Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийн иргэдтэй уулзах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын уулзалт Сайншанд хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн уулзалтыг нээж АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн. Түүний дараа "Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл, Олимпийн наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар үг хэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг Дорноговьчуудад уриаллаа.
Тэрбээр “Догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутгийн ард түмэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Х.Баттулгыг дэмжиж байгаа юм. Энэ хүн хэн бэ гэдгийг хүн чанар, мөн чанарынх нь хувьд би хэлье. Тэр бол монгол төрийн хүн. УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож ажилласан туршлагатай төрийн түшээ. Миний хувьд бол хүндэлж явдаг хүний нэг, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, аавын минь оронд аав болж, ахын минь оронд ах болж, үлгэрлэж явдаг хүн.
Энэ хүн эгэл жирийн амьдралаас босч, тэмцэж, гарч ирсэн хүн. Мөн Монголын олон шилдэг тамирчдыг дэлхийд гаргасан. Монгол түмний 44 жил хүлээсэн Олимпийн алтан медалийг хүртсэн Н.Түвшинбаярыг хөтөлж, бэлтгэж, араас түлхэж өгсөн хүн бол яах аргагүй Х.Баттулга нэр дэвшигч юм аа. Тэр бол Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, хийж бүтээх чадвартай хүн. Үүнээс илүү том боловсрол гэж байхгүй ээ. Тийм болохоор Монгол Улсынхаа төлөө цохилох зүрхтэй энэ хүн эх оронч Ерөнхийлөгч болж чадна гэдэг би эргэлзэхгүй байгаа. Дорноговьчууд та бүхнийг эх оронч Ерөнхийлөгчөө дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа ялна, Монгол ялна аа” хэмээн хэллээ.
toimmedee.mn