Ардын багш, утга зохиол судлаач Сэндэнжавын Дулам: “МАНАЙ ҮЕИЙНХЭН ТҮҮНИЙГ “АГУУ ИХ ТҮ” ГЭЦГЭЭХ...”
Манай үеийнхэн түүнийг “Агуу их Тү” гэцгээх. 1980 оны эхээр юмсан, МУИС-ийн залуу багш миний бие заадаг хичээлээрээ “Уран зохиолын онолын үүд” сурах бичгээ ид бичиж байсан цаг. Хөдөөнөөс аав ээжийгээ авчраад Чингэлтэйн эцэст буулгачихсан болохоор өдөр нь хашаа бариад, шөнө нь номоо бичнэ. Ц.Хасбаатар багш маань реализмын тухай судалгаагаа дээр нь нэмээд, бидний хамтран зохиогчтой ном гараас гарах дөхөж байв. Дээд боловсролын хорооны шаардлагаар Багшийн дээдийн уран зохиолын тэнхмийн эрхлэгч, төрийн шагналт судлагч, шүүмжлэгч Д.Цэнд абугайгаас нэг шүүмж авав. Тэгээд хэнээр редактор хийх билээ гэж бодож байтал Хасаа багш нэг өдөр утасдаад, би Түдэвтэй ярьчихлаа. Их дуртай зөвшөөрсөн гэдэг юм байна.
Тү дарга тэр үед МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, их том хүн. Би ч баахан бэргэсхийж л байлаа. Тэгээд Жамъян бил үү, нарийн бичгээр нь дамжуулаад уулзах зөвшөөрөл аваад нөгөө номоо бариад, одоогийн “Залуучуудын ордны” 2-р давхарт байх өрөөнд нь очлоо. Өө тэгсэн чинь, жигтэйхэн найрсгаар угтаад, утга зохиолын тухай, судлал шүүмжлэлийн тухай баахан яриа өрнүүлэв. Намайг яг юу судалж байгааг асуухлаар нь би “Монгол домог зүй” гэдэг юм байдаг эсэхийг л оролдож байна даа гэсэн чинь жигтэйхэн олзуурхаж байна.
Тэгээд бидний яриа сүүлдээ хүүхдийн уран зохиолын судлал руу хазайгаад мань хүн надаас “Доктор Жеймс Фрейзер, түүний “Федрус” сэтгүүл” гэсэн өгүүллийг орчуулах санал тавьдаг юм байна. Тэр нь АНУ-ын хүүхдийн уран зохиол судлалын гол сэтгүүл юм байх аа. Тэр цаг чинь хүйтэн дайны ид үе, АНУ бол чухам л бидний гол дайсан гэж үздэг цаг байсан болохоор би жаахан гайхасхийгээд нэгэнт их хүний гуйлт юм болохоор хүлээн авлаа. Тэгээд мань хүн бидний номыг уншиж, хянах хооронд би тэр өгүүллийг нь орчуулж дуусгаад, аваачиж өгөв. Тү дарга бидний номын талаар санаанд оромгүй нааштай үг хэлсэнд урамшаад, хэлсэн хэдэн зөвлөгөөг нь дор нь тусгав. Тэгээд тун удалгүй, “Залуучуудын үнэн” сонины 1980.02.01-ний дугаарт тэр өгүүллийн орчуулга маань гарсан байж билээ. Хамгийн сонин нь үзэл суртлын хүйтэн дайны гал ид дүрэлзэж байсан цагаар, өнөө үзэн яддаг АНУ-ын сэхээтний үйл ажиллагааг сурталчилж байсан нь гайхалтай. Гэхдээ яахав тэр өгүүлэл бол ЗХУ-ын хүүхдийн уран зохиол судлаач Игорь Мотяшовын өгүүлэл учраас болж байсан биз дээ.
Ц.Балдоржийн шагналт сэтгүүлч Гомбожавын Отгонбаяр: “Л.ТҮДЭВ ГУАЙН “АСУУДАЛ”-ЫГ, НЭМЭЭД ЦОГТСАЙХАН АГСНЫ “ТАРЧЛААН”- ЫГ ЗААВАЛ УНШ...”
- Барьсан үзэг, микээ чагнуур, хадуур болгож чадаж байвал чи сэтгүүлч, харин алуур болговол сэтгүүлч биш.
- Үзэгний чинь үзүүрт бусдын амьдрал бий, ижийгээ бодож бич.
- Сэтгүүлчийн ажлыг үнэмлэхээр бус, үзгээр хийдэг.
