Э.Магсаржав: Зэрлэг янгирыг барьж аваад өөр газарт нутагшуулна гэдэг хүний ой тойнд амархан буухгүй

ХААИС-ийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн багш, биологич, амьтан судлаач Э.Магсаржавтай Архангай аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Жаргалант хаан ууланд янгир ямаа сэргээн нутагшуулсан тухай ярилцлаа.

- Янгир ямаа сэргээн нутагшуулах ажлыг хоёр газарт эхлүүлсэн байна. Сэргээн нутагшуулах хэрэгцээ шаардлага нь чухам юу байсан бэ?

- Бид янгир ямаа сэргээн нутагшуулах туршилт, судалгааны ажлыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд 2023 онд эхлүүлсэн. Яагаад энэ ажлыг хийх болсон бэ гэхээр Богд хан ууланд 1985 онд янгир сэргээн нутагшуулснаас хойш хоёр, гурван удаа цус сэлгэж тоо толгой нь нэлээд нэмэгдсэний улмаас амьдрах орчин нь хүрэлцэхгүй болсон юм. Улмаар янгир суурьшлын бүс рүү орж ирэх, зэрлэг нохойд бариулах нь олширлоо. Тоо толгой нь нэмэгдэхийн хэрээр ийм сөрөг үр дагаврууд гарч ирсээр байгаа учраас цаашид тоо толгойг нь зохицуулах, шинэ газарт сэргээн нутагшуулах туршилт, судалгааны ажлыг хийх зорилгоор хоёр газарт аваачаад байна. Энэ хоёр газар нь өөр өөрийн онцлогтой. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Их, бага Хэцүүгийн хад янгир нутаглахад тун тохиромжтой газар болохыг нутгийн улсууд хэлсэн юм. Бид мөн очиж судалж үзээд үнэхээр тохирох юм байна гэж шийдсэн тул 2023 онд арван толгойг тэнд аваачсан. Улмаар тухайн газартаа амжилттай үржсэн учраас сүргийн бүтцээ тодорхой хэмжээгээр нэмэх, хүйсийн харьцааг зохицуулах шаардлага тулгарч, энэ жил 15-ыг аваачлаа. Жаргалант хаан уул ингээд 25 янгиртай боллоо. Мөн ууланд GPS, автомат камер суурилуулж, нутгийн иргэдтэй уулзаж сургалт орж хяналт, мониторинг, нөлөөллийн ажил хийгээд явж байна. Энэ ажлыг бид цааш нь үргэлжлүүлэн хийж тоо толгой тогтвортой байна уу, амьдах орчинд нь нөлөөлөх зүйлс юу байна гэдгийг судалсаар байх юм. Харин Архангай аймгийн Булган уул нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг байсан бөгөөд өнгөрөгч зургаадугаар сарын 4-нд дархан цаазат газар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн газар албан ёсоор төрийн хамгаалалтад орчихсон учраас янгир ямааг нь хамгаалах ажлыг Дархан цаазат газрын захиргаа хариуцдаг. Бид тэнд зөвлөх маягтай оролцож байгаа. Харин Хөвсгөл аймагт нутгийн иргэдийг түшиглэн байгаль, амьтан хамгаалах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй. Амьтан сэргээн нутагшуулах бол тэр бүр хийгээд байдаг ажил биш. Дам дамаа туруутан амьтны хувьд. Манайхан Монголд бүрэн устсан тахийг гурван газарт амжилттай сэргээн нутагшуулсан туршлагатай. Түүний араас янгир ямааг сэргээн нутагшуулах энэ ажил орж байна.

-  Янгир хад асга ихтэй орчинд амьдардаг байх. Сэргээн нутагшуулах газар нутгийг сонгохдоо ямар шалгуур тавьсан бэ?

- Бид Land shaft relief гэж ярьдаг. Жаргалант хаан, Булган уул янгир ямаа амьдрах нөхцлийг бүрэн хангаж байгаа. Мөн тоо толгой өсөөд ирэхийн цагт өөр тийш тэлэх боломжит газрууд энэ хоёр байршлын ойролцоо бий. Мэргэжлийн хэллэгээр коридор нутгууд гэдэг тийм газрууд ойрхон байгаа гэсэн үг. Янгир ямаа хад асга бүхий, нүцгэн газрыг шүтэж амьдардаг. Харин бидэнд нөлөөллийн ажлаа сайн хийх шаардлага байна. Энэ амьтан өсөж үржихэд мал аж ахуйн нөлөө орох магадлал ялангуяа Жаргалант суманд бий. Ойр хавьд нь өвөлжөө, хаваржаа олон. Энэ нөлөө хэр байхыг бид судалж байна. Янгир ямаа малчин иргэдтэй ойр зохицон амьдардаг газрууд цөөнгүй л дээ. Говийн бүс нутаг, Алтайн уулын өвөлжөө, хаваржааны ойролцоо янгир идээшилж амьдардаг. Нутгийн иргэд тэднийг үргээж цочоодоггүй. Гэхдээ шинээр сэргээн нутагшуулж байгаа газрынхаа иргэдэд хууль бус ан хийх, санамсаргүй үргээж цочоох зүйл гаргахгүй, ус мараанд ороход нь айлгаж ичээхгүй байхын төлөө сургалт орж, мэдээлэл өгөх шаардлага байгаа тул энэ ажлыг тодорхой үе шаттай хийж байна. Нутгийнхан ч янгир ямаатай болсондоо сэтгэл хангалуун байгаа. Энэ бол хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл, тухайн амьтан шинээр ирж байгаад бэлгэшээж, өсөж үржээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг уламжлалтай ард түмэн юм.

