Оросын найруулагч Олег Штромын “9 секунд” уран сайхны кино хойд хөршийн театруудаар дараалан гарч үзэгчдийн талархлыг хүлээж байна. Киноны гол дүр Алдар Цыденжапов нь ОХУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далайн флотод алба хааж байхдаа гавьяа байгуулан амь эрсдээд "ОХУ-ын баатар" цолоор нэхэн шагнагдаж улс даяар алдаршсан буриад хөвгүүн юм.
Алдар нь хуучнаар Агын Буриадын өөртөө засах тойрог, одоогийн Өвөр Байгалын хязгаарын Агын районд буриад Баатар, Билигмаа нарын гэр бүлд 1991 онд мэндэлжээ. Ихрийн өрөөсөн эгчийг нь Ариунаа гэдэг, Болд хэмээх ах, Ирина хэмээх эмэгтэй дүүтэй тэрбээр дунд сургууль төгсөөд, тэнгисийн цэрэг байсан нагац өвөөгийн адилаар флотод алба хаахаар шийдэж бүртгүүлсэн боловч бие жижиг хэмээн авсангүй. Гэвч эцгийн уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2009 онд Номхон далайн флотын 40074 дугаар ангид орж, мина тээгч “Быстрый” байлдааны хөлөг онгоцонд алба хаах болжээ.
2010 оны 9 дүгээр сарын 24-нд хөлөг онгоц Камчатка руу аялах гэж байх үед түлшний хоолой задарснаар цахилгаан сүлжээнд богино холбоо үүссэний улмаас гал гарчээ. Тухайн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Алдар хоолойн задарсан хэсгийг биеэрээ хааж, түлш асгарахыг зогсоосон бөгөөд энэ хооронд түгшүүр авсан бие бүрэлдэхүүн онгоцны цахилгаан сүлжээг яаралтай унтраасан байна. Цахилгаан таслахаас өмнө түлш асгарсан бол дэлбэрэлт үүсч, 348 хүнтэй хөлөг онгоц бүхэлдээ сүйрэх байжээ. Хоолойг хааж байх 9 секундын хугацаанд Алдарын бие галд ихээр өртсөн бөгөөд 90 хувийн түлэгдэлттэй боловч галын голомтоос өөрөө мөлхөн гарч чадсан байна. Владивостокийн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн түүний амийг аврахын төлөө эмч нар дөрвөн өдрийн турш тэмцсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Алдар 19 настай, алба хаах хугацаа нь дуусахад нэг сар дутуу байв. 10 дугаар сарын 6-нд түүнийг төрөлх Агинское сууринд нь Буддын шашны зан үйлийн дагуу хөдөөлүүлж, лам нар ерөөлийн ном уншин ёс гүйцэтгэжээ.
2010 оны 10 дугаар сарын 16-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Алдар Цыденжаповт "ОХУ-ын баатар" цол хүртээв. Буриадын Сэлэнгийн районы Селендума тосгонд Алдарт зориулан хөшөө босгосон Георгийн Колмаковын хэлснээр, эхлээд “Эр зоригийн төлөө” одон олгох гэж байсан боловч Буриадын иргэд олноор хүсэлт гаргаснаар Баатар цол олгожээ. Өнөөдөр Алдарын дурсгалыг хүндэтгэн нэрийг нь мөнхөлсөн газар Оросын Буриадад өдий төдий байна. Түүний нэрэмжит сургууль, гудамж, дурсгалын хөшөө, самбар, цээж баримал Улаан-Үд хот болон бусад олон тосгон сууринд бий. 2012 онд “ОХУ-ын баатрууд” цувралаар Алдар Цыденжаповын зурагтай шуудангийн марк гаргасан бол 2015 онд ОХУ-ын Комсомольск-на-Амуре хотын үйлдвэрт “ОХУ-ын баатар Алдар Цыденжапов” нэртэй байлдааны хөлөг онгоцыг үйлдвэрлэн гаргажээ. Хамгийн сүүлд найруулагч О.Штром “9 секунд” хэмээх уран сайхны кино бүтээсэн нь өнгөрөгч 9 дүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн юм. Кино яг энэ өдрүүдэд Оросын төв, орон нутгийн театруудад гарч байна. 9 секунд гэдэг нь, түлшний задарсан хоолойг Алдарын цээжээрээ хаасан хугацаа бөгөөд энэ хугацаа тэрхүү хөлөг дээр байсан 348 хүний амь настай тэнцсэн билээ.
Алдар Цыденжаповт зориулан гаргасан ОХУ-ын шуудангийн марк.
Түүний төрсөн Агинское сууринд 2012 онд ийм хөшөө босгожээ.
toimmedee.mn