Эдгээр үгсийг би редакцийнхандаа, сэтгүүлчдэд байнга хэлдэг. Хэлэх ч дуртай. Миний үг гэж юу байх вэ. Маниас өмнөх үеийн мундагуудын үгс. Би хувьдаа заримыг агуу Л.Түдэв гуайгаас анх сонсож байлаа. Анхны уулзалтаас бараг сар орчмын дараа энэ эрхэм хүний өөрийнх нь дуудлагаар хоёр дахиа очив. “Асуудал” гэж номоо өгөнгөө зарчим мэт хэд хэдэн зөвөлгөө хэлж өгч билээ. Л.Түдэв гэж энэ агуу хүнтэй уулзсан, товчхон ярилцсан миний хоёр тохиолдол ердөө л энэ. Тухайн үеийн ахмад сэтгүүлчдийнхээ зөвлөснөөр сайн бичиж сурахын тулд Л.Түдэвийн “Асуудал”-ыг унших санаатай хайгаад олоогүй. Шууд Л.Түдэв гуайн “Дал” сонины редакц дээр очив. Хэрэг зоригоо хэлээд “Би Өдрийн сонинд ажилладаг, харин үнэмлэхээ орхиж” гэхэд “Үнэмлэх яах вэ, сэтгүүлчийн ажлыг үзгээр бичдэг” гээд асууж, бас зөвлөсөн. Тэгээд “Сонин унших, сонин эрхлэх нь хоёулаа миний үндсэн ажил. Бичсэнийг чинь уншина аа. Асуудал олдохоо байсан, дууссан. Хуучин хэвлэлтээс нь ганц нэг байна уу, үзье. Байвал Бадарчаар өгүүлье” гээд гаргав. Бадарч гэж Өдрийн сонины Боловсон хүчин, миний багш л даа. Харин сар орчмын дараа хэлүүлье гэсэн нь дуудлагаар өөрчлөгдөж “Асуудал”- ыг гараас нь гардаж, “Бичгийн хүнийг тархи, хөл хоёр нь тэжээдэг юм шүү” гэдгийг амнаас нь сонсч байв.
Уйтай энэ өдрүүдэд эрхэм хүний “Хорвоотой танилцсан түүх” гэж монголчууд байтугай, дэлхий мэдэх топ зохиолуудыг хүн бүр нэрлэх. Тэгвэл сэтгүүлчиддээ, сэтгүүл зүйн хэндээ сайн бичиж суръя, асуудал дэвшүүлж, анализ хийж бичиж суръя гэвэл Л.Түдэв гуайн “Асуудал”-ыг, нэмээд Цогтсайхан агсны “Тарчлаан”-ыг заавал унш гэж хэлье. Энэ хоёр бол амьдралаас бичсэн ширээний ном. Хоёулаа нимгэн ном атлаа маш зузаан чадвар суулгах сайн сурах бичиг шүү!
Урлаг судлаач Дэмчигдоржийн Мягмарсүрэн: “АЙЖ АЙЖ ОРСОН ЧИНЬ ТОМ ДАРГА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЭРДЭМ НОМЫН ХҮН СУУЖ БАЙХ...”
Тэртээ 1973 оны хоёрдугаар сар сан... Ленинградын театр, хөгжим, киноны дээд сургуулийн оюутан би бээр МЗЭ-ийн утга зохиол урлаг сонины газарт дадлага хийхээр ирж билээ. Гайхалтай бүтээлч энэ халуун ам бүлийн өрхийн тэргүүн нь төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай байлаа. Дуу цөөтөй авч нэг дуугарахаараа туйлын сургамжтай, жин даасан үг хэлдэг сэн... Би түүний ухаалаг харцнаас их л эмээдэг байв. Үзэг цаас нийлүүлж, утга санаа холбохын их эрдмийг чухам энэ хамт олноос л сурч билээ...
Германы жүжгийн их зохиолч Бертольд Брехтийн тухай өгүүлэл шүү юм бичлээ...С.Эрдэнэ эрхлэгч дуудав: “Чи ямар их тодотгол хэрэглэдэг хүүхэд вэ? Монгол өгүүлбэр, найруулга зүйд зохимжгүй байдаг юм. Үгээ ончтой шилж сонгож сур!” гэдгийм байна, гэхдээ арай ч бүр голчихсонгүй. С.Эрдэнэ баавайн гараас материал гарна гэдэг нь сүүлчийн даваа арай биш аж. Тухайн үед МЗЭ-ийн орлогч даргаар ажиллаж байсан Л.Түдэв эрдэмтэн хянан үзэж, мутрын тэмдэгээ дарах л үлджээ... Энэ хүнтэй нүүр учран тулах нь атугай бараагий нь хараад зүрх алдана. Бидний үеийнхэн нэр төртэй хүмүүсээс эмээх гэж жигтэйхэн. Энэ нь нэг ёсны хүндэтгэх сэтгэлийн илэрхийлэл байж дээ. Өрөөний утас хангиналаа. Хэн нэгэн нь: ”Даргын өрөөнд ороод ир!” гэх нь тэр. Маш их балмагтав. Айж айж орсон чинь том дарга гэхээсээ илүү эрдэм номын хүн сууж байх. Сэтгэлд дотно, нүдэнд дулаахан төрх байдал нь далд айдасыг минь хормын зуур арилгав.