- Хүний тухайд ийм юм байна. Харин мал сүрэг шинээр нутагшиж буй амьтанд сөрөг нөлөө үзүүлэх үү?

- Янгир сүргээрээ амьдардаг. Тоо толгой элбэг газар 100, 200-гаараа, цөөтэй бол арав, хориороо сүрэглэж, заримдаа ганц нэгээрээ ч явах тохиолдол бий. Бидний гол санаа зовж буй зүйл нь тухайн амьтанд мал аж ахуйн нөлөө хэр тусах вэ гэдэг асуудал. Яагаад гэхээр Монгол улс 26 сая гэрийн ямаатай. Харин янгир ямаа 36 мянган толгой бий. Үүнийг харьцуулаад хувилаад үзвэл зөрүү их. Тиймээс янгирын тоо толгой буурч байгаад мал аж ахуйн нөлөө байхыг үгүйсгэхгүй юм гэж үздэг ч үүнийг судлаад нотолсон зүйл үгүй учир яг энэ асуудлыг одоо судалж байгаа юм. Үнэхээр гэрийн ямааны нөлөө байна гэвэл янгирын идээших орчин хумигдаж өөр тийш явахад хүрдэг гэсэн үг. Учир нь, идэш тэжээлийн хувьд хоёул өвсөн тэжээлтэн учраас хоорондоо өрсөлдөгч болдог. Өвс тэжээлийн хүрэлцээ багасаад ирвэл нэг нь нөгөөгөө шахна. Бид мал ихдээд бэлчээр нутаг нь хүрэхгүй байна гэж ярьдаг шиг. Энэ нөлөөнд зэрлэг амьтан ч бас өртдөг гэсэн үг. Нөгөө талаараа байгаль дээр гэрийн болон янгир ямаа нэгэн зэрэг нутаглаад байх юм бол хүний буюу хулгайн ангийн нөлөө байхгүй үед хоршин амьдарч болдог гэдгийг нь энэ судалгаагаар нотлох боломжтой гэж үзэж байна. Янгир ямааны тоо толгойд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол байгаль, цаг уурын хүндрэл. Ган, зуд их байна. Үүнд, мал аж ахуй, зэрлэг амьтны аль аль нь нэрвэгдэж байгаа. Зэрлэг амьтны тоо толгойг хүний оролцоотойгоор тогтвортой байлгахад сэргээн нутагшуулах замаар ингэж дэмжих нь экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Архангай аймгийн Булган ууланд хоёр дахь удаагаа янгир сэлгэн нутагшуулж байгаа нь.

- Янгир сэргээн нутагшуулах ажлыг эхлэхийн өмнө хэр их судалгаа хийсэн бэ?

