Увс аймгийн 4 талт түншлэлийн зөвлөл “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн 2-р үе шатын хаалт

Увс аймгийн 4 талт түншлэлийн зөвлөл “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн 2-р үе шатын хаалтын арга хэмжээнд оролцлоо.
2015- 2017 онд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл” төслийг Увс, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад амжилттай хэрэгжүүллээ.
Герман Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн 1-р үе шатыг Монгол улсад анх 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба 2014 оны 8-р сараас хөтөлбөрийн 2-р үе шатыг эхлүүлж уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа 3 аймгийг сонгон “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн зорилго нь уул уурхайн бүс нутагт орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах 4 тал болох төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн компаниудын хооронд харилцан хамтын ажиллагааны 4 талт түншлэлийг хөгжүүлэх явдал юм.
Увс аймгийг төслийн зорилтот аймгаар сонгох болсон шалтгаан нь эрдэс баялгийн их нөөц баялагтай, лиценз эзэмшигч ихтэй боловч уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд цөөхөн байсан учир “Хариуцлагатай уул уурхай”-г анхнаас нь хөгжүүлэх боломжтой бүс нутаг гэж үзсэн.
2015 оны 1 сард Увс аймагт төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснээс хойш 2017 оны 6 сар хүртэл төслийн зорилтот 4 талын чадавхийг бэхжүүлэх зорилгоор 70 гаруй төрлийн цуврал сургалтуудыг төслийн зөвлөх байгууллагуудаар дамжуулан хүргэж, сургалтууд нь давхардсан тоогоор 4 талын 2000 гаруй төлөөллүүдэд хүрсэн байна. Сургалтуудаас гадна төслийн хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах ISO 9001 стандартыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ, төрийн захиргааны бага хурал, форумууд болон гадаад, дотоодод туршлага судлах сургалт аялалуудад төлөөллүүдийг хамруулсан. 2017 оны хэрэгжүүлсэн ажлуудаас цухас дурдвал 2017 оны Увс аймгийн уул уурхайн зөвлөгөөн, сумын өдөрлөг хамтран зохион байгуулах, аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээлийн танилцуулга катологи гаргаж, 4 талт түншлэлийн хамтран хэрэгжүүлж буй “Баруун Монголын соёлын өвийг сурталчилсан ГЭР аялал жуулчлалын мэдээллийн төв” төслийг хэрэгжүүлэхэд санхүү, арга зүйн туслалцаа үзүүлж байна.
Сайн мэдээ нь “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн 3-р үе шат 2017-2020 онд сунгагдан хэрэгжих шийдвэрийг ГОУХАН-ээс гаргасан ба 3-р шат эхлэхэд “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл ч мөн адил үргэлжлэн Увс аймагт хэрэгжих юм.
Ирэх 3 жилд “ОНЦХ-Түншлэл” төслийн хүрээнд сонгогдсон 3 аймгийн түншлэлийн хүрээнд аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах 1. Тулхтай хөдөө, аж ахуй 2. Тогтвортой аялал жуулчлал 3. Хариуцлагатай уул уурхай гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.