Нийслэлийн багш нар нэгэн дор чуулж байна. Өнөөдөр НИТХ, НЗДТГ, “Монголын залуу багш нарын холбоо” хамтран “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн хөгжлийн форум-2017” ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Форумд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон Нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд, боловсролын байгууллагын удирдлагууд, багш нар оролцож байна.
Форумын эхэнд УИХ-ын гишүүн, “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг санаачлагч Н.Учрал тус хуулийн талаар форумд оролцогчдод танилцууллаа. Энэхүү хуулийн зорилт нь багшийн нийгэмд эзлэх байр суурь болон зарим баталгааг нэмэгдүүлэх, хөгжих бололцоогоор хангах, ёс зүй, хариуцлагын хэм хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. Хуульд төрийн үйлчилгээг эн тэргүүнд багшид хүргэх, цалингийн асуудал зэрэг багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон зүйл заалт орсныг тэрбээр танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийт багш нар, зочдод ажлын амжилт хүсээд “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233 мянган сурагч, СӨБ-ын 623 цэцэрлэгт 105 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 72.8 хувьтай байгаа нь өмнөх хичээлийн жилээс 3.8 хувиар өсчээ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хоёр дахин их ачаалалтай ажиллаж байна. Нийслэлийн хүн ам өссөнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр долоон цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2018 онд хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургуулийг тус тус барихаар төлөвлөж байна.” хэмээв. Чуулганы төгсгөлд “Нийслэлийн багшийн хөгжил-2017” Улаанбаатарын тунхаглал гарах юм.
Б.ЦЭЛМЭГ
toimmedee.mn