З.Энхболд Өвөрхангайнхантай уулзаж, Х.Баттулгыг сонгох шалтгаануудыг тайлбарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын нутаг Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын дарга асан З.Энхболд, Өвөрхангай аймгийн АН-ын дарга Л.Энхбат, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нарын албаны болон олны танил эрхмүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд  Өвөрхангай аймгийн АН-ын дарга Л.Энхбат үг хэлж, өврийн сайхан хангай нутгийнхаа иргэд, сонгогчдод эх оронч нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж, Өвөрхангай аймгийн иргэдийг АН-аас нэр дэвшигчийг дэмжихийг уриаллаа. Түүний дараа УИХ-ын дарга асан З.Энхболд төрөлх нутгийнхаа иргэдэд хандаж үг хэлж, Х.Баттулга нэр дэвшигчийн талаар өөрийнхөө бодлыг нутгийн олондоо дуулгав.

Тэрбээр “Намайг үргэлж дэмжиж байсан өвөрхангайчууддаа баярлаж явдаг шүү. Гурван нэр дэвшигчийг гурвууланг нь сайн, Ерөнхийлөгч болж чадна гэж намууд нь итгэл хүлээлгэсэн байх. Энэ дундаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд болсон алдаа завхралыг засаад явж чадах хүн бол Халтмаагийн Баттулга. Яагаад вэ гэдгийг хэдэн жишээгээр тайлбарлая. Яг жилийн өмнө зургадугаар сард УИХ-ын сонгууль болсон, АН ялагдсан. АН алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг болж, Баттулга нэр дэвшигчийг хүртэл нийт гишүүдээсээ сонгосон. Нөгөө хоёр нэр дэвшигчийг бол цөөн хэдхэн дарга нараараа шийддэг хуучин аргаар тодруулсан юм билээ. Бид УИХ-ын сонгуульд яагаад ялагдчихав гээд дүгнэлт хийгээд явж байтал саяхан тодорхой болсон.

Монгол Улсын төрийн албыг 60 тэрбумаар зарсан нь ил болсон. Намайг УИХ-ын дарга байхад сургуулийн захирал багш ажилд авахдаа сая төгрөгийн авлига аваад шоронд суусан. Гэтэл 22 мянган төрийн албан хаагчийг хууль бусаар халаад, албан тушаалыг нь зараад, тэр мөнгөө сонгуульд зарцуулсан нам төрийг удирдаад л явж байна. Хуулийн байгууллагынхан нүдээ аниад сууж байгаа. Хуулийн байгууллага нь ийм гэмт хэргийг илрүүлдэг болохын тулд Халтмаагийн Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болох хэрэгтэй байна. Нөгөө хоёр энэ ажлыг хийхгүй ээ. Тийм учраас Баттулгыг сонгоцгооё гэж уриалъя.

Та бүхэн эндээс гараад, нэг хуудас цаас аваад, жилийн өмнө юу байсан. Одоо юу байна гэдгийг харьцуулаад бичээд үзээрэй. Жилийн өмнө монголчууд бүгдээрээ хүүхдийн мөнгө авдаг байсан. Өнөөдөр талаас илүү нь алга болсон. Оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг байлаа. Одоо ганц ч төгрөг байхгүй. Жилийн өмнө тэтгэврийн нас 55, 60 байсан. Өнөөдөр 65 болох гэж байна.  Тэтгэврийн нас баригддаггүй амьтан шиг зугтааж байгаа.

Жилийн өмнө сайн малчин 10 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Одоо 20, 30 хувийн хүүтэй болсон. Ердөө л жилийн өмнө шаардлага хангасан иргэн 5 хувийн ипотекийн зээл авдаг байсан. 8 хувь бол нийслэлд, орон нутагт 5 хувь шүү дээ. Гэтэл одоо байхгүй болсон. Жилийн өмнө ам.долларын ханш хэдэн төгрөг байсан билээ. 2000 төгрөг байлаа. Гэтэл одоо 2400 төгрөг байна. Ам.долларын ханш өсөх нь тодорхой байсан. Яагаад гэвэл манай улсын экспортын бүтээгдэхүүний үнэ биднийг Засаг удирдаж байхад унасан. Гэхдээ л бид ам.долларын ханшийг удирдлагатай унагаж байсан. АН засаг барьж байсан дөрвөн жилд ам.долларын ханш 500 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл АН Засгийн эрх авснаас хойш дөрвөн хоногт 500 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг та бүхэн мэднэ.

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг МАН-ынхан дөрвөн жил шүүмжилсэн. Нэг хүн 15 сая төгрөгийн өрөнд орж байгаа гэж гүтгэсэн. Гэтэл одоо тэд өөрсдөө 5.5 тэрбум ам.долларын зээлийг ОУВС, Хятад, Японы Засгийн газраас авах гэж байна. 5.5 тэрбум ам.долларын зээлийг МАН-ын аргачлалаар тооцож үзвэл нэг хүнд оногдох өр 40 сая гэсэн үг. Тэд жилийн өмнө бид нэг ч зээл авахгүй, АН-ын авсан замбараагүй зээлийг төлж дуусгана гэж байсан. Төлж байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ илүү өндөр хүүтэй зээл авч. Зээлийг дахин өр тавьж дарахыг зээл төлсөн гэж хэлэхгүй шүү дээ.

Жилийн өмнө зам, барилга баригдаж байсан. Дөрвөн жилд бид 3000 км засмал зам тавьсан. Зам, барилгыг монгол ажилчид барьдаг байсан. Өнөөдөр зам, барилгын ажил бараг л хийгдэхгүй байна. Цаашид энэ мэт бүтээн байгуулалт хийвэл Хятад ажилчид ажиллах нь. Яагаад гэвэл   зээлийг Хятадаас авч байгаа учраас. Бид зээлийг Олон улсын санхүүгийн зах зээлээс авдаг байсан. Тийм учраас Хятадын ажиллах хүчийг ажилд авахгүй байх эрхтэй байлаа. Харин өнөөдөр Монголын эдийн засаг, мөнгөний бодлогыг ОУВС удирдаж байна. Тусгаар тогтнолоо алдсан гэж манай намын дарга хэлсэн. Тэгвэл түүний тайлбар нь энэ юм.

АН-ын үед Монголын эдийн засаг, мөнгөний бодлогыг Ардчилсан нам л удирддаг байсан. Тийм учраас бид малчдаа 10, байр авах гэж буй хүнд 5 хувийн зээл өгч чаддаг байлаа. Хүүхдийн мөнгөө ч өгч чадаж байсан. Нэг ч татвар нэмээгүй. Гэтэл МАН-ынхан долоон төрлийн татвар нэмсэн. Тэр дундаа приусны татварыг нэмлээ. Гэхдээ эхлээд нэмсэн, дараа нь буцаалаа гэж байна.  Бидний үед ийм зүйл байгаагүй. Энэ мэт бодлогын ялгааг та бүхэн дүгнэж үзээд, Баттулгыг сонгох байх гэдэгт итгэж байна” хэмээн хэллээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.