- Бид хоёр сар гаруй хугацаанд үндсэн судалгаагаа хийсэн. Юуны түрүүнд тухайн газар нутаг янгир сэргээн нутагшуулахад тохиромжтой эсэхийг биеэр очиж шалгав. Янгир сэргээн нутагшуулахад ямар арга, аргачлал ашигладаг болон дасан зохицох чадвар нь хэр байдаг тухай албан ёсны зүйл байгаагүй. Дэлхийд бол Альпийн янгирыг Швед, Италид сэргээн нутагшуулж тоо толгойг нь сэргээсэн туршлага байна. Тэр нь Монголынхоос зүйлийн хувьд өөр. Манай янгир бол Сибирийн янгир гэдэг зүйл. Сибирийн янгирыг одоогоор Дундад Ази, Орос, Хятадад сэргээн нутагшуулаад тэрийгээ эрдэм шинжилгээний өгүүлэл болгоод хэвлүүлсэн юм алга. Манайд 1985 онд Богд хан ууланд янгир ямаа сэргээн нутагшуулсан ч албан ёсоор шинжлэх ухааны ийм зарчим баримталж, тэгж хийлээ гэсэн бичиг цаас болж тодорхой үлдээгүй. Гэхдээ хийсэн ажил нь амжилттай болжээ. Богд уулын янгир ямааг Говь гурван сайханаас авчирсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд хоёр, гурван удаа цус сэлбэхдээ Баянхонгор аймгаас авчирсан гэх мэдээ байгаа. Энэ ажлыг хийсэн хүмүүсийн зарим нь одоо амьд сэрүүн бий. Тэдэнтэй уулзаж ерөнхий нөхцөл байдлыг сурсан. Тухайн үед мал эмнэлэг, эм тарианы хангамж тааруу байсан ч тэр ажлыг яаж ийгээд хийснээ ярьсан. Тиймээс янгир сэргээн нутагшуулах шинжлэх ухааны арга, аргачлал боловсруулаад бусад газарт хэрэгжүүлэх боломжтой талаар энэ салбарын судлаачидтай зөвлөлдлөө. Энэ бол тухайн салбарт шинэ ололт, мэдлэг түгээх ажил юм. Аливаа юмыг судалж үзээд үр дүн нь сайн ч бай, муу ч бай хийж үзэхгүй л бол энийг хэн ч мэдэхгүй, хэн ч хийхгүй шүү дээ. Дараа дараагийн үедээ янгир ямаа сэргээн нутагшуулах аргачлалыг илүү боловсронгүй болгож үлдээж байгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, янгир бол ховор амьтан. Ховор амьтны тоо толгойг дэмжих, байгаль дээр нь хамгаалахад хүний оролцоог бодит болгох зорилго байгаа. Манайхан малынхаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг шиг зэрлэг амьтны тоо толгойг нэмэгдүүлэх, сэргээн нутагшуулах ажил зайлшгүй чухал. Амьтдын хувьд дэд бүтэц, газар тариалан, ойн аж ахуй зэрэг янз янзын юм хөгжихийн хэрээр амьдрах орчин нөхцөл нь тусгаарлагдаж байдаг. Тиймээс тусгаарлагдаж байгаа популяциудыг хамгаалах, дэмжихэд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай тул энэ талын судалгаа үргэлжилж л байна. Үр дүн нь эхнээсээ гарч ч байна. Эхний жилээ амжилттай давж Архангай аймагт аваачсан янгираас таван ишиг мэндэллээ. Хөвсгөл аймагт хоёр ишиг гарсан байна. Тоо толгойн хувьд нийт хэдэн ишиг мэндэлснийг бүрэн тогтоогоогүй байгаа. Энэ ажлаа бид 11 дүгээр сард янгирын ороо орох үеэр нэмж хийнэ. Тэр үед янгир эр эмгүй бөөгнөрөөд үржилд ордог учраас үржилд орж буй бодгалиудыг нэгбүрчлэн тоолох боломжтой. Хавар, зуны  дулаанд бол бүгд салаад нэгээрээ, хоёроороо явчихдаг учраас бүгдийг нэг бүрчлэн харах боломжгүй. Бид мөн хоёр долоо хоногийн өмнө монинторинг судалгаа хийгээд ирэхдээ хоёр сүрэг сэргээн нутагшуулсан газраа сайн зохицож байгааг тогтоолоо. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 13 янгир харагдаж байна лээ. Тухайн газар орон бартаа ихтэй учраас ажиглахад олон хоногийн хугацаа шаарддаг. Тэгэхээр бид шууд ажиглалтын аргаас илүүтэй хөндлөнгийн ажиглалтын аргаар, суурилуулсан камераа харж байна. Камерт янгирын дүрс олон буусныг цуглуулсан. Цаашдаа тэр зургуудаа ялгах, нэгтгэх зэргээр судална. Ер нь шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн урт хугацааны туршилтын дараа гардаг. Эхний ээлжинд бидний хийж буй ажлын зорилго тодорхой хэмжээнд биелж байна гэж хэлж болно. Мэдээж цаашид хүний болон байгалийн ямар нэг нөлөө орохыг үгүйсгэхгүй. Байгалийн гэвэл халдварт өвчин, зуд турхан гээд эрсдэл бий. Энэ бүхнийг даван туулах арга аргачлал, стратеги төлөвлөгөөг боловсруулж сум орон нутаг, нөхөрлөлүүдэд хэлээд явж байгаа.

- Энэ өвлийн зудыг эсэн мэнд давахын тулд та бүхэн юу хийсэн бэ?

- Архангай аймгийнхан хоёр тонн орчим өвс, хорголжин тэжээл бэлтгэсэн. Хөвсгөл аймагт бол хужир, давс тавьсан. Яагаад гэвэл, тухайн орчинд мал бүхий иргэд олон учраас өвс тавьбал янгираас урьтаад тэрийг идчихэж магадгүй. Тиймээс хужир шүүгээр дэмжсэн. Хамгийн гол нь тэр хүнд зудыг тухайн зүйл амьтан амжилттай даваад гараад ирсэн нь тоо толгойг нэмэх үндэс боллоо. Хэрэв зудыг давж чадалгүй үхэж хорогдсон бол нэмж аваачих хэцүү байх байсан. Тэгэхээр амьдрах чадвар нь газар нутагтаа тохироод болж байна гэж үзсэн юм.

- Хүйсийн харьцааг яаж тохируулж, үржлийг нь тооцоолсон бэ?

