Үндэсний баяр наадмын өмнөх "Насны хишиг”-ийг ирэх зургаадугаар сарын 25-наас олгохоор ажиллаж байгаа аж. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа "Насны хишиг” олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Засгийн газраас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар батлуулж, холбогдох журмыг нь баталсан билээ. Ингэснээр 65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа "Насны хишиг” олгохоор болсон. Энэ онд ахмад настны "Насны хишиг” олгоход зориулж 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 9.5 тэрбумыг Сар шиний баяраас өмнө буюу хоёрдугаар сарын 20-ноос эхэлж ахмадуудад олгосон. Энэ онд нийт 122 мянган ахмадад "Насны хишиг” олгох тооцоо гарчээ. Ахмадууд 65-69 настай бол 50, 70-79 настай бол 80, 80-89 настай бол 150, хэрэв 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөгийн "Насны хишиг” авах юм.
toimmedee.mn