Ойрад –монголын эдийн соёл:

Юүдэн: Баруун монголчуудын зуны малгай. Зуувиндуу хэлбэртэй шовгор оройтой, хоёр чихтэй /хацар/ урт шилтэй, өрөвтөр хоёр бүч нь голдуу улаан өнгөтэй байдаг. 2 хацар, ар шилийг цагаан өнгөөр давхар болон дан хөвөөлж, дотуур нь өлзий ба алхан хээг шаглаж оёно. Эрчүүдийнх нь дээд орой цулгуй, охид сэвгэрийнх өлзий хээг шаглаж оёно. Хоёр чихийг /хацрыг/ урин дулааны улиралд ар шилд нь бүчээр уяж, хүйтэн салхитай үед буулган бүчилж өмсөнө. 
Тэрлэг: Даавуугаар хийсэн Ойрад –монгол эхнэрийн зуны хувцсыг тэрлэг гэнэ. Тэрлэгийн энгэр монгол дээлийн хэлбэртэй, бүслэгээрээ залгаатай, хормой өргөн, хормойн дээд хэсгийг бүслэгийн залгаасанд олон хуниас гарган оёсон байна. Баяд, дөрвөд эхнэрийн тэрлэг маш уужим ханцуйтай, буулгамал нударгатай, цагаан даавуун захтай байдаг бол хотон эхнэрийнх нь нударгагүй, шулуун ханцуйтай байдгаараа онцлогтой, Дээрх угсаатны эхнэрүүдийн өмсгөл өнгөөрөө бас ялгаатай. Баяд улаан, ягаан, дөрвөд хөх, хотон хар өнгө хэрэглэж ирсэн эртний уламжлалтай юм. Тэрлэгийг зөвхөн эхнэр хүн л өмсөх бөгөөд охид, сэвгэрүүд өмсдөггүй. 
Цэгдэг: Ойрад –монгол эхнэрийн тэрлэг дээр өмсдөг өмсгөл. Цэгдэг хантааз маягтай, ханцуйгүй боловч урт хормойтой, энгэр нь хормой хүртлээ шулуун задгай, ар талдаа бүслэг хүртэл урт оноотой байна. Цэгдэгийн тууш энгэр, 2 мөр, суга, бүслэгийн хэсгүүд өргөн хоргой эмжээртэй байна. Цэгдэгийн 2 хормой өргөн биш, цээжний хэвнэг маягийн хэсэг нь бие барьсан тул бүсгүйчүүдийн галбирыг гоолиг нарийхан болгож харагдуулна. Цэгдэгийн бүслэг хүртэлх энгэр 6-8 тана буюу мөнгөн товчийг хосоор нь урт шилбэ гарган хадна. Цэгдэг нь цагаан өнгийн бөсөөр хийсэн захтай байдаг нь Алтай таван богдын ноён оргилыг хүндэтгэж хийдэг гэдгээс гадна цагаан өнгийн алчуурт хүүхэд өлгийдөж дайнаас авч гарсан мөн эхийн цагаан сүүтэй адилтгаж хийдэг уламжлалтай юмаа.Захны хуниасыг 8-12 гэсэн тэгш тоогоор хийдэг. Тэрлэг, цэгдэг хос хувцасыг салгаж дангаар өмсөхийг цээрлэдэг уламжлалтай. 
Токог: Баяд, дөрвөд эхнэрийн гоёл чимэглэлийн зүйл, Токогийг цалин цагаан мөнгөөр хийнэ. Цэгдэг, тэрлэг, токоггүйгээр гэргий байх учиргүй тул хүндэтгэл, ёс зүйн гүн агуулгатай. Токог эртний монгол бүсгүйчүүдийн шивэрлэгийн хожуу хэлбэр боловч овог ястнаар өвөрмөц ялгаатай. Баяд эхнэрүүд хорол ба цэцгэн хэлбэртэй “чөмгөн токог” дөрвөд эхнэрүүд эрвээхэй, загасан хэлбэр бүхий токог хэрэглэнэ. Токогийг гэзэгний гэрний үзүүрт суганы доор зүүдэг бөгөөд ихэвчлэн найр наадам, хүндэтгэл, баяр ёслолын үед зүүнэ. 
Чачваг: Хотон эхнэрийн гоёл чимэглэлийн зүйл юмаа. Чачвагийн дээд хэсгийг улаан өнгийн торгомсог эдээр хийж түүний доод үзүүрт нэг сөөм хэрийн тав тавьж гол дунд нь өлзий хээ тавьж тавнаас доош урт 6, богино 2ш санжуурыг шүр сувд хэлхэн гаргаж түүн дээрээ 2-3 үе мяндсан цацаг гаргана . Хоёр үетэй бол бага гарын чачваг, 3 үетэй бол их гарын чачваг гэнэ. “Хотон ардын дуунд Боос борогч гүүтэй хаймнам, Бодын үнэтэй чачвагтай хаймнам ”гэж дуулдаг нь их үнэтэй эрхэм нандин эд болох нь тодорхой юмаа. Чачвагийг зөвхөн хотон хүмүүс хэрэглэнэ. 
Боодог: Нөхөрт гараагүй ойрад сэвгэрийн үсний зүүлт. Нас бие гүйцэхэд үсээ 20 салаа сүлжиж, үзүүрт нь “боодог” хэмээх онцлог чимэг билэгдлийг зүүдэг нь гэр бүл болоогүйн илэрхийлэл юмаа. Боодог: сэнж, шилбэ, тав, цацаг гэсэн үндсэн хэсгээс бүрдэх ба 3.6.9.12 салаа байна. 

Бүс: Бүс нь үндсэн хоёр зориулалттай. Нэгдүгээр үүрэг нь урт хормойтой хувцасыг хумин эвсээрхэн, дулаахан болгох нөгөө нь хүн алив хэрэгцээтэй хутга, хавтага, байлдааны болоод ангийн сүх, сумны саадаг, агсарга зэргийг биедээ өвөртөлж авч явдаг зориулалттай. Бүсийг бүслэхдээ нар зөв эргүүлэн үзүүрийг баруун ташаандаа уяж бүслэнэ. Бүс алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисыг эвлүүлж, бүтээх утга агуулдаг гэдэг утгаар нь бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлэнэ. 

Госан: /Гутал/ Госыг булигаар, илэг, сарьсаар хийх бөгөөд гоёлын, ажлын, настайчуул, хүүхэд эмэгтэйчүүдийнх гэх мэт ялгаатай байна. Гоёлын госан 2-3 давхар ногоон сарьсан хавчаартай, хээ угалзтай байдаг бол ажлын госан дан хавчаартай цулгуй байна. Улны эсгийг тэмээний ноосон утсаар нягт ширж, амсрыг цагаан даавуугаар бүрж мөн ширнэ. Ойрад гутлын нэг онцлог бол эсгий зуузайг тусд нь ширж, гуталдаа оёдог тул өсгийгөөрөө нугардаггүй. Гутлын улыг үхрийн толгойн ба нурууны зузаан ширийг боловсруулан хийгээд эргүүлэн халуун төмрөөр хайрдаг нь ус бороонд төдийлөн норж хэв янзаа алддаггүй.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.