- Хөвсгөлд анх аваачсан арван бодгалийн гурав нь эр, долоо нь эм. Аравдугаар сарын үед аваачиж тавьсан нь үржлийн үеийн өмнөхөн болохоор ороо орох мөчлөгт нь нөлөөлөх вий гэсэн таамаг байв. Энэ таамаг өвлийн судалгаагаар тодорхой болно. Бид хавар хэдэн ишиг мэнд үлдсэн бэ гэдгээр үр дүнг тооцох учиртай. Ер нь амьтны судалгаанд тухайн үржил, мэнд үлдэлтийг хоёр настай бодгаль болсноор нь тооцож үздэг. Учир нь, махчин амьтдад бариулах зэргээр хоргодол гарч болно. Мал аж ахуйд бол зуун төлөө арчлаад бүрэн онд оруулах боломжтой бол зэрлэг амьтны төлийн 30-40 хувь нь л онд ордог гэсэн судалгаа бий. Тийм болохоор энэ жилийн төлийг ирэх жил тооцоолох шаардлагатай.

   Архангайн хувьд ноднин арвыг аваачсны хоёр нь эр байсан. Гэхдээ тэр хоёр үржлийн насанд арай хүрээгүй учраас намар нь үржлийн насны тэхийг нэг ямаатай хамт аваачиж нутаглуулсан. Тэрний үр дүнд, одоогоор мэдэгдээд буй таван төл гарсан гэж үзэж байна. Хөвсгөлд анх аваачсан гурван настай тэх, энэ жил аваачсан нас бие гүйцсэн тэх нийлээд энэ намар сайн үржих байх. Эр тэх дөрвөн наснаас үржилд ордог. Эм нь хоёр настайгаасаа хээлтдэг. Бид камерын зургаа шүүж үзээд хэдэн бодгалиас хэд нь үржилд орж байгааг судална. Энэ жил мөн ишигтэй ямаа аваачсан болохоор тэр ишиг үү, шинэ төрсөн ишиг үү гэдгийг нарийн ялгаагүй байгаа, тэрийгээ ч ялгана.

- Тэх хоорондоо эмэгчингээ булаацалдаж, тэмцэлдэж байж өөрийн сүргийг үүсгэдэг үү?

- Сүрэг үүсгэдэг амьтдын хувьд эр нь сүргээ хамгаалж тэмцэх нь бий. Янгир бол зөвхөн үржлийнхээ үед хосынхоо төлөө тэмцэлддэг амьтан. Хэн хүч чадалтай нь үржилд ордог гэсэн үг. Хүч чадал багатай нь дараа жилийг хүлээдэг ийм л тогтолцоотой.

- Янгир хэдэн ишиг гаргадаг вэ?

- Янгир ихэрлэх дуртай амьтан. Архангайд нэг эмэгж (янгирын эмэгчинихэр ишиг гаргасан талаар байгаль хамгаалагчид мэдээлсэн. Бид нар үүнийг албан ёсоор үзэж батлаагүй байгаа ч байгаль хамгаалагчид зураг хөргийг нь авсан бий. Харин янгирын яг тэдэн хувь нь ихэрлэдэг гэсэн судалгаа байхгүй, тухайн амьтны удам зүй, ихрийн удам зэргээр зохицуулагдана.

  Янгир ямаа нь аравдугаар сарын сүүлчээс 11 дүгээр сарын сүүлч хүртэл бараг нэг сарын үржилд ордог. Дулаан газар арай орой, хүйтэн газарт арай эрт орно. Ямаатай адил гэж ойлгож болох юм. Тиймээс аравдугаар сард үржилд орсон бол дөрөв, 11 дүгээр сард бол тавдугаар сард ишиглэдэг. Энэ жил Архангайн янгирын эхний ишиг тавдугаар сарын 22-нд гарсан. Ороо хөөцөлдөөнд орсны дараа нийллэгийн хугацаа нь 10-20 хоног үргэлжилнэ. Эмэгж хээлээ тээх хугацаа 140-175 хоног байдаг. Тэх нийллэгийнхээ үед 5-15 эмэгжинд гүйнэ. Ишиг нь төрсөн өдрөөсөө явж чадах ч яг төрсөн тэр газраа долоо хоног орчим хад бутны ёроолоор хэвтэж, сарын дараа өвсөн тэжээлд ордог. Харин намар хүртэл сүүгээ хөхөж, дараа жилийн төллөлтийн үеэс эхлэн бие даан амьдардаг жамтай.

- Янгирыг зүсээр нь яаж ялгадаг вэ?

- Зүс нь улирлаа дагаж өөрчлөгддөг. Одоо бол сайхан улаан зүстэй болчихсон байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн үс ноос нь унаад шинээр ургаж байгаа үйл явц юм. Эр амьтад нь илүү их өнгө зүсний ялгарлыг үзүүлдэг. Янгирын хамгийн том нь харлаг алаг тэх юм. Зүс, эвэр нь эр, эмээсээ шалтгаалаад өөр өөр. Бид барьж авсан бүх янгирынхаа биеийг хэмжсэн. Тэгэхэд эмэгжийн эвэр 25-30 см байна лээ.

