Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга төрөлх нутаг Баянхонгор аймагтаа ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Энэ сарын 6-наас эхлүүлсэн түүний сурталчилгааны ажил арав дахь аймагтаа үргэлжилж буй нь энэ. Хонгор нутгийн зон олныхоо итгэлийг гурвантаа хүлээж, 2004-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр гурван удаа, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажилласан тэрээр тойрогтоо хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн нэгэн билээ. ЗТБХБ-ын сайд байх хугацаандаа Өвөрхангай-Баянхонгор аймгийг автозамаар холбосон, Баянлиг, Бууцагаан сумдыг “Шинэ сум”-тай болгосон, Баянхонгор аймаг дахь Баруун бүсийн худалдааны төвийг ашиглалтад оруулсан, аймгийн төвийн болон, аймаг тойрсон хатуу хучилттай автозам тавьсан гээд түүний санаачлан сэдэж, бодит ажил хэрэг болгосон зүйлийг дурдаад дуусахгүй. Хамгийн гол нь баянхонгорчуудад монгол хүн хийж бүтээж, хөгжиж дэвжиж, нутаг орондоо сайхан амьдарч болдгийг харуулж, итгэл урам өгч чадсан нь түүний хамгийн том гавьяа билээ. Тиймдээ ч нэр дэвшигч Х.Баттулгыг нутгийн зон олон нь хүндлэл дүүрэн хүлээн авсан юм. Биднийг Баянхонгор аймагт ирэх үеэр аймгийн төвийн гол зам дагуу дараалан зогссон дэмжигч олны цуваа гурван км гаруй үргэлжилж байсан юм. Ийнхүү нутгийн олон нь хүндэтгэл дүүрэн хүлээж авсны дараа нэр дэвшигч Х.Баттулга Монгол Улсын Баатар Норпилын Жамбаа агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм. Үүний дараа иргэд, сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга шахам хүнийг цуглуулсан эл уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, аймгийн Ардчилсан намын дарга Д.Ширмэн, Баян-Овоо сумын уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Иргэдийн зүгээс нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой элдэв гүжир гүтгэлэг, доромжлолыг огтхон ч тоохгүй, нутгийн хүүдээ итгэлтөгс байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Нэр дэвшигч Хонгор нутгийн унаган хүү Х.Баттулга уулзалтын индэр дээрээс Баянхонгорын ард түмэнд чин сэтгэлийн гүнээс талархаж явдгаа дахин дахин илэрхийллээ. Улс төрд өдий хүртэл амжилттай ажиллахад нь, өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвшиж байгаа нь ч түүнийг дэмжиж, хамтран ажиллаж, хамтдаа бүтээж ирсэн нутгийн зон олных нь дэмжлэг гэдгийг онцлон хэлсэн юм.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс хэлсэн санал сэтгэгдлээс онцоллоо.
Г.Цэрэндорж: Хэлсэн шигээ хийдэг Ерөнхийлөгчтэй болмоор байна
Ахмад зураач, МоАХ-ны анхдагч
МоАХ-ны мянга мянган ахмадуудыг төлөөлж, Монголын 600 гаруй зураач, урчуудыг төлөөлж энд үг хэлж байгаадаа баяртай байна. Өнөөдөр баянхонгорчуудын хувьд найман зууны турш түүхэнд тохиогоогүй үйл явдал болж байна. Энэ юу вэ гэвэл манай нутгаас төрж гарсан эх оронч, ажилсаг, чин шударга хүү төрийн тэргүүнд нэр дэвшиж байна. Миний зүгээс энэ бол алдаж болохгүй алтан боломж гэж үзэж байна. Өөрсдийгөө боловсролтой гэж ойлгодог зарим нэг хүн Баттулгыг боловсролгүй хэмээх хар пи-ар-аар нүдэж байна. Бүх зураачдыг боловсролгүй хүмүүс гэх нь үү. Би харин нэг зүйлд их баяртай байгаа, Баттулга өдий хүртэл диплом энэ тэр гэж баахан хоосон хавтас цуглуулаагүйг нь байгаагаараа байгааг нь зөв гэж хэлнэ. Боловсролын талаар ярьж байгаа, харлуулах гэж зүтгэж байгаа тэр хүмүүс үнэхээр их төөрөгдөж байна. Мэдлэг, боловсролтой, дипломтой ч зүрх сэтгэлгүй хүнээр яах юм бэ. УИХ-д нэг тойргоос гурав, дөрөв дэвшсэн, нутаг орондоо юу ч хийж бүтээгээгүй хүн өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд ч явж байна.
