2021 оны 11 сарын 27
Увс аймаг анагаах ухааны шинэ доктортой боллоо.

Анагаах ухааны салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй нэгэн гэр бүлээс Анагаах ухааны доктор(Ph.D) төрлөө. Тодруулбал Анагаах ухааны магистр , клиникийн профессор Алтанхүү эмч болон түүний гэргий Анагаах ухааны магистр , клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Өнөржаргал эмчийг танихгүй хүн гэж үгүй. Тэдний хувьд “Жаргалан” эмнэлгээрээ дамжуулан Увс аймгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэсээр ирсэн билээ.

Тэгвэл түүний охин А.Тунгалагсувд эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн 10 гаруй жилийн хөдөлмөр зүтгэл , эрдэм мэдлэгийнхээ үр дүнгээр Япон улсад анагаах ухааны докторын(Ph.D) зэрэг хамгаалаад иржээ. Удам залгасан эмч, залуухан Анагаах ухааны доктор(Ph.D) А.Тунгалагсувдад аймгийн засаг дарга Д.Батсайхан хүндэтгэл үзүүлэн Увс аймгийн хүндэт тэмдэг гардуулж ажлын амжилт хүслээ. Анагаах ухааны доктор(Ph.D) хэмээх хүндтэй цол хүртэж, дэлхийн хэмжээний анагаах ухааны салбарын дэвшлээс олж авсан мэдлэг, ур чадвараа Монгол Улсынхаа хөрсөнд буулгаж, хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэхээр зориг шулуудсан түүний хувьд Монгол Улсад эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл их болсонтой холбоотой үүний оношилгоо, эмчилгээ, шалтгаан, түүнчлэн эхийн хэвлий дахь ургийн хөгжлийн талаар Япон улсад 4 жил суралцах хугацаандаа нарийн судалгааг хийж, тодорхой мэдлэг хуримтлуулжээ.

Цаашид энэ чиглэлээр түлхүү ажиллахыг зорилгоо болгож байна. Түүний амжилтад хамгийн ихээр нөлөөлсөн эцэг эх болон багш нартаа баярласнаа илэрхийллээ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал дотроо дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн асуудалд гол анхаарлаа хандуулж , өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн эрдэм мэдлэг ур чадвараа ашиглан хүн ардын эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм. Ийнхүү удам залгасан эмч, Анагаах ухааны доктор(Ph.D) А.Тунгалагсувдад цаашдын ажилд нь амжилт хүсье.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.