Архангай аймгийн Булган ууланд сэргээн нутагшуулахаар аваачсан янгираа сул тавьж байгаа нь.

- Говь гурван сайханаас Богд хан ууланд анх хэдэн янгир авчирсан нь одоо хэд болж өсөөд байгаа вэ?

- Богд хан ууланд анх 15-ыг авчраад сүүлд хоёр билүү, гурван янгираар хоёр удаа цус сэлбэсэн гэдэг. Одоо бол 300 дөхчхөөд байгаа ч идээших боломжит хад асга багадаад байгаа юм. Түүний улмаас Нүхтийн амны хүний суурьшлын бүс рүү их орж ирдэг, заримдаа зам дээр гарч ирж машинд дайруулах, зэрлэг нохойд бариулах тохиолдол гарч байна. Тэгэхээр Богд хан ууланд янгирын тоо толгой хангалттай өссөн ч амьдрах орчны хувьд өөр газарт тэлэх боломжгүй болсон учраас хүний оролцоотойгоор энэ популяцийг хамгаалахын тулд Архангай, Хөвсгөл аймагт сэргээн нутагшуулах ажлыг хийж байгаа юм. Амьдрах орчин хязгаарлагдмал нөхцөлд тоо толгой өсөхөөр өрсөлдөөн ихсэж, өөр эрсдлүүд бий болдог тэр зүй тогтол бодит болоод байна. Мөн бид генетикийн судалгаа хийж байгаа бөгөөд Архангай, Хөвсгөл аймагт Богд уулнаас аваачсан янгирын генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хугацааны дараа өөр газраас сэлгэн нутагшуулна. Харин тэр болтол одоо аваачсан амьтад маань тухайн газартаа сайн дасан зохицож байх учиртай юм.

- Монгол улс янгирынхаа тоогоор дэлхийд хэддүгээрт орох вэ?

- Янгир дотроо олон зүйлтэй. Манай Монголд байгаа нь Сибирийн янгир (Cabra Sibirica). Азийн янгир гэж нэрлэх нь бий. Монгол, Хятад, Орос, Казахстан, Дундад Азийн гурав дөрвөн оронд тархалттай. Бусад янгирын зүйл улс орон бүрд янз бүр. Сибирийн янгир ямааны тархац нутгийн зургийг үзэхэд нэлээд хувь нь манай оронд байдаг. Монголд бол 36 мянга байна. Харин бусад оронд хэд байгаа тухай статистик мэдээлэл алга. Монгол дахь янгирын үндсэн тархац нутаг нь Алтайн нуруу, Алтай Саяны бүс нутаг буюу Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Их тайга, Говь гурван сайхан, Номгон сум, хамгийн зүүн талдаа Их нартын байгалийн нөөц газрын ойр орчимд бий.

- Хөвсгөл, Архангай аймагт янгир аваачихын тулд яаж сонгож, барьсан бэ?

- Зэрлэг амьтан тэр тусмаа янгирыг барьж сэргээн нутагшуулах ажил бол хүний ой тойнд тийм амархан орохгүй байх. Яагаад гэхээр хад асга дамжиж амьдардаг тэр амьтныг барьж аваад мал эмнэлгийн үзлэг хийнэ гэдэг амаргүй. Шинэ нутагт аваачих амьтан олон улсын стандартын дагуу хамгийн эрүүл, амьдрах чадвар сайтай байх учиртай. Бид энэ журмын дагуу зарим нэг ишигтэй болон хөгшин ямааг суллан тавьснаас бусдаар хамгийн хүч тэнхээтэй, амьдрах чадвартайг нь барьж авч чадсан. Барьсан янгируудаас эрүүл мэндийн шаардлага хангахгүй нь бага байсан гэсэн үг.

