Өөрийгөө төрөхөөс өмнөх үйл явдлуудыг мэдэж авахгүй бол насан туршдаа гэнэхэн байх болно хэмээн нэгэн гүн ухаантан айлдсан нь бий. “Эх нутаг, Үндэс угсаагаа эрхэмлэх, төрсөн нутаг усаа хайрлах чанар бол Монгол хүн бүрийн эрхэмлэх зүйл юм “хэмээн Академч М.Төмөржав дурьдатгалдаа бичжээ. Баядууд нүүдэллэн ирсэн эхэн үедээ “Туулайн зоо” хэмээн нэрлэгдэж байсан одоогийн Тогтохын шилээс Улаангомын газар хүртэл нутаглаж байсан гэдэг. Цаашид тогтон сууриших нутгаа асууж тодруулахаар одоогийн Зүүнговь сумын харьяат Дагжидийнхны дээд удмын хүн Шаравжимбэ хэмээх ламыг явуулж Түвдийн далай ламтай уулзуулахад Далай лам: - Та нарын зүүн хойт зүгт уул, говь, ус билчээр тэгширсэн уудам сайхан нутаг байгаа юм байна түүнийг эзлэн сууж жаргатугай. Тэр нутгийнхаа дөрвөн өндөрлөг дээр бие биенээ харсан дөрвөн овоо босгож тахивал зохилтой хэмээн айлдаж 4 бумба өгч буцаасан гэдэг. Эдгээр бумбыг Зүүнговийн Өгөөмөр, Хяргасын Цагаанхайрхан, Малчины Баянхайрхан, Тэсийн Цагаан эрэг хэмээх алсаас бие биенээ харж байх боломжтой газарт залж овоо босгон одоо ч тахисаар байна. Овоо тахиж шүтэх нь ядаж байгаль орчин, өв соёлоо унаган төрхөөр нь хадгалах онцгой ач холбогдолтой байдгий бид яахан андах билээ. Баядын ноён Цэрэнмөнх нутаг хуваахынхаа өмнө хошуу ноёдыг урьдчилан явуулж газар нутгийн байдалтай танилцуулжээ. Одоогийн Тэс, Зүүнговийн нутагт суурьшсан ноёд газар орны байдалтай урьдчилан танилцаад Тэсийн гол, Алтан элсний нутаг сайн нутаг байна хэмээн шинжиж, ухаан зарахаар шийджээ. Хоёр ноён бусдыгаа ирэхэд унтагчаан болж хэвтэж байгаад Тэсийн өвөг ноён:- бор бургаснаас өөр түлээгүй , бор туулайнаас өөр хүнсгүй тэр Тэсд аль хошуу оногдох бол гэхэд Зүүнговийн өвөг ноён:- шаваг голдуу түлээтэй, шаргачин голдуу хүнстэй тэр элсэн бөөрөгт аль хошуу оногдох бол хэмээн зүүдлэн хэлж байгаа дүр үзүүлжээ. Үүүнийг сонссон ноёд муулсан нутгийг үлдээж бусдыг нь түрүүлэн хувааж авсан гэдэг. Өндөр хүрэн Өгөөмөр нь Өлзий буяны нутаг Өмнө нь мэлтийх Баяннуур нь Өсгөн аривжуулах рашаан Түүхэн товчоо. 1750 –иад оны үед Алтайн нурууны өвөр, Эрчис мөрний эхээр нутаглаж байсан Дөрвөдийн ноён Цэрэн, Цэрэнуваши, Цэрэнмөнх нар харъяат ардуудаа авч Чингэл ,Цагаанголоор нутаглаж байсан баядуудын хамт одоогийн Ховд аймгийн Үенч, Бодончийн хавцлаар дамжин Алтайн нурууг давж, Төв халхын нутагт нүүдэллэн ирсэн гэдэг. Манжууд тэднийг Заг, Байдраг, Түйн голын эхээр нутаг заан суурьшуулж, 1754 онд Сайн заяатын Зүүнгарын чуулганд 11 хошуу болгон зохион байгуулж захируулжээ. Дөрвөд далай хааны Баян мандал хошууны харъяа Жарт- Эрдэнэ гүн, Дөчит- Түшээ гүн, Хорьт- Ра гүн болон Дэжээлэнгийн хийдийн жасын 30 орчим албат нар цагаагчууд, Бурдууд, Тайжууд, Хотон, Зөөд, Шангас, Хасгууд, Борлууд, Шарнууд, зэрэг овгийн 200 орчим өрхийн 800 гаруй хүн одоогийн Зүүнговийн уугуулууд гэгддэг. Дөрвөд далай хан аймгийн Зүүнгарын Мэргэн, Цэцэн, Хурц, Эрдэнэ гүний хошуудын нутагт Зүүнговь сум оршино. Ардын засгийн Догсом тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт засан тохинуулахаар ажиллаж, засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийж байснаас Баян мандал уулын хошуунд ажиллах төлөөлөгч Баяртжав гэдэг хүн 1927 онд хойт бөөргийн Нүүдэлт гэдэг газарт зохион байгуулсан ардын хурлаас Зүүнговь сумыг Чандмань уулын аймгийн харъяанд анх байгуулжээ. 