“Өөрийн чинь материалыг уншлаа. Их ерөнхий бичиж байна. Утга санаагаа товч тодорхой гаргаж бай! Цаашид үүнийг бодож яваарай!” гэж билээ. Цаанаа л нэг нухацтай эдгээр үгс миний сэтгэлд үүрд хадагдан үлдэж уран бүтээл бичих бүрдээ байнга санадаг, өөрийгөө ямагт цэгнэн хянах нандин сургаал болсон юм. Ийнхүү номч эрдэмтэн Лодонгийн Түдэв гуайн мутраар миний судалгааны анхны бичвэр аястай өгүүлэл маань баталгаажиж, төвийн том сонинд нийтлэгдэж байж билээ... Талийгаач үнэндээ, их даруухан, эгэл хүн байсан даа... Тэгээд ч “Их мөрөн дөлгөөн,эрдэмт хүн даруу” гэдэг юутай үнэн! Лодонгийн Түдэв хэмээгч дахин давтагдашгүй эрхэм энэ хүн хорвоогоос сүр дуулиангүй чимээгүйхэн хальж, мөнх хөх тэнгэрийнхээ оронд заларчээ... Аугаа их соён гэгээрүүлэгч, нэрт нийтлэгч, зохиолч түүнийг хэн байсныг ард түмэн мэднэ, түүх гэрчилнэ.
Зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэд: “...УГ НЬ АЛЬ 10 ХОНОГИЙН ӨМНӨ ЯВЧИХСАН БАЙЖ...”
Түдэв гуайн тухай би олныг дурсаж болох ч эхлэл төгсгөл хоёрыг нь л бичие.
1976 билүү, 1977 онд юмдаг. Хавар байсан санагддаг. Аав намайг дагуулаад Хотын төвд нэг айлд очив. Аав дагуулах ч юу байхав, би аавыгаа яг л гөлөг шиг салахгүй дагадаг байсан хэрэг. Автобуснаас буухдаа Ард кино театр, суухдаа 4-р дэлгүүрийн үүднээс суусан юм. Ардад кино үзсэн, 4-р дэлгүүр орчимд нэг цагаан хоолны гуанзанд нэг хоёр удаа хоол идсэн учир тэр хоёрыг бол мэдээд байгаа. Тэгэхээр очсон айл маань энэ хооронд л байсан юм болов уу даа, сайн мэдэхгүй юм. Би сургуульд ороогүй. Тэгээд хаалган дээр нэг өндөр цагаан хүн аавтай мэндлээд, нэг хоёр үг ярьж түр зогссон юм. Гарч яваад таарсан байх. Тэгэхдээ миний толгойг нэг илээд авсан. Цааш ортол нэг жижигхэн, хөнгөлүүн самган. Ахай ижий болоод аав тэр хоёр их сүрхий уулзаж байна. Золгож ч байх шиг. Би ч яахав, нэг зурагтай сэтгүүл хараад ухаан алдчихсан. Тэдний юу ярьж байсныг огт санахгүй, бүр анзаараа ч үгүй.
Хожмоо санахад тэр үүдэнд таарсан өндөр цагаан хүн Түдэв гуай, тэр хөгшин ээж нь байж. Нэг нутаг усны хөгшдөд ярьж хөөрөх юм байсан л хэрэг.
Түүнээс хойш олон жил өнгөрч. Хамгийн сүүлд Явуугийн хөшөөний дэргэдэх сандалд хоёул жаахан суулаа. Хавар, улиас гөлөглөж байсан цаг. Би хөдөө нутгаараа явсан сониноо дуулгав.
- Ар голын Цацат, Бааюугаар айл өвөлжиж байна уу?
- Өвөлжинө өвөлжинө. Шургааган хашаа бариад өвөлжиж байгаа.
- Голынхоо хэвд үү?
- Тийм.
- Миний багад тэр голын хэвд чинь айл өвөлжих аргагүй битүү мөсөөр дүүрчихдэг байлаа. Айлууд тэр хойт завсарт нь өвөлждөг байсан юм. Голоор мөсний жавар хангиад чөтгөр ч тогтоох аргагүй болчихно.
- Өө, одоо юун мөсөөр дүүрэх, ус нь ч хэд тасарчихсан.
