Бий биелгээ

Язгуур урлаг 
Баруун монгол тэр дундаа Увс аймгийн ард түмний урлагийн гол байр суурийг ардын урлаг буюу язгуур урлаг эзэлж байна. Үүнд: Бий- биелэгээ, Уртын дуу, Уриа дуудлагын аялгуу, Морин хуурчид буюу икэлчид, тууль, ерөөл, магтаал, исгэрээ, хөөмий, аман ташилт, аман хуур, үлгэр хүүрнэх буюу аялгуулан хэлэх, домог түүхт үйл явдлын намтар, уран саналгат алиа хошин яриа, зурмал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, ур дархын урлаг, үйл урын урлаг, аж урлаг гэх мэт урлагийн төрлөөрөө байр сууриа тодорхойлон хөгжиж байна. 
Бий биелгээ: Бий биелгээ бол баруун монгол ардын бүжиг юм. Биеэр илэрхийлэх гэсэн үгнээс гаралтай бүжгийн нэг төрөл юм. Бийг икэл хөгжмийн татлага /ая/ удирдан хөтөлнө. Бийгийн елхэндэг, жороо морины явдал, цацал, мөргүүл, дөрвөн ойрадын уриа, их татлага, журай гэлдэн гэх мэт 10 шахам икэлийн татлаганд ганцаарчилсан ба нийтээрээ биелэх хэлбэрүүд байна. Икэлийн татлага, биелэгээний нэгдмэл хэлбэр нь гэрийн театрчилсан тоглолт бөгөөд соёл, урлагийн гайхамшигт өв сан юм. Биелгээний урлаг нь ойрад монголчуудын бүтээсэн ардын урлагийн хосгүй бахархал. Ойрад монголчуудын баяр цэнгэл, найр, наадмын алиныг ч икэл, биелгээгүйгээр төсөөлөхөд бэрх гайхамшигт энэ урлагийг гагцхүү нүүдэлчид бүтээж, хэзээ хэн ч давтаж чадаагүйгээрээ ардын сонгомол урлагийн төрөл болсон. Биелэх урлаг нь дөрвөд, баяд, хотон ястны дунд бас онцлогтой бийг хуур, икэлийн аялгуунд нэг нь эхэлж нөгөөдөө дамжуулан найман настай балчираас наян настай буурал хүртэл хотол даяар биелж биеийн хөдөлгөөний уян налархай чанар, ая дууны гайхамшгаараа үзэгчдийг уяруулдагт түүний онцлог оршино. Биелэгээний явцад эмэгтэйчүүд үс гэзгээ самнах, нүүрээ тольдох, ноос савах, үнээ саах, утас ээрэх гэх мэт харин эрчүүд нь морь цаламдах, тариа хадах, эмнэг хангал булгиулах, гөрөөс араатанг авлах зэрэг ахуйн ажил хөдөлмөрийг уран сайхны болон энгийн дүрслэлээр гарган үзүүлдэг юм. 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.