1931 он хүртэл Баян-Эрдэнэ сум гэж нэрлэж байгаад 1931 оноос Зүүнговь хэмээх болсон байна. Тэр үед сумын төв “Хар усанд” зусаж Нарав хэмээх газар (Мукаадаанхны дээд удмын бууц) өвөлждөг байгаад 1941 оноос “зэл”-д шилжин суурьшсан юм. 1934 оны 8-р сарын 26-нд БНМАУ-ын СнЗ-ын орлогч бөгөөд Сангийн яамны сайд Догсом, Тагнан Тува улсын ерөнхий сайд Жүрмэддаш нар хилийн хэлэлцээ хийгээд асуудал шийдэгдээгүй тул энэ үеэс хоёр тал хилийн харуул томилон ажиллуулсан байна. Зүүнговийн чиглэлээр Ш.Чуучай, М.Бинтэн, С.Мятав нарыг тухайн үедээ бичиг ном сайтай хүмүүс, Тувагийн талаас Дугар-Оол гэгчийг томилжээ. Тэр үед хилийн харуулууд нь хилийн зөрчлийг таслан зогсоох, хоёр талын иргэд харилцан зорчиж ажил хэргээ амжуулах зэргийг зохицуулдаг байсан аж. Энэ нь одоогийнхаар бол Хилийн цэрэг, Гаалийн албаны үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг юм. Нутгийн тухай товчхон. Зүүнговь сум Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун сум болон хойт талаараа ОХУ-ын Тува улстай хиллэнэ. Сумын төв нь Зэл. Бадаа, Олон нуураас, Хар бураагийн эх Давхарын царин , Гурмасны голоос Дөрөө нуур, Ар хөдөө хүртэл 402,2 Мянган хавтгай дөрвөлжин км нутгийг эзлэн оршино. Улаангомоос 134 км, Улаанбаатар хотоос 1300 км зайтай орших бөгөөд хамгийн өндөр цэг нь Өгөөмөр уул далайн төвшинээс 1343,1 м өргөгдсөн байдаг . Бас Өгөөмөр хайрхан уулан дээрээс Зүүнговь сумын нутаг бүхэлдээ харагддаг онцлогтой. Зүүнговь сумын даргаар 1927 оноос (анхны дарга нь) Бэлгийн Цэвээн, Г.Цэдэв, Б.Лхамсүрэн, Г.Чулуун, Ө.Чойдон, Ч.Цэдэв, Ц.Бүрнээ, Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү, С.Намсрайжав, М.Дашзэвэг, Б.Ядамсүрэн, Ч.Чулуунбаатар, Ц.Батэрдэнэ, М.Туяа, С.Нэргүй нар ажиллаж, тэд ажилласан хугацаандаа нутаг орноо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж иржээ. Зүүнговь сум 2014 оны жилийн эцсээр 678 өрхийн 2640 хүн амтай, 104653 толгой малтай, Шилжин ирэгсэд нь шилжин явагдагсдаасаа нэмэгдсэн Хөдөлмөрийн насны 1386 хүнтэй, Сумын төвдөө 204 өрх айл амьдардаг, хөдөөдөө 474 өрхтэй , бүртгэлтэй ажилгүйчүүд 13 болжээ. 2014 онд мал сүрэг нь бараг нэг дахин нэмэгджээ.Түүний дотор 1981 онд Тэмээн сүргийг өсгөх улсын уралдаанд шилгарч ГАЗ- 53 машинаар шагнуулж байсан сум 684 тэмээтэй болжээ. Энэ нь Баянхонгор мэтийн аймгийн нэг тэмээчний тэмээнээс ч цөөн боловч урьд онуудаасаа өссөн дүн юм . Энэ нутагт 13,5 км урт, 4,5 км өргөн, 32 мянган метр кавдрат талбайтай Баяннуур болон Багануур, Шаварт нуур, Олон нуур, Рашааны нуурууд Баян гол, Дэлгэр, Хойт гол, Нарийны гол, Хустын гол, Гурамсан, Урт булаг зэрэг голууд тэдгэрийн сав дагуу рашаанбулгууд, говийн гайхамшигтай баян бүрдүүдтэй. Нутгийн дийлэнх хэсгийг Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойт хэсэгт оршдог бөөрөг дэлийн” алтан элс” эзэлдэг, говийн бүсийн сум юм. Байгалын баялгийн хувьд Цагаан алт, нефтийн болон Хужир марааны арвин их нөөцтэй, Хар уулын орчимд зос ашиглах боломжтой, Зэсийн илэрц бүхий газар ч байдаг, Тахилтын ууланд шороон будгийн ордтой, Элсний дээжийн шинжилгээгээр шил хийх боломжтой нь тогтоогдсон элсний хязгааргүй их нөөцтэй билээ. Энэ нутаг тэр бүр нарийн судлагдаагүй үндсэндээ онгон дагшин хэвээрээ байна. Зүүнговьд Бор гөрөөс, Тарвага, Туулай, Чандага, Үнэг, Чоно, Хярс, Мануул, Дорго, Өмхий хүрэн, Цагаан үен, Заарт харх нутагладгийн дээр зарим жилд нохой зээх, зэрлэг гахай, буга нүүдэллэн ирэх нь бий. Нуур цөөрөм баян бүрдүүд арвинтай, шувуудын нутаг юм. Ховч шаазгай, Зөнч хэрээ, Эртэч болжмор, Алтан хараацай, Амгалан тагтаа, Ногтруу, Явлаг