Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. 10 хоногийн хугацаанд эх орноо бүтэн тойрч, 18 аймагт ажиллаад буй тэрээр Булган аймагт ирсэн даруйдаа аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн их эмч З.Цогтгэрэл биднийг хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаа, эмч мэргэжилтнүүдтэй танилцууллаа.
Тэрбээр “Манай эмнэлгийн хувьд ажиллах хүчин, байр савны хувьд хүрэлцээтэй, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайн ч ажилтан, албан хаагчид, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал илүүтэй тулгамдаад байна. Дөнгөж төгсч ирсэн оюутнууд 400 мянган төгрөгийн цалинтай ажиллаж эхэлдэг. Тиймдээ ч амьдрах орчин, байр орон сууц гэхчлэн нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй байсаар хот бараадах нь элбэг байдаг. Тиймээс эмч, боловсон хүчнээ авч үлдэх тухайд бодлого хэрэгтэй байна” гэв.
Харин нэр дэвшигч Х.Баттулга “Миний бие Баянхонгор аймгаас гурван удаа сонгогдсон, хөдөө орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарын талаар сайн мэднэ. Ерөөсөө л ажилчдын нийгмийн асуудал. Хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан аймгуудад иргэддээ үйлчлэх, хамгийн ойр байх ёстой эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг хэрхэн авч үлдэх вэ гэх асуудал урган гардаг. 10, 15 жил ажилладаг ч цалин нэмэгддэггүй. Орон сууцанд орох боломж хомс. Үүнийг маш сайн бодлого, төлөвлөлтөөр зохицуулах хэрэгтэй. Мөн Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг оношилгооны аппарат, тоног төхөөрөмж муутай. Хараад байхад энэ төрлийн аппарат, хэрэгсэл асар хурдацтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Мэдээж энэ хөгжлийг дагах нь зөв ч манайд тухайн төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчин хомс байна. Ер нь тэгээд эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг тангараг өргөсөн гэдгээр нь цалин мөнгийг нь ч нэмдэггүй, нийгмийн асуудалд нь ч анхаарахгүй байсаар өдий хүрч. Тиймдээ ч эрүүл мэндийн салбарыг хоцрогдсон салбар гэх болж. Миний мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлыг цогцоор шийдэх, эх орондоо оношлуулдаг, эмчлүүлдэг цаашлаад эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудлыг бүрэн шийдэх төсөл хөтөлбөр, бодлогын чанартай санаа шийдлүүд тусгагдсан байгаа” гэв.
Тус эмнэлгийн тухайд компьютер, томографийн аппараттай болох нь нэн тэргүүний асуудал бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд оношилгоо, шинжилгээ хийх нөөц боломж хомс байгаа аж.
Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай танилцсан нэр дэвшигч Х.Баттулга Чин ван Ханддоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дээр аймгийн худалдааны төвөөр орж иргэдтэй уулзсан юм. Энэ үеэр Булган аймгийн Орхон сумын гуравдугаар багийн малчин А.Гантөмөр тэргүүтэй Булган аймгийн Морин спорт, уяачдын холбооны гишүүд нэр дэвшигч Х.Баттулгад хурдан удмын азарга бэлэглэлээ. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Булган аймгийн Спортын ордонд иргэдтэй уулзаж байна.
toimmedee.mn