Бид хийгүй Ерөнхийлөгчтэй байж үзсэн, хээгүй Ерөнхийлөгчтэй байж үзсэн, хийтэй Ерөнхийлөгчтэй байж үзсэн, хэлдэг Ерөнхийлөгчтэй байгаа одоо хийдэг Ерөнхийлөгчтэй болно.
Д.Сосорбарам: Шүүх, цагдаа, прокурорын байгууллагыг хараат бус ажиллах нөхцөлөөр хангаж чадах хүн
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн
Юуны өмнө хонгорчууд та бүхэндээ ганцхан зүйл захиж хэлье. Баянхонгорт олон янзын нам, үзэл санаа, байр суурь, шашин шүтлэг байгаа биз ээ. Энэ удаад Монголын төрийн тэргүүнд нутгийнхаа хүүг олон тийш харалгүйгээр ерөөсөө Баянхонгор гэж ганцхан нам болоод саналаа өгчихөөрэй л гэж хүсье. Би хувьдаа Баттулгын хэлж буйд бүрэн дүүрэн итгэдэг. Үнэхээр ч гурван саяулаа сайхан байхын эсрэг 30-аад гэр бүл л байна шүү дээ. Дээрэмчин, тонуулчдын үйлдэл эцэстээ ил цагаандаа гарлаа шүү дээ. Гадаад дансанд мөнгө нуучихаад төрд суусаар байгаа нь ч бий. Төрийн өмчит компанид өчнөөн тэрбум төгрөгийн шахаа хийчихээд “унцгүй” гэх нь ч бий. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ... Бидэнд эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэл дутаад байгаа бус уу. Эх орондоо хайртай хүн ийм зүйлийг тэсч тэвчээд сууж байх уу. Баттулга үүний эсрэг ганцаараа тэмцсээр ирсэн. Цаашдаа ч тэмцэх чадалтай, чадвартай, сэтгэл зүрхтэй хүн. Гагцхүү ард түмэн нь жаахан дэмжээд өгмөөр байна. Дээр нь шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудыг хараат бус, хууль эрхзүйн нөхцөлийг нь бүрдүүлж чадна гэж харж байгаа. Эзний алба ээлжтэй гэдэг. Эргээд буухгүй юм шиг, унахгүй юм шиг төрийн өндөр дээд алба тушаал хашиж байхдаа эдгээр байгууллагуудыг эрх ашгийнхаа хүрээнд утсан хүүхэлдэй шиг удирдан чиглүүлж буй хүн олон. Эцэст нь гэм зэмгүй мянга мянган хүнийг хэлмэгдүүлж, хяхаж хавчиж байна. Нотлогдоогүй хэргийн төлөө ял зэм оноодог, зовоодог, байнгын дарамтад яруулдаг байдал ганц, хоёрхон хүний гараар хийгдэж байна. Энэ хүн эл бусармаг байдлыг өөрөө амсч байгаа учраас шүүх, цагдаа, прокурорыг хараат бусаар ажиллах нөхцөл боломжоор хангахыг гол болгож байгаа.