   Бид янгираа барихдаа тор мөргүүлэх арга ашигласан. 500-700 метр тор татаад тэр торныхоо зүгт янгирыг шахна. Янгирыг шахахад хүний хүч их хэрэгтэй. 15-20-иулаа гарч уул хадаар яваад тодорхой зохион байгуулалтад орж тал талаас нь тор байгаа зүг рүүгээ янгирыг туусан. Чонын үргээлгэтэй төстэй гэж ойлгосон ч болно. Мэдээж Богд хан ууланд явганаар явсан. Автомашин, мотоцикл болон мориор явах ямар ч боломжгүй. ХААИС-ийн Биологи, агнуур зүйн ангийн төгсөгч, оюутнууд бүгд оролцож, мэргэжлийн ур чадвараа сайжруулах дадлага хийсэн. Хэн хаана юу хийх вэ гэдгийг маш тодорхой болгож, дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллалаа. Амьтан тор руу ирж явахад урд нь харагдахгүй байх, нуугдах нь чухал учраас тэр багийн нэг хүн л алдаа гаргахад нэг өдрийн ажил нурдаг. Тиймээс алдаагаа ухамсарлаж сайжирч байв. Тэрнээс биш эхний өдрөө л янгир бариад байгаагүй. Янгирыг яаж барих аргаа олтлоо тав хоногийн хугацаа зарцуулж, алдаа оноогоо дүгнэсэн. Үүний үр дүнд зургаа дахь хоног дээрээ анхны янгираа барьсан. Анхны арван янгираа барихдаа их дадлага хуримтлуулж чадсан болохоор дараа дараагийн янгир барих ажиллагаа хурдан байсан. Тэгсэн хэдий ч санаагаар болохгүй зүйл байна. Янгираа хөөгөөд ирэхэд тор нь салхинд уначихсан байх үе ч таардаг. Тэр үед нь хүмүүс тороо буцаагаад тогтоох гэж байвал буцаад үргээд давхичихна гээд олон зүйл бий л дээ. Гэрийн ямааг хүртэл барьж авахад багагүй хөдөлмөр ордог доо? Тэрэнтэй харьцуулахад олон сорил бий. Гэхдээ хийх сэтгэл зүрх байхад арга нь олддог. Цаашдаа бид энэ аргаа улам сайжруулж, улсын хэмжээнд янгир ямаа барихад ингэнэ, тэдэн хүн оролцоно, шилжүүлэн нутагшуулахад тээвэрлэхдээ хайрцаг сав нь ийм байна гээд бүгдийг нь тодорхой болгож үлдээнэ. Бид янгир зөөх хайрцагаа олон улсад тахь сэргээн нутагшуулахад хэрэглэдэг хайрцагтай дүйцүүлж хийсэн нь зөв болсон. Тухайн амьтныг тээвэрлэх явцдаа ая тухтай, аюулгүй, замын стресс багатай байлгаж чадсан.

- Барихдаа ашигласан тэр тор нь ямар вэ?

- Зэрлэг амьтныг барихад хоёр метр өндөр, 25х25 см нүхний хэмжээтэй, зөөлөн олсон материалтай тор хийж ашигласан. Учир нь, торонд амьтан ороход биеийг нь зүсэхгүй, гэмтээхгүй байх ёстой. Тэр тороо янгирын ирэх замыг амдуулж П хэлбэрээр татдаг. Ингээд янгир торыг ирж мөргөөд орооцолдоно. Янгир дээд тал нь 140 см орчим өндөр учраас хоёр метр тор амьтныг бүтээж унаж байгаа юм.

- Ингээд торонд орооцолдоод унасных нь дараа яаж барьж авах вэ?

- Торонд орсон амьтнаа тайван байлгахын тулд хурдан очиж нүдийг нь боодог. Аливаа зэрлэг амьтны нүдийг боохгүй бол хараагаараа байхдаа улам тэмцэж, зүрхний ачаалал нь нэмэгддэг. Тиймээс нүдийг нь боогоод, хөл гарыг нь хайрцагт хийхэд тохируулж уяад дамнуургаар зөөж хайрцагт хийж тайвшруулна.

- Нүдийг нь бооход хэр их хүч шаардах вэ?

- Нэг янгир дээр 2-3 хүн очих ёстой. Нэг хүн бол барахгүй. Эхлээд торноос нь салгаж нүдийг нь бооход их ажила орно. Гэтэл энэ ажиллагааг аль болох л хурдан хийх учиртай юм. Барьсан амьтан торондоо удвал эрсдэх, бэртэх ч магадлалтай.

Барьсан янгираа Улаанбаатараас автомашинаар зөөв үү?

- Тэгсэн. Автомашинаар зөөх тийм амар биш. Бид засмал замаар 850 км орчим явж Хөвсгөл аймгийн Жаргалант хаан ууланд аваачсан. Ачааны том машин учраас хурдан давхиад байхгүй. Бид 10 хайрцаг багтах машинаар зөөсөн. Тав таваар нь хоёр эгнүүлж ачсан. Автомашин бүхээгтэй учраас бороо, дуу чимээнээс тусгаарлах зүйлтэй. Ингэж явахдаа амьтнаа байнга ажиглана. Манай багийн малын эмч дотор нь орж амьтан бүрийг ажиглаж явсан. Хэрвээ амьтны үйл хөдлөл энгийн биш байгааг ажиглавал сэргээх, дэмжих тариа хийж байсан. Тухайн амьтан сульдаад ирэхээр судас тариа хийх зэргийг дэмжих гэж байгаа юм.

Янгирыг сэргээн нутагшуулах газар руугаа автомашинаар зөөж байгаа нь.

Барьсан амьтны нүдийг хурдан боож тайвшруулах хэрэгтэй гэлээ. Тэгвэл аль болох хурдан эрүүл мэндийн үзлэгт оруулаад сэргээн нутагшуулах газартаа авчрах хэрэгтэй юү?

