоёр нь чадахгүй ээ. Хүсэхгүй. Би энэ хүнтэй хамт хоёр ч удаа парламентад хамт суусны хувьд сайн мэднэ. Хийсэн ажлаас нь цухас дурьдая. Энэ хүний хийсэн бүтээн байгуулалтыг Монголын ард түмэн байтугай дэлхий мэднэ. Цонжинболдогоос авахуулаад олон сайхан хүнсний үйлдвэрийг хөл дээр нь босгож, ажиллуулж авч явж байна. Монголын ард түмний төлөө бүтээн байгуулалт хийж, ажилладаг хүн.

Намайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байхад тэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан. Гар нийлж ажиллаж байсан, бид. Бид хамтдаа Хүнсний хуулийг баталж гаргасан. Хөдөө аж ахуйн чиглэлээр маш олон ажлыг хийсэн. Энэ хүнд Монголын төлөө гэсэн сэтгэл, цохилох зүрх байдаг юм. Би Баттулга нэр дэвшигчид хэлье. Энэ танхимд Чингэлтэй дүүргийг төлөөлж чадах ард түмэн сууж байна. Чингэлтэйн ард түмэн таныг нэгээр гаргана аа. Таньд амжилт хүсье.

Манай нэр дэвшигч АТОЗ-тэй гэрээ байгуулсан.  Хэрвээ Ерөнхийлөгч болбол оффшорт байгаа 17 тэрбум ам.долларыг Монголд буцааж авчирна. Эс чадвал би огцорно гэсэн эр зоригтой шийдвэрийг гаргасан байна. Ийм л зоригтой, зорилготой ажилладаг хүн. Энэ хүн шинэчлэгч. Монголын нийгэмд шинэчлэл юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Тиймээс нийгмийн шинэчлэлийг Халтмаагийн Баттулга хийж чадна гэдэгт би гүнээ итгэдэг. Монгол ялна аа” хэмээн хэллээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.