Монгол Улсын харцага Т.Баасанхүүг элдэвтэй барилддаг бөх гэдэг. Бараг л хазахаас бусдыг хийнэ. 2013 онд улсын цол хүртсэний дараахан уулзаж ярилцахад цолоо ахиулахын төлөө барилдана л гэж байсан. Тэгвэл 2015 онд одтой сайхан барилдаж улсын харцага болсон юм. Түүнтэй саяхан уулзлаа.
-Увс нуур галынхаа бөхчүүдтэй бэлтгэлд гарчихаад байна. Ер нь манай гал шиг аварга, арслан, заан гээд бүхий л цолтноос бүрдсэн хүчтэй гал ховор шүү дээ. Улсад түрүүлсэн бөх гэхэд л дөрөв, тав байна. Зохион байгуулалт сайтай.
Бэлтгэлийн өвөрмөц арга барилтай. Тэр нь уламжлал болж явдаг ч хэн бүхэн тийм гээд ойлгочих боломжгүй. Цул нэгдэлтэйнх. Дэвжээний бөхчүүд маань намайг үргэлж дэмжиж байдагт баярладаг.
-Ер нь Увс аймаг гэхээр бөхийн тухай бодол орж ирдэг. Арга ч үгүй юм даа. Ойрмогхон гэхэд улсын наадмын түрүүг гурван жил дараалаад танай аймгийн бөх авч байсан болохоор...?
-Гурван жил юу ч биш биз дээ. Баянаа аварга завсаргүйгээр 10-аад удаа түрүүлсэн шүү дээ.
-Танай Тэс сум бас бөхийн даллагатай нутаг гэдэг дээ?
-Тийм ээ. Манай сум улсын цолтой бөхөөр улсдаа бараг л тэргүүлдэг байх шүү.
-Тэдний нэг нь өөрөө. Бөхийн удамтай биз?
-Эхийн талдаа удам бий. Аймгийн арслан цолтой Арслан, аймгийн заан Зана гэж ах дүү хоёр бөх байсан юм билээ. Миний ах Төрөөгийн Мягмаржав гэж аймгийн арслан бий. Бөх сонирхогчид мэднэ байх. 1970-1980-аад онд улсын аварга шалгаруулах барилдаанд байнга л ирдэг байсныг Т.Даваажав гэж миний дүү сумын заан бий. Харин улсын цолд хүрсэн нь би юм даа.
-Өөрийг чинь тун багаасаа барилддаг байсан гэж сонссон юм байна?
-Сургуульд байхдаа самбо, жүдогийн секцэд явдаг байлаа. Үндэсний бөхөөр нэг удаа овооны наадамд очоод барилдчихсан чинь түрүүлчихсэн. Санамсаргүй тэр амжилт бөхөд улам дурлахын эхлэл байж дээ. Тухайн үед А.Сүхбат аваргын барилдааныг л их үзнэ. Дотроо ийм бөх болохсон гэсэн бодол дийлнэ. Түүнийг яагаа ч үгүй зодог тайллаа гэхэд нь их уйлж билээ.
-Анхны цол чинь ямар цол байсан бэ?
-2008 онд доо. Манай аймагт аваргуудын нэрэмжит барилдаан болоход би тойргийн барилдаанд 31 бөхөөс 28 давж аймгийн начин болсон. Дараа жил нь аймагтаа үзүүрлээд аймгийн заан болсон. Тэгэхэд ах Т.Мягмаржавтайгаа үзүүр, түрүүнд үлдсэн. Тэгвэл 2012 онд Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон.
-Улсын начин болсон чинь миний санаанд тод байна л даа. Дөрвийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг давчихаад их дээр үсэрч байгаа содон дүр зураг бий?
-Их л баярласан даа. Өмнөх жил нь мөн түүнтэй дөрвийн давааны нугалаанд таарч унасан. Аралтай мундаг бөх. Нэг баригдчихвал бярдчих гээд хэцүү. Эхний жил түүнд унахдаа цол бодож яваад л унасан. Үүнийг ухаараад дахин таарахдаа юу ч бодоогүй шийдмэг сайхан үзчихье л гэж гарсан.
-Ер нь өөрөө жижигхэн биетэй. Гэтэл том бөхчүүдтэй тун адтай сайхан барилдаж харагддаг. Энэ юутай холбоотой вэ?
-Зарим хүн том бөх хэцүү. Чацдаад гэдэг. Надад бол харин том бие хаатай бөхчүүдтэй барилдах аятайхан ч юм шиг санагддаг. Хөдөлгөөн багатай байдаг. Адилхан бужигнасан бөх л хэцүү. Том хүнтэй барилдахад барьцад нь орж л болохгүй дээ.
-2013 онд Цагаан сарын барилдаанд нэг их сайхан барилдсан даа?
-Тийм ээ. Шөвгийн наймд үлдээд өнөөгийн улсын арслан Н.Батсуурьтай харцага байхад нь тунаж барилдаад давсан. Дөрөвт үлдээд тэр жил улсын начин Л.Цэрэнтогтоход унаж байлаа.
-Тэр үеэс хойш улсын харцага гэдэг өндөр цолд хүрлээ. Тэгвэл одоо цолоо ахиулчих бодол бас байдаг биз?
-Тэгэлгүй дээ. Түүний төлөө л бэлтгэлээ тасалдалгүй хийж байна. Заал танхимын барилдаанд байнга оролцдог. Энэ чинь л сайн бэлтгэл дээ. Залхуугаас хол байхыг боддог.
-Бөхийн өргөөнд өөрийн чинь барилдааныг их хардаг гэдэг юм билээ, бөх сонирхогчид. Өнгөрсөн жил аварга Ч.Санжаадамбыг нэг удаа тун уран барилдаж хаясан?
-Энэ ч тохиолдол л доо. Гэхдээ яг бужигнасан барилдаан дунд аварга намайг өөрийгөө давуулаад шидэх барьц авсан үед хөл нь цөмрөөд харагдсан. Тэгэхээр нь өсгийлдчихсөн чинь өеөдчихсөн аварга.
-Барилдаан таардаггүй бөх гэж байдаг уу?
-Тэрэнтэй барилдаан таардаггүй бөх гэж надад бараг л алга. Тэгэхдээ хэнийг ч энэ амархан гэж басаж болохгүй.
-Дархан мэх чинь гэвэл?
-Мордох, хонгодох, зөрж хутгахыг арай дөнгүүр хийдэг юм болов уу даа. Гэхдээ барилдааны явцад харж чадвал ямар ч мэх хийж болох юм шиг санагддаг.
-Сүүлийн үед бөхийн найраа гэж их болсон. Энэ талаар өөрийн чинь бодол...?
-Би үүнээс хол явдаг. Үнэнийг хэлэхэд улайм цайм найраа хийгдлээ гэдэг харахад үнэн юм байдаг. Ер нь тэгээд үндэсний бөхөд засаж залруулчихмаар юм бий л дээ. Энэ нь дүрмийн алдаа нөлөөлдөг. Үндэсний бөхийн хуучирсан дүрмийг өөрчлөх цаг болсон.
-Өөрөө ер нь хэн нэгэнд бууж өгсөн удаа бий юү?
-Би барилдаж эхэлснээсээ хойш хэнд ч бууж өгөөгүй. Хойшид ч цээрлэх юм энэ.
toimmedee.mn