Данзанваанчигийн Ухнаа

Дорноговь аймгийн Иххэт сум. Улсын филармонийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1993-04-15.№59/.
    Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн эстрадын найруулагчийн дээд дамжаанд мэргэжил дээшлүүлсэн байна. УДБТ-т дуучин, 1972 оноос улсын филармонийн туслах найруулагч, уран сайхны удирдагч, 1983-2001 онд даргаар ажиллажээ. Эх орондоо эстрад, рок поп урлагийг хөгжүүлэхэд олон жил идэвх санаачилгатай ажиллаж, худалдааны ажилчдын “Хүрэн хаалгатай дэлгүүр”, жолооч нарын “Алтан шар зам” болон хүүхэд, эстрадын ахмад дуучид, аймгууд дахь алдар цолтнуудын гэхчилэнгээр төрөлжсөн, бүсчилсэн тоглолтууд, олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолтыг 17 жил, эстрадын ахмад, залуу дуучдын тоглолтыг 13 жил, олон улсын болон өөрийн улсын чанартай 70-аад удаагийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсны дээр 150 гаруй концертыг найруулж, 3800 илүү концертыг хөтөлжээ. Шавь нараас нь Б.Баяраа /агсан/, Б.Сарантуяа, Х.Төмөрбаатар /УГЖ/, Ч.Насантогтох /УГЖ/, Л.Оюунчимэг /агсан/, Д.Эрдэнэтуяа зэрэг нэрт дуучид төржээ. ОХУ-ын Буриад, Халимаг-Тангыч улс болон бусад улсын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагатай холбоо тогтоож, хамтран ажиллаж улсын филармонийн гадаад харилцааг өргөжүүлсэн байна. Улсын баатар Данзанваанчигийн хүү.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.