Жинхэнэ одод сонгодог урлагт байдаг ч би өөрийгөө од гэхгүй

“Миний хувьд гадагшаа “гарах” цаг нь болсон…”

-Би эх орондоо амьдарч Монголынхоо театрт ажилладаг. Гадаад дотоодын уралдаан тэмцээнүүдэд оролцчихоод эх орондоо ирдэг ийм л хэв маягтай. Өмнө нь олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхэд насны онцлог, туршлага, мэдлэг, цаг ихээхэн шаарддаг учраас өөрийгөө хөгжүүлэх хүртлээ харзнасан байдалтай байв. Харин энэ жилээс гадагшаа гарч нүд тайлах төлөвлөгөөтэй байна. Урт удаан хугацаагаар явна. Түүнээс өмнө ирэх тавдугаар сарын 11-ээс бие даасан тоглолт, зургаадугаар сарын 4-нд Англи улсад тоглолт хийнэ. Миний хувьд гадагшаа “гарах” цаг нь болсон.

“Дэлхийд данстай болох амаргүй. Энэ бол зөвхөн эхлэл…”

-Гадны дуучид яаж амьдардаг, хэрхэн дуулдаг, ямар үнэлэмжтэй байдгийг орчинд нь л ойлгоно. Мэргэжлийнхээ анхан шатны мэдлэгийг тэнд лавшруулж суралцана гэсэн үг. Дэлхийд данстай болох амаргүй. Маш их хөдөлмөр зарцуулна. Магад Амартүвшинг дуурийн дуучдын чансааг тодорхойлох гарын алганд багтах дэлхийн хэмжээний уралдаанаас дөрвийнх нь шагналыг авчихсан учраас дэлхийн хэмжээний од болчихсон гэж ойлгож магад. Гэтэл энэ бол зөвхөн эхлэл.

“Урлагийнхан гадаадын оронд дурлахын учиг нь…”

-Мэдээж ямар ч уран бүтээлч гадаадад мэргэжлээрээ ажиллахыг хүснэ. Энэ нь юутай холбоотой гэхээр сонгодог урлаг баруунд 300-400 жил хөгжчихөж. Тэрийг мэддэггүй, сонсдоггүй, сонирхдоггүй хүн гэж үгүй. Тэнд орчин, уран бүтээл туурвих, амьдрах нөхцөл бололцоо сайн. Мэргэжлийн хэмжээний уран бүтээлчдийг үнэлэх үнэлэмж нь өөр. Амьдралын баталгаа өндөр. Гэтэл манай дуурийн урлаг дөнгөж 50, 60-н жилийн л настай. Нас залуу, гайгүй түвшинд яваа ч энэ нь хангалттай биш. Тиймээс хүмүүс гадагшаа гарахыг эрмэлзэж байна. Дараагийн шалтгаан нь тэнд хөгжих боломж нээлттэй. Манайхан яагаад Итали, Франц, Германд хөгжмийн боловсрол эзэмшдэг юм бэ. Хариулт нь энд л бий.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.