Ц.Оюунгэрэл: Төрсөн нутагтаа төдийлэн юм хийж амжаагүй, сургууль төгсөж амжаагүй залууг явуулж
УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд асан
Сосорбарам ах хэлж байна. “Улс төр гэдэг их зальтай” гэж. Улстөрчид ялах магадлалтай хүний саналыг яаж хуваах вэ гэдэг уран аргыг янз бүрээр сэтгээд хамгийн их ялах магадлалтай, төрсөн нутагт нь төдийлэн юм хийж амжаагүй, сургууль төгсч амжаагүй залууг явуулчихжээ. Тиймээс тэр хүнд нь жаахан юм хийж бүтээчихээд, сурчихаад хүрээд ир гээд буцаана байх аа. Би бодохдоо Баянхонгорын ард түмэн маш их хөдөлмөрч ард түмэн гэж боддог. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг ард түмэн болохоор хэн хийж бүтээсэнд нь, хэн хэлсэндээ хүрдэгт нь, хэн бага ярьж их хийдэгт нь саналаа өгөөрэй гэж уриалъя. Баттулга гэж хүний энэ нутаг оронд хийж бүтээсэн зүйлийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Олон зүйл нуршаад яахав. Нэр дэвшигч Баттулга Баянхонгортоо бусад аймгаас хол илүү ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа шүү. Монголчууд тэр аяараа баянхонгорчуудыг харж байгаа. Өнөөдөр Монголын төр ганхаж байна. Ийм эгзэгтэй үед баянхонгорчууд төрөө, төрүүлж гаргасан хүүгээ тулаад босгоод ирнэ гэдэг итгэлтэй байна.
Т.Бат-Очир: Энэ их гүжир гүтгэлгийг тэсээд явна гэдэг асах их ухаан
Баянхонгор аймгийн иргэн
Та бүхэн харж байгаа байх аа. Олон нийтийн сүлжээ, хэвлэлүүдээр явж буй Баттулга гэгч хүнийг харлуулах гэсэн элдэв гүжир гүтгэлэг мэдээллийг. Ганхуяг гэж хүн нэр дэвшигч Баттулгыг оффшор данстай гэж саяхнаас илт гүтгэн гүжирдэх боллоо. Үнэхээр л оффшор данстай байсан юм бол гадаадын 100 гаруй орны сэтгүүлч, хэвлэлийнхний хамтарсан тэр том эрэн сурвалжлах сэтгүүлзүйн баг яагаад Баттулга гэж хүний нэрийг зарлаагүй юм. Нэр дэвшигч маань өөрөө ч хэлсэн. “Ганхуяг аа, надад оффшор данс байдаг юм бол бүх мөнгийг нь чи аваарай” гэж. Хэнтий аймагт хийсэн сонгуулийн сурталчилгааны нээлтийнхээ үеэр АТОЗ буюу Ард түмний онц зөвлөл гэх байгууллагатай Ерөнхийлөгч болохоороо оффшор бүс дэх мөнгийг татаж авчирна хэмээн гарын үсэг зурсан. Энэ үйлдэл нь гадаад дансанд мөнгө нуусан улстөрчдөд нэгийг бодогдуулсан болов уу. Энэ мэт үй түмэн гүжир гүтгэлгийг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг уужуу амгалан байна гэдэг асар их сэтгэлийн тэнхээ, ухаан шаардсан зүйл. Та бүхэн мэднэ. Нэр дэвшигч Баттулга Хэнтий аймгаас эхэлсэн сурталчилгааны ажлынхаа хүрээнд арав дахь аймагтаа зочлон ирээд байна. Бид бүгд л харж байгаа. Энэ их стресс, гүжир гүтгэлэг, элдэв дарамт шахалтын дундуур өглөө эртлэн босоод л гүйж байгаа харагддаг. Шадар сайд Хүрэлсүх ч хэлж байсан. “Өөрийгөө өргөж дийлэхгүй хүн улс төр яриад яах вэ” гэж. Тиймээ, энэ үнэн. Японд гүзээтэй хүнийг даргаар тавьдаггүй хатуу чанга жишиг тогтсон байдаг. Учир нь, өөрийгөө өөрчилж, өөхнөөсөө салж чадаагүй хүн ард олныг асуудлаас нь ангижруулж чадахгүй гэж үздэг. Хараад байхад цүдгэр гэдсээ татаж чадахгүй хэвтэж хүн гүжирдэж суудаг нь олон юм.
Ардчилсан намын сонгуулийн төв штаб
toimmedee.mn