- Тэгж ойлгож болохгүй. Тухайн амьтнаа хүний гараас хурдан гаргаж зориулалтын хайрцагт оруулах үйл явц нь хурдан байх ёстой. Харин хайрцагтаа дассан хойно нь тээвэрлэнэ. Гэнэт өндөр ачаалал авсан амьтныг шууд автомашинд ачаад аваал явчихаж болохгүй л дээ. Тэр амьтныг хүн тууж ирээд, торонд ороод баахан сандарчихсан байгаа. Тэгэхээр тухайн амьтан хайрцагт ороод хүний нөлөөгүйгээр тайвшрахад 2-3 хоногийн хугацаа ордог. Хүн өөртөө дасгаж байж дараагийн тэврэлтийг хийнэ гэсэн үг. Дасгалгүй шууд ачвал эрсдэх магадлал их өндөр. Манай малын эмч маш туршлагатай хүн байсан. Энэ ажлыг ер нь тал талын мэргэжлийн хүмүүс л хамтарч хийлээ.

Янгир сэргээн нутагшуулах ажилд ямар ямар мэргэжлийн хүмүүс оролцсон бэ?

- Малын эмч, амьтан судлалынхан оролцсон. ХААИС-ийн Биологи, аялал жуулчлалын тэнхим, Мал эмнэлгийн сургуулийн багш оюутнууд нэг баг боллоо. Манай сургууль БОЦУӨЯ, Богд хан уулын ДЦГ, Хөвсгөл, Архангай аймгийн БОАЖГ, Жаргалант, Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтарч ажиллаж байна. Цаашид энэ ажилд нийгэм, эдийн засгийн чиглэлийн хүмүүс оролцож болно.

- Барьсан янгирынхаа эрүүл мэндийг хэрхэн шалгасан бэ?

- Зэрлэг амьтан гэдэг бол байгалийн шалгарлаараа л амьдардаг амьтад. Хүчтэй нь амьдардаг учраас тухайн  бодгалиуд амьдралын шаардлага хангасан байдаг. Тиймээс бид насыг нь л анзаарсан. Бэртсэн, сульдсан амьтан сэргээн нутагшуулахаар шинэ газар руу авч явахгүй. Аль болох л үржилд орох насны залуу бодгаль сонгож авсан. Олон улсад бол энэ янз янзын түвшинд бий. Зэрлэг амьтныг сэргээн, сэлгэн, шинээр нутагшуулах гэсэн ойлголтууд байдаг. Энэ дотроо аль ангилалд хамаарч байна, зоо паркаас байгальд тавих гэж байна уу, байгалиас амьтны хүрээлэнд үү гээд өөр өөр арга аргачлалтай байдаг. Бидний хувьд хамгийн залуу, эрүүл янгир гэдгийг анхан шатны үзлэгээр л тогтоочхож байгаа юм. Шууд очоод бариад авчхаар номхон дорой амьтан байвал ямар нэг өвчин, бэртэл гэмтэлтэй гэсэн үг болно шүү дээ. Тийм зүйл огт байхгүй цовоо сэргэлэн амьтад барьж малын эмчийн үзлэг хийсэн. Цаашлаад өвчнийг нь нарийн анхаарч үзэх хэрэгтэй. Богд ууланд хонь, ямаа бэлчдэггүй учраас халдварт өвчин байхгүй.

- Та нар яг хэд хоногийн хугацаанд хэдэн янгир барьж авсан бэ?

- Янгир барих ажлыг 5-6 хоногт багтаасан. Тэрнээс удаан байх боломжгүй. Тодорхой тооны амьтан барих төлөвлөгөөтэй учраас аль болох бөөнд нь барьдаг. Тэрнээс нэг амьтан бариад дараагийнхаа барина гэвэл цаг удна. Тэгэхээр эхний амьтнаа тавих асуудал үүсэж ч болно, эрсдэж ч магадгүй. Ер нь сэргээн нутагшуулах ажлын гол зарчим бол тухайн амьтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, үхэл хоргодолгүй байлгах юм. Тиймээс үзлэг хийх зэрэгтэйгээ нийлээд долоо хоногт багтаасан. Янгир барьснаас хойш 3-4 хоногийн хугацаанд хүний гар дээр байлгадаг.

- Барьсан амьтдаа үзлэгт хамруулах, тээвэрлэх явцдаа өвс, ус тавьж өгөөд явж байсан уу?

- Тэр бүр өвс, усыг гэрийн мал шиг идэхгүй. Тодорхой хэмжээнд навчит ургамал түүж бэлтгээд тэрийгээ багцалж боогоод амных нь харалдаа уяж хооллосон. Усыг мөн саваар шүрших маягтай амтыг нь мэдрүүлж уулгасан.

- Энэ ажлын зардал хаанаас гарсан бэ?

- Хоёр тусдаа зардал гарсан. Архангай аймгийн янгир ямаа сэргээн нутагшуулах ажлын зардлыг тус аймгийн 1999 оны төгсөгчдийн холбооноос нутгийнхаа 100 жилд зориулан гаргасан юм. Харин Хөвсгөл аймгийнхийг БОАЖЯ гаргаж байна. Одоогийнхоор бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

- Янгир хэд насалдаг вэ?

