"Манчестер Юнайтед"-ын шүтэн бишрэгч Б.Очирваань гэх залуу Монголоос Англи хүртэлх 14 мянган км замыг туулах аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2024.06.11/ аяллаа дуусган эх орондоо ирж, өөрийн гэр бүл, дугуйн спорт сонирхогч найз нөхдийн хамт баяраа хуваалцав. Тэрбээр шүтэн биширдэг Манчестер Юнайтед багийнхаа тоглолтыг үзэхээр уг аяллаа эхлүүлсэн бөгөөд мөрөөдлөө биелүүлэн Лондонд хүрч, Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд "FA Cup"-ийн хагас шигшээ "Коунтри Сити", "Манчестер Юнайтед" клубүүдийн тоглолтыг үзжээ.
Түүний талаар Манчестер Юнайтедын фэн пэйж хуудас “The True Red Devils”-д онцлон дурдсан нь дэлхий дахинд хүрч чадсан юм.
Нэг жил тойрсон аяллынхаа талаар тэрбээр “Хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгоо биелүүлээд эх орондоо ирлээ. Халуун дотно хүлээж авсан бүх хүмүүстээ баярлалаа. Маш их саналаа. Гайхалтай, аз жаргалтай мэдрэмж байна. Яг одоогийн байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай байгаа. Бага зэргийн зовиур, их хэмжээний ядралттай байна. Бүх цаг үед энэ бүхнийг үл тоож, зорьсон зорилгынхоо төлөө явж ирлээ.
Мэдээж гэр бүл, надад хайртай хүмүүс минь санаа зовж байсан ч гэсэн өөрийн зорьсон зорилго, шийдвэртээ бат зогсож чадсан учраас энэ аяллынхаа туршид нэг ч удаа больё гэж бодож байгаагүй.
Миний төсөөллөөс дээгүүр маш олон зүйл болсон. Шүтэн биширдэг тамирчинтайгаа уулзана гэж огт мэдээгүй. Миний тухайн үед гаргасан мэдрэмжийг та бүхэн харсан байх, үнэхээр гайхалтай байсан. Энэ аяллын туршид үгээр илэрхийлэмгүй гайхалтай мөчүүдийг мэдэрсэн” гэв.
Б.Очирваань 26 настай бөгөөд спортын дэд мастер цолтой. Тэрбээр залуучуудад хүсэл мөрөөдлөө биелүүлэх урам зориг өгсөн төдийгүй цаашид ч илүү том зорилгын төлөө зүтгэсээр байна.
toimmedee.mn