сар, Идлэг шонхор, Начин шонхор, Улаанхошуут, Халбаган хошуут, Хар алагтуу, Бялзуухаа, Дагуурын ятуу, Хар тодос, Адууч, Уран шувуу, Ангир, Зэрлэг нугаснууд, Гангар, Хун,Хулан жороо, Тоодог, Өрөвтас, Тас, Бүргэд, Элээ, Цахлай , Бор хар галуу, Тогоруу, Уль, Шар шувуу, Цагаан дэглий, Өвөөлж, Хөхөө зэрэг шувуудтай. Алаг даага, Шар сүүл, Чичүүлүүд болон Сарьсан багваахай, Зараа, Могой, Гүрвэл зэрэг нь энэ нутгийн амьтны ертөнцөд багтана . Мөн төрөл бүрийн загастай нуур голуудтай. Зүүнговийнхны гол онцлог бол өвөлдөө – 56 хэм хүртэл хүйтэрч зундаа нэмэх 43,2 градус хүртэл халдаг эрс тэрс уур амьсгалтай боловч мал сүргээ тогтмол өсгөж ирсэн тэсвэр хатуужилтай, хөдөлмөрч уламжлалтай малчид олонтой, Урт булгийн рашаан, Нарийний баруун, зүүн эх,Буурал тохой, Дөрөө нуур, Баян нуурын хоол зэрэг гайхамшигт баян бүрдүүд, Чацаргана, Долоогон, Улаалзгана, Зээргэнэ зэрэг жимс, Жууцай, Чихэр өвс, Таван салаа зэрэг эмийн ургамалаар баялаг хараад ханашгүй үзэсгэлэнт газрууд олонтой нутаг юм. Зуд болох магадлал, 2-3 жил, ган болох магадлал 5-6 жилд тохиолддог гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Зүүнговь их хурдны өлгий. Увс аймгийн алдарт хурдан хүлгүүдийн түүхийг Зүүнговийн хурдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түшээ гүний дээд удам, баядын алдарт бөх Батмөнх ноён урсгал сөрөн ундаалж байсан дөнөн хөх морио Ойрадын баатар Амарсанаад зүслэн барихад “Танай нутгийнхан үеийн үед шандаст хурдан адуутай болтугай” хэмээн ерөөсөн гэдэг. Эх орон нутгаа хамгаалан тэмцэж явсан баатар эрийн унаа залгасан Зүүнговьчууд өдийг хүртэл хурдан шандаст хүлгээрээ алдартай хэвээрээ байна. Түүхийг сөхөн харвал 1928-1938 оны хооронд аймгийн наадамд Жумарган Чүлтэмийн хээр завсаргүй 11 удаа түрүүлж байхад Хүнхлээн Балжины Хул, хязаалан, соёолондоо буюу 1936,1938 онуудад, Дондогийн хээр 1939,1940 онд, Гүрдаянгийн хээр 1945 онд, Жамъяангийн Гомбосүрэнгийн халиун 1946,1947 онд, Сүрэнгийн Цэгмэдийн хээр 1952 онд,Түдэвийн Гөлгөний их, бага шарга, хар морь нь 1954,1955,1956,1959 онуудад, Балжирын Хийрэвийн хээр1958,1960 онуудад , Ганган Зундуйн зээрд, Мягмарын Хасаагийн саарал, Царнаа Бандийн хээр, Аазайн Басангийн сартай хээр тус бүр нэг удаа аймагт түрүүлж байсан ба 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Гатавын Сорогжавын зээрд, 50 жилийн ойгоор Чарчины Гочоогийн алаг, Намжаан Цэдэнгийн хул 1963 онд, Дандиан Батаагийн их хээр 1971 онд, Даваагийн ЦэндАюушийн шарга,шар хээр 2001 ,2003, 2004 онуудад, Зундуйн зээрд морь 1993 онд аймгийн наадамд тус тус түрүүлж байжээ. Зүүнговийн Тохой багийн “Тахиа” хэмээх Дамирангийн алдарт жороо хүрэн аймгийн 40,50 жилийн жороо морины уралдаанд түрүүлж байжээ. Жороо хүрэн морь, орой морь барих, их насны түрүү морины пайзийг жороо явдлаараа төвөггүй өгдөг алдартай хүлэг байсан юм. 1998 оны баруун бүсийн их хурд даншиг наадам Увс аймагт зохион байгуулахад Зүүнговийн Хоохдойн Ганбаатарын их улаан айрагдаж байсан бол Жутандаан Баттулгын хул 2001 онд аймгийн наадмын аман хүзүү, 2002 онд Зүүнговь, Хяргасын наадмын түрүү, 2005 онд Зүүнговийн наадмын түрүү, Баруун бүсийн их хурд наадмын их насны уралдааны аман хүзүү авч байв. Түдэвийн Чулуунбаатарын хаймар хээр 2001 онд аймгийн наадмын аман хүзүү 2002 онд түрүү авч байлаа. Энэ бол эрт урьдаас эдүгээ хүртэл дөнөн хөхийн удам тасралгүй, Ойрдын баатар Амарсанаагийн ергөсөн ерөөл билгийн эрчим биеллээ олсоор байгаагийн баталгаа буй