МАН Төрийн эрхийг хууль бусаар авахаар ярилцаж буй нууц бичлэгийг шалгуулахаар Ерөнхийлөгч болон Дээд шүүх, ЦЕГ, АТГ, УЕП, ТЕГ-ын дарга нарт хандлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдлагууд 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хэрхэн хууль бусаар авах тухай, сонгуулийн санал хураалтын хар машиныг хакердах , мөн цахим орчинд хэрхэн нөлөөлсөн тухай нууц бичлэгийн нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдрийн хурлаар бүлэг нийт 90 минутын бичлэгийг нотлох баримтуудын хамт холбогдох хууль хяналтын байгууллагуудад буюу Монгол Улсын Ерөхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдоржид болон Улсын Дээд, Шүүх, ЦЕГ, АТГ, УЕП, ТЕГ-ын дарга нарт хандахаар шийдвэрлэлээ.
Д.Эрдэнэбат: Төрийн эрхийг барьж байгаа улстөрийн том хүчний удирдлагуудын хамгийн увайгүй үйлдлүүдийг илчиллээ
МАН-ынхан төрийн эрхийг сонгуулиар хууль бусаар авах төлөвлөгөө бүхий бичлэгийн асуудал яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Нэг талаасаа энэ нь хэдхэн хүний яриа боловч нөгөө талаасаа Монгол Улсын төрийн эрхийг барьж байгаа улстөрийн том хүчний удирдлагуудын хамгийн увайгүй үйлдлүүдийг нэгийг нь илчилж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдоржид Монгол Улсын тусгаар тогтгол үндсэний аюулгүй байдал, иргэдийн тайван амгалан амьдрахад маш ноцтой заналхийлж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор Үндсэний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагууддаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, арга хэмжээ авахыг хүссэн бичиг хүргүүлж байгаагаа дуулгав.
Мөн ТЕГ, АТГ, УЕП, ЦЕГ-ын дарга нарт МАН-ын дарга болон нэр бүхий гишүүд гадаад улсын байгууллагад Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг амлах, төрийн албыг худалдах замаар мөнгө босгосон, угаасан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан байж болзошгүй маш ноцтой гэмт хэргийн нотлох баримтыг албан ёсоор хүргүүлж байгаа. Түүнчлэн Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж байгаа аж. Учир нь 90 минутын бичлэгт МАН нь төрийн сонгуульд цэрэгжсэн зохион байгуулалттайгаар орж ялах тухай яриа нотлох баримтаар бичигдсэн байна. Энэ нь Улс төрийн намуудын тухай хуулийн Монгол Улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг хүч түрэмгийлэх, цэрэгжсэн фашист намын хэлбэрт шилжсэн гэж үзсэн учраас хянаж, шийдвэр гаргаж олон нийтэд мэдээллэхийг хүсч буйгаа илэрхийллээ.
Ж.Батзандан: 90 минутын бичлэгийг олон улсын төвшинд шалгуулна
Мэдээлэлтэй холбоотойгоор сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-"60 тэрбумын" бичлэгтэй холбоотойгоор өмнө нь Ардчилсан намаас хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Одоо дахин хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм байна. Та бүхэн хэр итгэл үнэмшилтэй байгаа вэ. Дахиад л "эвлүүлэг байна" гэдэг дүгнэлт гарвал яах вэ?
Ж.Батзандан: Өнгөрсөн оны зургадугаар сард 10 минутын бичлэг гарч ирсэн. Энэ бичлэгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллгын шалгаж үзээд, "эвлүүлэг биш байна" гэдэг дүгнэлт гаргасан байдаг. Харин тун удалгүй сонгуулийн дараа "эвлүүлэг байна" гэдэг дүгнэлтийг эрх баригч нам гаргаж тараасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, "эвлүүлэг байна" гэдэг эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргаагүй. Харин ийм дүгнэлт гаргасан мэтээр эрх баригч нам ярьж худал мэдээлэл тараасан. Тэгэхээр эцсийн шийдвэр бол Монгол Улсын дотоодын шүүх шинжилгээний байгууллага тогтоохоос гадна Олон Улсын шүүх шинжилгээний байгууллагын холбоо зэрэг байгууллагуудаар бид шалгуулж, дүгнэлт гаргуулах ёстой. Учир нь 90 минутын бичлэг дотор Олон Улсын маш олон том компаниудын нэр хүндтэй холбоотой асуудал байгаа. Тухайлбал, Facebook, Twitter, viber, whatsapp, wechat гэх мэт мэдээллийн технологийн том компаниудын технологид халдах, хувь хүний нууцад халдах, хакердах тухай яриа байгаа. Тиймээс 90 минутын бичлэгийг олон улсын төвшинд шалгуулна. Дээрээс нь энэхүү 90 минутын бичлэг анх удаагаа бүрэг эрхээрээ сая гарч ирсэн. "Д" гэдэг залуу ардчилсан намд албан ёсоор хандсан. Энэхүү гэрчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд дорвитой арга хэмжээ аваач гэдэг хүсэлтийг цагдаагийн байгууллагад хандаж байгаа. Бид урьдчилсан байдлаар шинжилгээнүүдийгхийлгүүлж, мэдээллийн технологийн комданиуд, мэргэжлийн хүмүүстэй уулзаж байна. Тэд "90 минутын буюу ийм том хэмжээний бичлэгийг хуурамчаар хийж, эвлүүлэх ямар ч боломж байхгүй" гэдгийг хэлж байна.
-90 минутын бичлэгийг хурамчаар хийх боломжгүй гэлээ. Үнэхээр "үнэн" гэдэг нь тогтоогчихвол МАН болоод бичлэг дээр ярилцаж байгаа МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар нарт ямар хариуцлага тооцох бол. Хуулийн хариуцлага хүлээлгэх боломж байгаа юу?
Ж.Батзандан: Олон хуулийг зөрчиж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно гэдэг заалт байгаа. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг, хуйвалдаан зохион байгуулахыг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглож, энэ үйлдэлд ял оноож байгаа. Буруутай нь тогтоогдвол 20 хүртэлх жилийн ялтай байдаг.
toimmedee.mn