- Хмм. Дарь эхийн голын ус хэр байна.
- Ямар Дарь эхийн гол?
- Хэ хэ, Дарьхинтийн голын нэр нь шүү дээ. Дарь Эхийн гол явсаар Дарьхинт болчихсон хэрэг.
- Өө, тийм үү?
- Хойт тал нь Ширээ, Урд тал нь Өндөрмөс, баруун тал нь Ханхар, Гурван Уст хүртлэх уудам их газар нутгийн гол уснууд нийлээд 99 булаг шанд Дарь Эхийн голд цутгадаг юм.
- Нээрээ тийм юм байна. За тоолоод үзвэл бараг 99 хүрэх олон салаа, жалга байгаа шүү. Та дээр уусан мал амьтан бүгд үхчихдэг Үхлийн ус гээд ярьж байсан. Би хайгаад олсонгүй. Нутагт түүнийг мэддэг хүн ч алга. Яг хаана байдаг юм бэ?
- Хүнхэр, Могойн даваа хоёрын дунд ирмэгт л байдаг. Их нууцхан газар бий. Одоо би яг тэнд гэж хэлж чадахааргүй. Очвол нэг баримжаа хэлэх байх.
Хэнд ч хэрэггүй мэт ийм аар саархан зүйл ярилцан сууж. Гэвч хэн хэнд маань хэрэгтэй л байсан хэрэг. Нутагтаа очилгүй хэдэн жил болсныг нь би мэдэхгүй, зүрхэлж асуугаагүй. Миний л таамаглаж байгаагаар 93 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш очоогүй. “Үнэн” сонинд байхад орж гараад бишгүй юм асууж лавлах боломж байсан ч тэр үед тэгэх сөгөө байсангүй. Харин хожим юм асуумаар санагдах болсон үед Түдэв гуай надад санаснаар минь олдохоо байчихсан.
Олон жил нутагтаа очоогүй гэхэд газар орны байц, нэрсийг маш сайн санана. Тэгээд Явуугийн хөшөөний дэргэдээс салахдаа, “Надад одоо цаг хугацаа маш бага үлдсэн байна. Гэтэл бичих юм маш их. Залуугийнх шиг эрч хүчтэй бичиж чадахгүй юм. Залуудаа нэг өдөрт бичдэг байсан зүйлийг хэдэн өдөр, сараар бичиж байна” гэв. Тэгээд бөгтийж өгцийсөөр зөөлөн зөөлөн гишгэсээр явж одов. Булан тойртол би сандал дээр араас нь харж суусан. Олон юм асуумаар байсан ч боломжгүй болж байгаа гэдгийг тэгэхэд ойлгосон.
Түүнээс хойш уулзах гэж наана цаана болсонгүй. Нэг утсаар ярьсан, бас нэг удаа нутгаас ирсэн жаахан айргийн тос, ганц годгор савтай шимийн юм, жоохон бондгор арвайн гурил, бас өнөөх тэнэж тэнэж хийсэн зургийнхаа альбомыг охиноор нь дамжуулж өгсөн. Манай нутгийн хөх тарианы гурил онцгой л доо. Нутгийнх нь үнэр, шим шингэсэн юм гэж бодсон хэрэг. Ингээд нэг их амьд судар өмнө минь хаагдаж байгааг гадарласан. Ядахад л өнөөх Үхлийн ус хаана байдгыг хэн ч мэдэхгүй өнгөрөв. Тэр усны тухай яриа одоо домог л болно.
Харин өнөө өөрөө домог болохоор явчихаж. Тэнгэрт одохдоо хүртэл чимээгүйхэн явчихав. Уг нь аль 10 хоногийн өмнө явчихсан байж. Мөн гурав хоногийн өмнө оршоочихож. Энэ өвчин зовлонтой үед олон бужигнах вий гэсэн болов уу. Өөрөө энэ бүхнээ чанд гэрээслэн, хэдийнэ зохицуулчихаж. Өнөөх бичиж дуусгах юм аа дуусгаж амжаа болов уу гэж бодогдох. Үгүй л болов уу, яагаад гэвэл тэр дэндүү ихийг мэддэг, бас сэтгэдэг. “Дал” сониныхоо ээлжит дугаарыг хийж байгаад дуусгаж амжаагүй гэнэ. Бие хөгширсөн ч оюун ухаан тэтгэвэртээ гардаггүйг нотолж, тасралтгүй бичсээр л байсан.
Хэдэн жилийн дараагаас энэ хүний тухай олон домог ярьдаг болно. Ард түмэн чухам тийн домоглож байж л зүрхнийхээ гүнд хадгалдаг жамтай. Ринчен гуайн тухай олон домог байдаг шиг л...
toimmedee.mn