- Судалгааны ажлуудад 15-17 насалдаг гэсэн нь бий. Бид бол тэмдэглэсэн янгир ямаагаа хэд наслахыг харна, судална. Энэ ажлыг дагаад хийх олон судалгаа байгаагийн нэг нь энэ. Бидэнд олон зүйл олж мэдэх сонирхол ч бий. Янгир очсон нутаг орондоо яаж дасан зохицож байна, хэд насалж байна гэдгийг бид өөрсдөө турших боломж бүрдлээ. Түүнээс биш Монголд албан ёсоор янгирыг ишигтэй нь тэмдэглээд тэд хүрээд үхлээ, шүд нь ийм боллоо гээд нарийн судалсан юм алга. Шинжлэх ухааны хувьд ингэж судална гэдэг асар их хөрөнгө зардал, хугацаа шаардах ажил юм.

- Бид янгирыг Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” шүлгээр төсөөлөх нь бий. Өндөр наслахаараа өндөр ууланд очиж зогсоод эврээ даахгүй үхдэг гэх мэт. Гэтэл янгир яг ямар онцлогтой, экосистемд ямар үүрэгтэй амьтан бэ?

- Энэ шүлэг хүмүүст янгирын талаар ойлголт өгсөн сайхан шүлэг. Яг бүх янгир тэхийн зогсоолд очдог гэсэн зүйл бол байхгүй. Янгир өглөө, оройд уулын орой дээр гарч зогсож алсыг харах зан төрхийн онцлогтой. Хамгийн өндөр хадан цохионы орой дээр гарч алсыг хардаг. Гэхдээ үхэх хоргодох үед нь байгалийн шалгарлаар махчин амьтад бариад идчихнэ. Янгир ямаа бүр зогсож байгаад эврээ даахгүй үхдэг гэсэн судалгаа байхгүй. Шинжлэх ухаан талаасаа бол хөгшин амьтан биеэ хамгаалах чадваргүй болж махчин амьтанд баригдана, зудыг давахгүй өлдөж үхнэ.

- Насаар нь юу гэж ангилдаг вэ?

- Эр янгир буюу тэхийг насаар нь ангилж нэрлэсэн байдаг. Хамгийн залуу 2-3 настай хязаалан тэхийг бавдай гэнэ. Эвэр нь 30 см орчим ургасан байдаг. Дараагийнхийг нь өндөр улаан тэх гэнэ. 5-6 настайг нь загал, 8-12 настайг харлаг алаг, түүнээс дээш настайг нь халиун тэх гэдэг. Шаазгай шиг алаг болсныг нь харлаг тэх гэдэг юм. Эмийг нь эмэгж гэх бөгөөд төл нь ишиг. Хоёр настай төл нь борлон болно.

- Тэхийн зүс нас ахих тусам хувирдаг гэсэн үг үү?

- Тийм.

- Алсыг харах дуртайгаас гадна янгир өөр ямар зан төрхтэй вэ?

-  Хад цохио бүхий газар сүргээрээ амьдардаг. Төллөх газар нутаг нь тусдаа байдаг. Яг тухайн төллөдөг газраа л очиж төллөдөг. Төллөх үедээ сүрэг үүсгэж тухайн газраа очдог гэж судлаачид бичсэн байна. Мөн эр, эм нь намраас бусад улиралд салангид явж тусдаа сүрэг үүсгэдэг. Сүрэг дотроо эрэмбэтэй. Хамгийн томоос жижиг хүртлээ хэвтэр нь хүртэл тусдаа, холилдож хэвтэхгүй. Нас насаараа ялгарч хэвтэж байгаа нь ажиглагддаг. Сүргийн цэгц гэж бий. Хамгийн хүч чадалтай, нас ахимаг нь сүргийг цэгцэлдэг. Аюул мэдэрвэл бусдадаа дохио өгдөг учраас илүү сонор сэрэмжтэй, хянамгай байдаг.

- Янгирын ноолуур ямар байдаг вэ?

- Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй ч ямааныхаас илүү нарийн микронтой гэж уншсан. Хамгийн сайн ноолуурын микрон 14 бол янгирынх энэнээс илүү нарийн, ноолуурын чанар сайтай гэдэг.  

- Та янгирын тухай ямар аман түүх мэдэх вэ?

- Аман түүх гэхээс илүү янгир хадны сүг зурагт их дүрслэгдсэн байдаг. Баруун Алтай, говийн бүс нутгийн хадны сүг зурагт янгир ямааг их дүрсэлсэн байдаг тул энэ амьтан хүмүүсийн ахуй амьдралд ойрхон байсан гэж судлаачид дүгнэсэн нь бий. Харин “Таван эрдэнэ” дуун дээр “Аргалийн удамт хонин сүрэг” гэдэг нь буруу. Харин “Янгирын удамт ямаан сүрэг” гэдэг нь үнэн байх боломжтой. Учир нь, гэрийн болон янгир ямаа хромосомын хувьд адилхан. Мэдээж үүнийг цааш нь судлах хэрэгтэй. Би айлын хотонд янгирын ишиг байхыг харж л байсан. Гэрийн ямаа янгир ямаатай үржилд орж л байдаг.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.