Д.Эрдэнэбат: Эх оронч, бүтээлч хүнийг Ерөнхийлөгч болгоё гэвэл Баттулгыг сонгоорой

Сонгуулийн сурталчилгаагаа Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өчигдөр Сэлэнгэд аян дөрөө мулталсан юм. Тодруулбал, түүний зорьж байгаа бүхнээ ярьж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан 21 дэх аймаг Сэлэнгэ байлаа. Үндсэндээ 12 хоногийн дотор 21 аймгаа нар зөв тойрч, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагт хамгийн сүүлд зочилсон нь тэр. Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь түүний иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оролцож, үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг Сэлэнгэ нутгийн ард иргэдэд уриаллаа.

Тэрбээр “Нутгийнхаа зон олныхоо энэ оройн амар амгаланг айлтгая. Баттулга бол энгийн л эр хүн. Бид түүнийг Тулгаа, Женко гэж дууддаг. Хүн хамгийнхаа дотно хүмүүсийг л ингэж авгайлдаг.  АН, Ардчилал, Баттулга гурав нэг хувь заяатай юм. Энэ хувь заяа Монгол орны Ардчиллын баталгаа. Би үүнд итгэлтэй байдаг. Ардчиллын үнэлэмж унаж байгаа энэ үед бид хамгийн хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байна. Алдах эрхгүй сонголт болчихоод байна аа, иргэд ээ. МАН-ын жилийн өмнө амалж байсан бүхнийг та бүхэн санаж байгаа. Ард түмнийхээ итгэл рүү ус цацсан юм шиг зүйл олныг хийснийг та бүхэн мэднэ. Тэд 2016 онд ямар сайхан амалж, гарч ирлээ. АН-ыг хэчнээн их бузар булайгаар нь дууаж байлаа. Ердөө ганцхан жилийн өмнө шүү дээ. Тэгэхэд Монголын ард түмэн юуг ойлгоогүй вэ. Энэ эрх баригчид дунд чинь бурхны хувцас өмссөн чөтгөрүүд олон байжээ гэдгийг л ойлгоогүй байхгүй юу. Үүнд л би их харамсаж байгаа.

Тийм ээ, тэд энэ сонгуульд ялах гэж үзэж байна. Манай нэр дэвшигчээс эхлээд АН-ыг Монгол Улсыг сүйрүүлсэн гэсэн сөрөг сурталчилгааг зогсоо зайгүй хийж байгааг бид харж буй. Хэрвээ тэдний амлалт үнэн байгаад, татвар нэмэхгүй, цалин мөнгөө өсгөсөн бол одоо итгэх байсан байж магадгүй. Харин бүх зүйл эсрэгээрээ болсон. МАН-ын амлалт тавхан сарын дотор үгүй болж. Монгол Улсын тусгаар тогтнол ганцхан жилийн дотор ОУВС гэдэг гадны байгууллагын мэдэлд орсон. 2012-2016 оны хооронд биднийг энэ улсыг сүйрүүлсэн гэж эрх баригчид сурталчилж байгаа. Бид нүүрсний үнэ үнсний дайтай үнэлэгдэж байхад хүртэл дөрвөн жилд маш их бүтээн байгуулалтыг хийж чадсан юм шүү. Би тэр эрх баригчдаас байнга асуудаг. Тийм хүнд хэцүү эдийн засагтай байх үед ам.долларын ханш 3000 төгрөг болсон бол Монголд юу болох байсан бэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэлгүй, шатахууны үнэ 3000 төгрөг болсон бол яах байсан бэ. Хэрвээ гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй байсан бол талхны үнэ 3000 төгрөг давбал юу болох байсан бэ.

Аливаа нэг асуудал заавал хариулт нэхдэг. Хэрвээ бид 80 мянган айлыг орон сууцтай болгоогүй бол. 180 мянган ажлын байрыг хадгалж үлдээгүй бол монголчууд ямар байх байсан бэ. Энэ бүхэнд хариулт өгөөдөх гэж эрх баригчдаас би нэхдэг. Хэн нь ч үүнд хариулт өгөөгүй. 

Сайхан хүмүүс гарч ирээд  л сайхан амалдаг юм. Өнөөдөр ч яг тэгж байна. Харин би манай намаас Баттулга нэр дэвшиж буйд би баяртай байгаа. Одоо байгаа байдлыг яаж өөрчлөх юм бэ гэдэг асуудлыг л тэр ярьж байна. Гагцхүү тэр өөрчлөх ажлыг хийдэг бүтээлч чанар Монголд байхгүй болчихсон. Түүнийг Тулгаа эргүүлж авчрах гэж зүтгэж байгаа. Манайхны нэг хэсэг авлигачид нь гадныхантай нийлдэг. Нөгөө хэсэг нь худлаа амлаж, популизм хийдэг. Энэ бүхэн Монголд өнөөдөр бий болчихсон юм биш. 20 жилийн өмнө бий болсон юм. Үүнийг л бид өөрчлөх, таслан зогсоох гэж хичээж байна. Энэ бүхнийг хийж чадах хүн төрийн нэг сэнтийд суух хэрэгтэй байгаа нь Баттулга юм.

АН-ын бүлэг өнөөдөр есүүлээ л байгаа. Бид МАН-ын 65-ын бүлгийн эсрэг юм хэлэхээр ямар ч үнэ цэнэгүй мэт харагдаж байна. Хязгааргүй эрх мэдэлтэй МАН-ын тэр морь хаа хамаагүй агсам тавин давхиж явна. Бидэнд юу хэрэгтэй байна гэхээр хос дөрөө л хэрэгтэй байгаа юм. Одоо бид ганцхан дөрөөтэй. Тэгвэл хос дөрөөг нь би Баттулга болоосой. Хос дөрөөтэй бол бид тэнцвэрээ амаад, энэ бүх бурууг хазаарлах юм шүү гэж би бодож байна.

Одоо цаадуул чинь ирээд та бүхэнд гоё гоё зүйлүүд их ярина. Битгий итгээрэй. Итгэл нэг л байдаг юм. Хүнд хоёр удаа итгэнэ гэж байдаггүй юм аа. Итгэл гэдэг чинь агуу юм. Би яагаад Баттулгад итгэдэг юм бэ гэдгээ хэлье. Эх оронч, эрэмгий, эцсээ хүртэл тэмцдэг чадвар нь Монгол Улсын дархлаа болно гэдэгт би итгэдэг. Үндэсний эрх ашгаа дээдэлж, их бүтээн байгуулалтуудын төлсийг анхлан санаачилагчийнх нь хувьд бүтээлч Ерөнхийлөгч байж чадна гэж итгэдэг. Гадныхны эрх ашигт хөтлөгдсөн энэ цаг үед Монголынхоо эрх ашгийг умартсан өнөө цагт түүнийг тусгаар тогтнолынхоо эзэн болж чадна гэж би итгэдэг. Бидний энэ ярьж байгаа итгэлийг бусад хүнээс та нар асуугаад үзээрэй. Адилхан л зүйл хэлэх байх.

Хүнд алдах, онох үе байж л байдаг. Гэхдээ Монгол хүн гэж, эх оронч, эрэмгий,  баялаг бүтээгч, эзэн хүн гэж хэн бэ гээд та нар бусдаасаа асуугаарай. Тэгэхэд л энэ асуултын хариулт олдоно. Тийм учраас Баттулга Ерөнхийлөгч болно. Түүнд итгэж байгаа олон мянган монголчууд байгаа” хэмээн хэлж, амжилт хүслээ.

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.