заа. Аргамаг хурдан хүлгүүд нь Амар вангийн аравнайтай Ажилсаг олон уяачид нь Аймаг улсдаа алдартай Хустын гол нутаг нь Хурдны удмаа ундаалдаг Хүйтний оргил нутаг нь Хөрслөг түмнээ чийрэгжүүлдэг Алдарт малчид. Зүүнговьчууд бэлчээрийг хуваарьтай ашигладгаараа Улс даяар туршлага нь түгсэн. Түүнчлэн байгаль, цаг ууртайгаа гаргуун сайн зохицон амьдарч сурсан малчидтай билээ. Мод ховортой говь нутаг. Өвөлд онцгой хүйтэрнэ. Малдаа цасаар хашаа барьж дулаахан өвөлжүүлнэ. Энэ нь бас хаварт буурь бууцандаа өвс ургах усны нөөц болно. Өвөл цас их орж өвөлжилт хүндэрсэн үед “дальпуу” чирч цас хусаад ядарч дориотсон малаа идээшлүүлнэ гээд бусад нутагт тэр болгон байдагггүй арга ажиллагааг онцгой сайн эзэмшсэн хөдөлмөрч ард түмэн юм. Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд Осор, Х.Лувсан, Б.Баж, Т.Живзээ, Т.Гөлгөн, Д.Пужуу, Д.Аръяа, Б.Баатар, нарын малчид шалгаран оролцож байв. Хөдөлмөрийн баатар цолыг Ц.Сундуйжав, Д.Цэрэн, Малчин Б.Цэвээн нар Улсын аврага малчин цолыг Гавъяат нэгдэлчин Дамдины Тайсаа, Н.Нямаа,Хөдөлмөрийн баатар Б.Цэвээн болон малчин Түүвээн Дүүдээ, А.Гөлгөн, Б.Данзан, М.Мишиг, Д.Моголдой, Б.Намдаг, Б.Дорж нар Басангийн Насанбат, Пужуугийн Олонбат нар залуу аврага малчин цол тус тус хүртсэн юм. Мянгат малчин Зодовын Дамдинсүрэн, Даваагийн Цэнд-Аюуш, Пүрэвийн Гүрцоо, Дандиагийн Батаа, Хоохдойн Ганбаатар, Дарамын Сундуй, Ленинградад жуулчилж байсан малчин Ч.Сорогжоо, ихэр ботго бойжуулж байсан аймгийн аврага тэмээчин Д.Пагважав, ихэр тугал байжуулж байсан сумын аварга үхэрчин Ш.Жамбаа гэх мэтээр тоочвол тэргүүний олон арван малчдыг нэрлэж болно. Зүүнговьд 1956 онд “Говийн хөгжил” нэгдэл байгуулагдаж 1992 онд татан буугдаж хувьчлагдсан юм. Малыг шууд хувьчлахгүйгээр эзэд дээр нь данслаад шинэ маягийн Хоршооны хэлбэрт шилжүүлэн хөгжүүлэх гэж тэр үеийн сум, нэгдлийн дарга, АИХ-ын депутат агсан С. Намсрайжав ихээхэн чармайлт гаргаж бүх багт хурал цуглаан зохион байгуулж, ухуулга яриа хийж намайг дагуулан хамт явж байлаа. Уг санаа нь бүтсэн бол нэгдлийг Олон улсын жишигт нийцсэн , тодорхой эзэнтэй өмч бүхий ХАА-н хоршоо болгоод нэгдлийн нэртэй байсан өмч хөрөнгө, хашаа худагаа устгалгүй, хамтын хөдөлмөрийг нь боловсронгуй болон үргэлжлүүлэх саналтай байсан юм. Харамсалтай нь Улс орон даяар мал шууд хувьчлах шийдвэр гарсан болохоор цаг үеийн ханшийг дагахаас аргагүй болсон байх. Бадаа, бага бөөрөг нутаг нь Байгалаас шимтэй газраа Баатар, Гавъяат малчдын Багшрах сүргийн билчээрээ Ар бөөрөг, хөдөө нь Асар тансаг билчээртэй Адгуулж өсгөсөн сүрэг нь Ашдын их буянтай Зэл,Бураа,Гурамсан нь Зусаж намаржихад өнтэй Зүүдний зэрэглээт говь нь Зүрхэндээ хадгалмаар шүтээн Зүүнговь Эрдэмтэн мэргэд, эх орончид урлаг спортын алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн нутаг. Тус сумаас Шинжлэх ухааны Доктор Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, Академич Мятавын Төмөржав, шинжлэх ухааны доктор професор Гэндэнгийн Очирбат, Сайхүүгийн Цэрэндаш, Чойдонгийн Зэгиймаа, Аюудайн Очир, Жамбалын Цэцэгмаа болон доктор Цэрэвийн Дагвасүрэн, Гүнтэвийн Цагаанхүү, Биньяагийн Лааган, Банздайн Сайнжаргал, Лхагваагийн Жаргал, Тайсаан Даваажав, Гүнтэвийн Өлзий, Даваан Цэгээнжав, Даржаан Галбадрах, Лэгшидийн Төвхөө, Тогмидийн Эрдэнэдэлгэр, Нямдоогийн Дамдинжав, Чойдонгийн Зээнямбуу, Даваан Өлзий, Сорогжоон Очирбат, Дамдинсүрэнгийн Болдбаатар, Равжирийн Батсүх, Бат-Очирын Цогтгэрэл, Бямбажавын Төвшинтөгс, Тайсаан Нэмэхжаргал нарын чадварлаг олон эрдэмтэн мэргэд Улсын арслан Хайдав, Улсын начин Солан, Төрмөнх, Алтансүх, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер М.