УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Х.Баттулгын сонгогчидтой уулзах уулзалтад оролцож Ховд аймагт хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сайн байцгаана уу, ховдчууд аа. Би та бүхэнд нэг л зүйлийг хэлэх гэж ирсэн. Эх орноо гэж боддог, төрөө дээдэлдэг бүх хүнд ганцхан үгийг хүргэх гэж энд ирлээ. Бидний цайнынхаа дээжийг өргөдөг төр МАН-ынхны гараар юу болж хувирчихаад байгааг үнэнээр нь хэлэх гэж ирлээ.
МАН-ынхан энэ бүхнийг маш их няцааж, нууж байна. Ийм зүйл огт болоогүй, АН-ынхан зохиож байгаа гэж ярьж байгаа боловч бодит үнэн учраас өдрөөс өдөрт мэдээлэл нь нэмэгдэж гарсаар л. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр, төрийг “мөчилж”, салаа мөчир болгоныг нь авлигын, арилжааны хэрэгсэл болгон худалдсан 60 тэрбумын хэрэг гэж юу болохыг ярих гэсэн юм. Энэ бол Монгол Улсын төлөө гэсэн сэтгэлтэй жирийн нэгэн иргэний гаргаж тавьсан баримт. Тэр баримтуудыг манай нэр дэвшигч Халтмаагийн Баттулга үзээд, тэвчиж болшгүй хэрэг хэмээн үзэж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ТЕГ-т хэргийн материалуудыг өгсөн.
МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа М.Энхбол, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, бизнесмэн А.Ганбаатар нар хамтдаа суугаад, 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр 12 цагаас 13:30 цаг хүртэл 90 минут ярилцсан байгаа юм. Тэд яаж авлигын сүлжээ бий болгож, мөнгө босгох вэ гэдгийг ярилцсан. Энэ сүлжээндээ Монгол Улсын төрийн албаны бүх албан тушаалыг оруулсан. Жишээлбэл, төрийн сайдын суудлыг тэрбум , дэд сайдын суудлыг 300 саяар, Төрийн нарийн бичгийн даргын суудлыг 800 сая төгрөгөөр худалдахаар оруулсан. Бүр ахлах мэргэжилтний албан тушаалыг 10 сая төгрөгөөр зарна гэж ярьсан. Энэ бол эцэг өвгөдийн бидэнд бүтнээр нь үлдээсэн төрийг мөчлөн худалдаж байна гэсэн үг. Монгол Улсын төрийн албыг тэр чигээр нь авлигын сүлжээ болгохоор ярьсан байгаа юм.
Батлан хамгаалах, цэргийн 50 албан тушаалтан МАН-д худалдагдах ёстой гэнэ ээ. Татвар, гаалийн чиглэлээр 775 албан хаагч худалдагдах ёстой гэсэн сүлжээг байгуулчихсан. Гаалийнхан худалдагдаад ирэхээр юу болдог вэ гэдгийг ард түмэн сайн мэднэ. Гаалиар гарах ёсгүй юм гарч, орох ёсгүй зүйл ордог.
Гэх мэтээр бүх албыг худалдсан мөртлөө түүнийгээ эвлүүлэг хэмээн зүтгэж байгаа. Гэвч өнөөдөр илүү олон баримт дэлгэгдэж, МАН-ынхан үнэнд гүйцэгдэж эхэллээ. 60 тэрбумын хэрэг үнэн гэдэг нь батлагдаж байна. Одоо ганцхан хууль, хяналтын байгууллагынхан л зөв шударга ажиллаасай билээ. Энэ бүх хууль бус зүйлийг зогсоох цаг болсон. Ховдынхон цусаараа, генээрээ, үе удмаараа эх орныхоо төлөө цохилох зүрхтэй явдаг хүмүүс. Тиймээс та бүхэн эх оронч Ерөнхийлөгчийг сонгоорой хэмээн уриалж байна” хэмээн хэллээ.
toimmedee.mn