УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн дүгнэлтэд үндэслэн хариуцлага тооцох УИХ-ын тогтоолын төсөл гаргахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжээд байгаа билээ.
Уг шалгалтын дүгнэлтийн зарим хэсгийг олон нийтэд ил болгож эхэлсэн даруйд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай холбоотой сөрөг мэдээлэл гарч эхэлсэн. Тодруулбал, уг дүгнэлтийг УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавын удирдаж байсан компаниудын авсан их хэмжээний хөнгөлөлттэй зээл, өрийг хассан тухай нэр бүхий сайтууд мэдээлж эхэлсэн. Тэр ч байтугай энэ талаар өөрөөс нь тодруулга авах гэтэл өгсөнгүй гэх утга бүхий мэдээлэл ч гарсан.
Үүнд, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Энэ асуудал бол өмнөх Монголбанкны буруутай үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийг мушгиж тайлбарлан гүтгэж байна. Эдийн засгийн байнгын хорооны Монголбанкинд ажилласан энэ удаагийн ажлын хэсгийн үр дүнтэй энэ асуудал огт холбогдолгүй. Дүгнэлтэд нь ч байхгүй.
Монголбанк 15 жилийн өмнө уул уурхайн компаниудтай алтны арилжаа хэлцэл хийж байсан үеийн маргаантай асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс зарим компаниудыг шүүхэд өгч, энэ асуудал нь 10 гаруй жил маргаантай яваад компаниудын зөв болж гарч ирсэн. Яагаад гэвэл, Монголбанкны үйл ажиллагааны буруугаас болж гарсан зарим нэг торгуулийг тухайн үедээ хамтарч ажиллаж байсан, олон улсын зах зээл дээр алтыг нь барьцаалаад арилжаа хийж байсан тэр компаниуд дээр хувааж тавьснаас үүдэлтэй маргаан байдаг. Яагаад 15 жилийн турш маргалдсан бэ гэхээр сөрөг маргаан гаргах эрх нь аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Авлага нэхэгч Монголбанкны зүгээс үүнийг шүүхэд өгөхгүй явсаар байгаад 10 гаруй жил болгосон асуудал юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголбанк хоёр компанийг шүүхэд өгөөд шүүх компаниудын талд шийдвэр гаргасан. Түүнээс биш Монголбанкнаас компаниуд хууль зөрчиж хөнгөлөлттэй зээл авсан зүйл байхгүй” гэлээ.
Тэгэхээр, Монголбанк хувийн компаниуд хоорондын олон жилийн өмнөх шүүхээр шийдвэрлэсэн маргааныг энэ удаагийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсгийн дүгнэлттэй яагаад холбох болов гэдэг асуудал гарна. Үүнд тэрбээр “Миний удирдаж байсан компаниуд дээрх Монголбанкны хөнгөлөлттэй гэх хөтөлбөрүүдээс зээл аваагүй гэдгийг хэлэх байна. 10 жилийн өмнөх маргаан яагаад үүнтэй холбогдож байна гэхээр Монголбанкны өглөг, авлага дээр копманиудын асуудал явж байдаг. Тэр компанид тэдэн төгрөг өгнө, авна гэж тэмдэглэсэн данс байгаа шүү дээ.
2002 онд Монголбанктай байгуулсан Арилжааны ерөнхий гэрээний үндсэн дээр компаниуд олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан захиалга өгч олон улсын үнэт металлын зах дээр арилжих, нөгөө талаас Монголбанк арилжааны захиалгыг хийж гүйцэтгэх нөхцөлөөр хамтран ажиллаж байсан.
Монголбанк 2007 оны 4-р сард гэнэт нэг талын санаачилгаар гэрээг зөрчиж арилжааг зогсоосон. Энэ нь гэрээний үүргээ зөрчсөн Монголбанкны буруу байсан. Хэрэв гэрээний хугацаанд захиалгын дагуу арилжаа үргэлжлэн хийгдсэн бол алдагдал үүсэхгүй, гэрээний талуудын хооронд төлбөр тооцооны маргаан гарахгүй байх бүрэн боломж байсан. Энэ асуудлаар маргаантай бусад олон компаниуд ч мөн Монголбанк нэг талын санаачилгаар, гэрээний үүргээ зөрчин арилжааг гэнэт зогсоосноос арилжааны алдагдал үүссэн учраас алдагдлыг дангаар хариуцахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн нэгдмэл байр суурьтай байсаар ирсэн.
Алтны компаниуд шүүхэд хандах боломжгүй, шаардах эрх хуулиар зөвхөн Монголбанкинд байсан учраас бид удаа дараа шүүхэд хандах, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, асуудлаа үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч Монголбанк хуулийн хугацаанд шүүхэд хандаагүй.
Шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр буцаасан гэсэн буруу ташаа мэдээлэл гараад байгаа нь ташаа мэдээлэл. Шүүхээс асуудлыг шийдвэрлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Монголбанк эрсдлийн сангаас хаасан.
Энэ талаар л яригдсан байх” гэдгийг онцоллоо.
Тэрээр үе үе өөрийнх нь удирдаж байсан компаниудтай холбоотой худал мэдээлэл тарааж байгаа нь зориуд улстөржүүлж байгаа явдал гэсэн юм.
Б.Ням
toimmedee.mn