Цэнгэнбаяр, Самбо, Жүдо бөхийн спортын мастер Л.Чинбаяр, Л.Чинтогтох, Чөлөөт бөхийн спортын мастер Сорогжоон Дугармаа, Дорлигийн Ганхуяг, Далайн Энхболд, Батаан Аминдаваа, Аймаг сумын цолтой Т.Хайдав, Д.Дашдаваа, Г.Далай, Готовсүрэн, Лхайс, Лхагваа, П.Гүрцоо нарын олон хүчит бөхчүүд төрөн гарсан. Энэ нутгаас Монгол улсын баатар Түүвээн Дүүдээ, Ахмад дайчин Бинъеэн Аюурзана, Бандийн Баж, Аазаан Гөлгөн, Намсрайн Гэлгээ, Тамжидийн Гэндэн, Бинъеэн Лааган, Шавдайн Жамбаа, Цагаачийн Найдан, Ожилдойн Намсрай, Түмэнгийн Сайнхүү, Бүргэдийн Сүрэнхор, Нямын Сүрэн, Жамъяангийн Тавхи, Тужваан Цэвээн, Түдэвийн Цээлэй, Өсөхийн Чойдон, Доньдуугийн Аръяа, Батын Аюудай, Дүндээн Баагдай, Бизъяан Баатар, Барын Баатар, Аазайн Басан, Хулцайн Бямбасүрэн, Басангийн Гэлэнхүү, Түдэвийн Гөлгөн, Баатаррын Дорж, Тужваан Дорж, Дамдингийн Даваа, Энхбаярын Дарамсид, Түүвээн Дамдинжав, Сүрэнгийн Дүүдээ, Түвшрүүлэхийн Жалцан, Зундуйн Намчин, Шонтлойн Норов, Чойрогийн Орших, Чинсээгийн Орших, Энхбаярын Осор, Дүнхэрийн Сайнхүү, Даваагийн Түдэв, Жигжидийн Тая, Очоогийн Тарав, Түүвээн Түдэв, Луглааны Төмөртэй, Дамирангийн Цогзол, Аюушийн Цэнгээ, Жумдааны Ядамжав, Сэргэлэнгийн Шарав нарын 48 хүн албан ёсоор үнэмлэхээ авсан ба үнэмлэх аваагүй ахмад дайчид олон байжээ. БНМАУ-ын Улсын бага хурлын депутатаар Гээвээн Цэрэндорж, Бунзаан Жавзан, Өөгийн Жүржээ, Түвшингийн Жавзаа нар Ардын их хурлын депутатаар Дамбийн Дорлигжав, Лэгцэгийн Дүүдээ, Бандийн Жаргал, Сэмжидийн Намсрайжав, Цэрэнгийн Сундуйжав, Бүргэдийн Сүрэнхор, Дамдины Тайсаа, Бажийн Цэвээн, Гатавын.Чингэл нар Улсын Бага хурлын гишүүнээр Дамбийн Дорлигжав, Лувсангийн Цог- Очир нар, Улсын их хурлын гишүүнээр Дүрзээгийн Одхүү тус тус сонгогдон ажиллаж байлаа. Тус сумаас төрийн шагналыг М.Төмөржав, Б.Лааган, Б.Сүрэнхор нар “Монгол улсын гавъяат” цолыг Дамдины Тайсаа, Намчины Нямаа, Мятавын Төмөржав, Тужваан Цэвээн, Баатарын Жүгдэр, Эжээн Тойвгоо, Гүнтэвийн Цагаанхүү, Жинсүрэнгийн Жавзмаа, Дарамсидийн Цэрэнсамбуу нар хүртээд байна. Зүүнговьчууд буурал Сэсрэн, Цэдэв, Хүрхрээ Харцага, Зулын Осор, Ганган Зундуй, Замбал, Дүүдэй, Жумдаан нарын нэртэй туульчид Чавганцын Торгууд, Эжээн Тойвгой зэрэг хөөмийчид, Сэсрэнгийн Түнжээ, М.Тогтох, Хулзана нарын хуурчид , ах дүү Бүргэд, Агваан, Т.Пүрэв, А.Удвал нарын бийчид, Дуучин Ж.Жавзмаа, Р.Дэлгэрмаа, Ж. Долгорсүрэн, Соёлын төвийн эрхлэгч Т.Цэрэнханд зэрэг олон арван авъяастныг нэрлэж болно. Зүүнговь цас их унадаг хүйтний туйл болсон нутаг болохоор энэ нутгаас цанын спортын мастерууд олноор төрөн гарсан юм. Тухайлбал: Улсын аврагаар 19 удаа, Хотын аврагаар 20 удаа шалгарч байсан цаначин спортын мастер Н. Пүрэвжав, Цанын спортын мастер Д.Өлзийсайхан, Б.Дамиран, Ц.Эрдэнэ Очир, Н.Энхбат, Н.Оюунчимэг, Л.Цогтхүү, С.Дорждэрэм, Б.Болдбаатар, Ц.Отгонбаатар, Х.