Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн байгууллагуудад байнга бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “Төр хэт данхайлаа гэх шүүмжлэл байдаг. Олон Улсын валютын сан /ОУВС/-тай тохирсон тохиролцоогоор төрийн албан хаагчид тэтгэвэрт гарвал нөхөн томилгоо хийхгүй байя. Бүтцийн өөрчлөлтөд хамруулж байх, боловсрол, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд гэсэн салбаруудад хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүнийг томилно. Аль болох төрийн аппаратыг ухаалаг, цомхон болгох, иргэдийн хувийн хэвшлийн салбарт ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлага гарч байна. Түүнээс төрийн албыг томруулж, хүмүүсийг ажлын байраар хангана гэсэн мөрөөдөл маань тодорхой хэмжээнд учир дутагдалтай боллоо” гэсэн тайлбар өгсөн.
Уг нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын намынхан дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Ардаа алагчилдаггүй, Аз жаргалтай хот бий болгож, татвар нэмэхгүй, цалин, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ, ажлын байраар хангана” хэмээн тусгаж гарч ирсэн. Гэвч бодит байдал дээр хөтөлбөр эсрэгээрээ хэрэгжиж байна. Тэд ойрын хоёр жилдээ цалин тэтгэмж нэмэхгүй, долоон төрлийн татвар нэмэгдүүлж, ардын хүүхдүүдийн тодорхой хувьд нь мөнгө өгч, албан хаагчдад бүтцийн өөрчлөлт хийж ажиллаж байгаа. Үүнийгээ ОУВС-гийнхан шаардсан хэмээн мэдэгдэж буй билээ.
Өнгөрсөн долоо хоногт манай улс Олон Улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаа албан ёсоор зарлаж, эхний ээлжинд нэн даруй 38,6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирэхээр болж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн сахилга батаа дээшлүүлэх, төсвийн алдагдлаа нөхөх, ингэснээр дотоодын санхүүгийн зах дээрх дарамтыг бууруулж, гадаад секторын үзүүлэлтүүдийг тогтворжуулан өрийн тогтвортой байдал сэргэнэ гэдгээ хэллээ. Харин хөтөлбөрт хамрагдсанаар эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Учир нь Валютын сангийнхан “бүсээ чангалах” үүрэг өгсөн. Тиймээс МАН-ын амлалтууд ажил хэрэг болоход “асуудал” үүсч байгаа аж.
Сангийн сайд ойрын үед Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах төлөвлөгөө байхгүй гэдгийг хэлж байгаа юм. Тэд эхний 18 сар эдийн засгийг уналтаас гаргахаар, үлдсэн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд илүү их хурдаар ажиллана гэв.
Ж.МАРАЛ
toimmedee.mn