Амартүвшин, Д, Мөнхжав нар, Даамын спортын мастер Дүүгээн Дагдан, Цэрэннадмидын Сэржмядаг, Зунгаравын Янжмаа, Одон бөмбөгийн спортын мастер Жаргалын Балжинням, Уулын спортын мастер Лхамаагийн Тогтохсүрэн, Шатарын спортын мастер Амарбаянгийн Даваадорж, Гар бөмбөгийн спортын мастер Дарамын Батаа, Эмнэг сургалтын спортын мастер Бүрэнтөгсийн Басан, Алтангэрэлийн Нямсамбуу, Сааюугийн Батсуурь нарыг нэрлэж болно. Энэ бүхэн нь оюун ухаан, эр зориг, бие бялдар, тэвчээр хатуужил хөдөлмөрч ажилсаг чанараараа хэний хэнтэй ч адил хүн зоны шавхагдашгүй арвин нөөцтэйг илтгэнэ. Тост улаан бөөрөг нь Торгон сүргийн нутаг Тодорч гарсан суутнууд нь Тэнгэрлэг язгуурын удам Их нүүдэлд өртсөн нь. Зүүнговь сумын хувьд Тува улстай хиллэдэг хэсэг нь Тохой баг юм. Эрт дээр үеэс хана багтахаараа бууж, хазаар багтхаараа идэж эвтэй найртай аж төрж ирсэн ард түмэн өөрчлөн байгуулалт, зах зээлийн шилжилтийн шуурганд автаж лангуун дээр давснаас өөр бүтээгдэхүүнгүй болж байх үед амь зуухад хүндэрч байсан билээ. Энэ явдал зөвхөн Зүүнговийн Тохой багт биш бусад нутгууд тэр дотроо ОХУ-ын Тува улсад ч илүү хүндрэлтэй байсан. Нийгэм эдийн засгийн энэхүү өөрчлөлт нь хил залгаа улсуудад янз бүрээр илэрч байв. Урд өмнө нь хааяа ганц нэг малын хулгай гарч түүнийг таньж мэдэх хүмүүст сайн захивал сураг ажиг нь гардаг олддог байлаа. Шилжилтийн хүндхэн үед хилийн малын хулгай газар авч бүр сүүлдээ зэвсэгтэй дээрмийн хэлбэрт шилжсэн . Энэ нь эхлээд энэ нутгийн адуу мал цөөрч, үхэр, тэмээ, бог мал хулгайлах , дээрэмдэх хэлбэрт шилжиж харилцан буудалцдаг болж ирсэн юм. Хулгайд алдагдсан малынхаа хойноос явж заримыг олж буцаж яваад амандаа буудуулан дахин дээрэмдүүлсэн ч амьд үлдсэн тэр үеийн “амьд” гэрч Онь хэмээх Ж. Амарбаян одоо нутагтаа аж төрж байна. Иймэрхүү байдалтай амь зуух нь ихээхэн эрсдэл, хүндрэлтэй болж тайван газар бараадан зах зээлд ойртохоос өөр аргагүйд хүргэсэн. Эхлээд Булганы Баяннуур, дараа нь Сэлэнгэ аймгийг чиглэн ах, дүү төрөл садан, найз нөхдөөрөө нэгдэн нүүдэллэсэн юм. Нарийны голд үндсэндээ 5-6 хот айл үлдэж бусад нь бүгдээрээ хамрагдсан юм. Угийн хөдөлмөрч хүмүүс болохоор очсон газраа аж төрөх аргаа дорхноо олж, идээшин дасаж, хөдөлмөрч чанараа гайхуулан цөөнгүй нь мянгат малчид болцгоож тав тохитой амьдарцгааж байна. Энэ нь нэг талаас харахад нутаг сэлгэн зах зээл бараадсан мэт байсан ч нөгөө өнцгөөс нь харвал баядууд эрт цагт амьдарч байсан нутаг усандаа эргэн очсон үйл явдал болсон мэт. Тохой баг ийнхүү нутаг нь түр эзгүйрсэн ч зэргэлдээ Тэс сумаас олон айл шилжин суурьшиж баг татан буугдалгүй үлдсэн нь олзуурхууштай. Төрж өссөн нутаг усаа орхин нүүх тийм ч амар байгаагүй нь мэдээж бөгөөд тэд нутаг усандаа ирж очин хүйн холбоотойгоо мэдрэн аж төрцгөөж байна. Буурал Тохой нутаг нь Буяны их даллагатай Сар хайрхан шүтээн нь Сайжруулан илааршуулдаг рашаантай Нарийны голын ундарга нь Найдвартай шүүгдсэн рашаан Намайг цөглүүлсэн нутаг нь Маанийн бичээстэй дэнж Хэлмэгдүүлэлтийн сүүдэр. 1930-1940 оны хооронд 110 орчим хүнийг хилс хэргээр хоморголон баривчилж, 84 хүнд цаазаар авах ял оноон амь насыг нь бүрэлгэсэн байна. Үүний дээр10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсч эргэж ирэлгүй зүйл дууссан байдаг юм. Тэдгээр хүмүүсийн дотор 70-аас дээш настай хүмүүс 6, 32-аас доош настай залуус 5 байжээ. Тэрч бүү хэл хараагүй болоод 20 орчим жил болсон 50 гаруй настай хүн ч байсан байна. Хэлмэгдэгсэд нь дээд, дунд лам, маарамба, жирийн малчин ардууд, нэн ялангуяа олон малтай сайн малчид олноор хэлмэгджээ. Эдгээр хүмүүс нь хэлмэгдэгсдийн цагаан номонд бичигдэж хожимдсонч гэсэн цагаадсан билээ. Тэднийхээ гэгээн дурсгалд зориулж тухайн үеийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Д.Батаа нарын ивээн тэтгэлгээр Сумын төв дээр босгосон хаш цагаан гантиг чулуун дээр алтан үсгээр нэрийг нь бичиж мөнхжүүлсэн 106 хүний нэртэй хөшөө гэрэлтэн байдаг нь үр ач, ах дүүсийнх нь сэтгэлийг зөөллөн байдаг . Түүх, домог, хууч яриа. Тод бичгээр бичигдсэн Дөрвөн ойрдын түүхийн сурвалж бичигт: “Баядын ноён Цэрэнмөнхийн хүү цэцэн сайн эр Чимэг харваач Даваач хааны хорионд нас барж, хоёр ач хүү нь амьд байгаа сураг сонсоод Цэрэнмөнх ноён, бөх Батмөнх ноёныг дагуулж Хааныд очсонд Чингэсийн архадтай”хоёр шарын арьс нийлүүлж хийсэн” архи хайрласанд Батмөнх бөх дөрвөн найтаг залгаж хийсэн уньтай өргөөнөөс өргөн гарсанд шинэ булигар гутлын ул байрандаа мултран үлдсэнд их нутгаар гайхав” хэмээн өгүүлсэн байдаг. Тэнд Ойрдын баатар Амарсанаа баядын алдарт бөх Батмөнх ноён нар анх танилцсан гэдэг. Түшээ гүн эрдэм оюунаараа Дамбийжанцанг номхотгосон нь. Дамбийжанцан Түшээ гүн Түдэвийг олон удаа дуудуулсан боловч очихгүй байсаар идэр гурван ес эхэлсэн тэсгэм хүйтэн өдөр ороо буур хөлөглөн, Хулцаан жороо хар морь унасан залуу хөтөч дагуулан очсон гэдэг. Түшээ гүн Амарсанаа баатраас дамжин ирсэн цэцэн хавсрага буугаа шийрлэн тавиад Жа ламтны амар амгаланг айлтган мэндчилэхэд: Жа ламтан мэндийн хариугүй ихэмсгээр таныг олон удаа дуудаад байхад яагаад хожимдов гэхэд хариуд нь Түшээ гүн Хууль зүйд үл нийцэм хуудасхан цаасанд бичсэн зарлан дуудах бичгийг чинь аваад яваг ядуу, ховог хоосон өвгөн ноён би бээр буураа унаад будан мананд төөрөөд хөх өвлийн хүйтэн, хүйтэн сарын жаварт хөр цас малтсаар хүрэлцэн ирлээ хэмээсэнд: Жа лам: - Өвгөн ноёнд идээ ундаа барь гэжээ зарц нар нь Хурган лүүтэй архинаас жингийн ногоон вааранд амсар дүүрэн мэлтэлзүүлэн барихад Түшээ гүн өврөөсөө нэг лааз дарь, нилээд хэдэн багц зүү гарган ирж зүүгээ хугачин дарийн хамт архинд хийж савхаа сугалан хутгаж байгаад манай ёсонд” идээ эзнээ таньдаггүй” гэдэг юм багштан эхлээд нэг тогтоочих гэсэнд Жа лам ихэд сандарч та тогтоо та тогтоо гэжээ. Түшээ гүн хариуд нь ваартай архийг ууж үлдсэн зүүг нь тачигнатал зажлан залгиж хэсэг сууснаа: - Одоо хоёюулаа цэц мэргэнээ сорье эхлээд та өвөртэй байгаа” ахар хараараа” намайг бууд дараа нь би “урт шараараа” таныг буудъе гэхэд Жа лам инээгчээн аядан чичирч – Өвгөн ноён ингээд эрхлээд байдаг юм хэмээн хэлээд ямарч гэм зэмгүйгээр буцааж байсан гэдэг. Энэ явдлыг тэр үед түшээ гүнийд ажиллаж байсан Жоордонгийн Гатав, Орших нар ярилцаж байхад Орос хэлний хэмээх Ч.Сундуй тааралдан сонсож тэмдэглэн үлдээжээ. Түшээ гүн Түдэв 1885-1923 онд Зүүнговь сумын одоогийн суврага баг орчим нутгийн хошуу ноён, Батмөнх ноёны 6 дахь удмын хүн юм. Дөнөн хөх. морь одоогийн Зүүнговь сумын суврага багийн Хулцаагийн дээд удмын адууных байсан гэх.” Дөнөн хөх-”ийн хүрэл хөшөөг Хулцаагийн зээ хүү Г. Батсүх хариуцан Зүүнговь сумын төвд босгосон нь нутгийн сүр сүлд болон гэрэлтэх боллоо. Дөнөн хөхийн хариу талархал болгон өгсөн Цэцэн хавсарга буу анх бүтээгдэхдээ буман амьтнийг хороох чадалтай гэж буман цэргийн буруу дөрөөнөөс авч буруу мушгиж хийсэн хонин цахиур буюу цэцэн хавсарга гэх буу аж. Уг буу Түшээ гүний ноёны удам Жур тайжийн хүү Чойполынд байсныг Улсын төв музейд шилжүүлжээ. Хөө хуяг нь Аймгийн музьяад бий. Тоомсог Шагж. Хасгуудын Баянцагааны Баянзулын Шагж нь Дөрвөд Далай хааны Арван баядын Эрдэнэ гүний хошуунд 1902 онд төржээ. Түүний төрсөн ах том Жимбэ, үеэл ах Шаламгай Равдан, Шуудаг Балбар нар нь түүнийг өндөр амжилт гаргахад эрс нөлөөлсөн бөхчүүд байсан гэдэг. Тоомсог Шагж дэндүү том биетэй асар их бяр чадалтай гайхалтай сайхан бөх байсан тухай одоо ч яригдсаар байдаг. Даншигийн заан цагаан шүдэн Моломтой Дэжээлэнгийн наадамд үзүүр түрүүнд барилдаж түрүүлж байсан гэх. Шагж морь унаад явж байхыг харахад хоёр морь уначихсан юм шиг харагддаг байсан хэмээн хууччуул ярьдаг юм. Тэр нас бие гүйцсэн эмнэг хангал адууг хурга ишиг шиг сугавчлан эр бяраа гайхуулдаг байсан аж. Тэсийн алдарт бөх улаан гуя Жамбал 6 удаа таарч барилдаад олонхид нь унаж байсан тухайгаагаа хүмүүст хуучилж тийм арал бяртай бөхтэй тэр болгон таарч барилдаггүй байлаа гэж байжээ. Шагжийн ач Д.Батаа Улаанбаатар хотод амьдарч байгаа ба түүний хүү Аминдаваа нь жү-до бөхийн спортын мастер, аймгийн начин цолтой барилдаж байна. Эрдэнэ гүн нь одоогийн Тохой баг орчмын нутгийг захирч байсан хошуу ноён юм. Бух ноцолдооны бөх Бадарчийн Сэмжид. Ра гүний хошуунд 1902 онд төрсөн аж. 1930-аад оны дундуур Ховд аймагт болсон Баруун бүсийн Даншиг наадамд явахад нь Ра гүний хошууны Чинбүрэн гэдэг баян хүн өөрийн адуунаас “Хулгана хөх “хэмээх сайн морио өгч 300-аад км газрыг ганцхан хоногт туулан очоод түрүүлж байсан гэх. Рааш гүн ноён одоогийн Баян нуурын өмнө хэсгийг захирч байсан хошуу ноён аж. Энд оюун ухаан, шандаст хүлэг, бяр чадлын гайхамшгийн төлөөлөлийн талаар цухасхан дурслаа. Энэ мэтчилэн олон арван үүх түүх, домог яриа, бодит хүмүүсээрээ бахархаад барахгүй гайхамшигт нутаг билээ. Орсын нэрт эрдэмтэн Л.Н. Гумилевын ” Улс үндэстэн газар дэлхийгээс эрч хүч авдаг” Манай дэлхийн хүн, мал, амьтан, ургамал нарнаас гэрэл, илч дулаан, био идэвхит эрчим хүчийг, од гаригаас сансарын эрчим хүчийг, газрын гүнээс атомын эрчим хүчийг авдаг” гэх онолын үүднээс үзвэл Зүүнговийн хүмүүс нь илүү ухаалаг, эрч хүчтэй, билэг оюун төгс, бяр чадал ихтэй, эр зоригтой, хүлэг морьд нь шандастай, мал сүрэг нь тэсвэр хатуужилтай, байгалийн эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон, ган зуд байгалийн бэрхшээлийг даван туулах чадвартай байхаас аргагүй байгаль экологийн бүх нөхцөл бүрэн бүрдсэн нутагт амьдарцгаадаг билээ. Нутгийн маань сүлд ард олноо улам бадрангуйгаар ивээх болтугай. Зүмбэрэл хайрхан Өгөөмөр нь Зүүнговьчуудын тахилгат шүтээн Зүйрлэшгүй дайчин баядуудын Зүүдэлж сонгосон нутаг Ойрын жилүүдэд Зүүнговь сумыг хөгжүүлэх хувийн санал 1. Төрлөх нутгаа цөлжилт элсний нүүдлээс, бэлчээрээ оготноос хамгаалах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх 2. Уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж, газар тариалантай ямар нэг хэмжээгээр хослуулах шаардлагатай. Харин нутгийн ашиг шим өндөртэй үүлдэр угсааг шилж сонгож үржүүлэх ажлыг малчдад ойлгуулж дэмжих. 3. Хүнийхээ нөөцийг хийх гэж байгаа зүйлтэйгээ бодлоготойгоор уялдуулан бэлтгэж дэлхийн хэмжээнд мэдээлэлжиж, нутагтаа хийлгэх. 4. Баруун бүсийн хэрэгцээг хангах хэмжээний цонхны шилийг нутагтаа хийх үйлдвэр, будгийн цех байгуулах. Сум хөгжүүлэх сангаа хэдэн жил зориулахад л хэрэгжинэ. 5. Ямарч хүчиллэггүй цэвэр ус үндсэндээ энэ орчинд, Зүүнговиос өөр нутагт бараг байхгүй. Эрүүл мэндэд ээлтэй усаар бүсийнхээ зах зээлийг хангах . 6. Монголын уламжлалт технологитай өрхийн үйлдвэрлэлээ дэмжээд сэргээхэд л өрх бүр үйлдвэрлэгч болчихмоор. Үүний тулд Японы ”баян нутаг” гэдэг ажлын туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой. Мэдээж нутгийн зон олон хийж чадна харин түүнийг санаачилж, зохион байгуулж, хэрэгжүүлэх нь л менежерүүдээс хамаарна. Одоогийн болон ирээдүйн дарга нартаа найдаж, амжилт хүсье. Удирдахуйн болон эдийн засгийн ухааны магистр , нийтлэлч Ж.Доожав. |
toimmedee.mn