Дэлхий сонссон хөгжмийн цаана Монгол хүн байгааг мэдээсэй гэж хүссэн

-Чинбаа сүүлийн хоёр жил “чимээгүй” байлаа?
-Тийм ээ. Би “Давтагдашгүй эзлэн” хэмээх тоглолтоо хийснийхээ дараа хоёр жил “таг” суусан. Энэ хугацаанд их зүйл бодлоо. Учир нь сүүлийн тоглолтынхоо дараа цаашид ямар уран бүтээл хийх ёстой вэ гэдгээ эргэцүүлсэн. Тухайн үед тоглолт маань үзэгчдийн сэтгэлд хүрсэн учраас цаашдаа ямар бүтээл хийх бол гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүссэн байх.

Өнгөрөгч хугацаанд би зүгээр суугаагүй ээ. Тун удахгүй та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлүүдээрээ уулзана. Хөгжмөө сонсгоно гэхээс л тэсч ядан байна. Өмнө би өөрийгөө олохын тулд АНУ-ыг зорьж байлаа. Тэндээс дэлхийн шоу бизнес, урлагийг бодитоор үзэж, чадал хүрвэл авьяасаа сорих зорилготой байв.

Би Монгол хүнийг их азтай гэж боддог юм. Бүх зүйл санаснаар санаснаас ч илүү үлгэрийн юм шиг биелсэн нь ийн бодоход хүргэсэн. Нөгөө талаар хүн мөрөөдөж, хүсэж, тэмүүлбэл зорилгодоо заавал хүрдгийг ойлгосон.

-Америкт байхдаа дэлхийд амьд домог болсон Арета Франклины үндсэн таван  хөгжимчний нэг болж чадсан нь гайхалтай амжилт. Дэлхийн сая сая хөгжимчний гарч чадаагүй өндөрлөгт та хүрсэн. Харин яагаад тэр боломжоос татгалзаад эх орондоо ирснийг гайхдаг юм?
-Би үнэхээр хувьтай. Миний Америкт олсон байр суурь бол дэлхийн сая сая хүний мөрөөдөл.  Арета Франклин надад хөгжим тоглох бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мэдээж хүний нутагт багагүй бэрхшээл тулгарч байсан ч “Би Монгол хүн шүү” гэх бодол намайг хатуужуулсан.

Арета Франклинтай гурван жил хамтран ажиллахдаа ихийг сурсан. Нью Йоркт болсон тоглолтын дараа би түүнд “Би эх орондоо буцмаар байна. Тантай ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Өнөөдрийг хүртэл миний төлөө хийсэн бүхэнд талархаж байна” гэж хэлсэн. Ингээд л Америк дахь карьераа дуусгасан даа.

-Санаанд багтамгүй шийдвэр. Нөгөө талаас маш зоригтой алхам хийжээ?
-Хамт хөгжим тоглож байсан найзууд минь намайг мэдрэл нь муудсан гэж дүгнэсэн байх. Тэд “Яагаад ийм алхам хийж байгааг ойлгохгүй байна. Энэ амжилтад хүссэн нь хүрч чадахгүй. Хүрсэн азтай нь үхэн хатан зүтгэж амьдралаа зориулдаг” гэж сэнхрүүлж байлаа.

Арета Франклинд хүнд цохилт болсон. Түүнийг өнөөдрийг хүртэл хэн ч орхиж яваагүй. Бүр ази хүн шүү… Тэрбээр манайхаар Норовбанзад гуай байхгүй юу. Тэнгэрийн дуучин хүн. Миний цээжинд эх орноо гэх лугшилт үргэлж байсан учраас энэ шийдвэрт хөтөлсөн болов уу гэж боддог. Монголдоо уран бүтээлээ туурвия, юу сурч мэдсэнээ харуулъя гэхээс тэсч ядсан. Эх орон дууддаг л юм билээ.

-Америк явахынхаа өмнө та “Би өнөөдөр яг юу хийгээд байгаа юм бэ” гэж өөрөөсөө асуусан гэсэн. Асуултынхаа хариултыг олсон уу?
-Олсон… Хариултаа уран бүтээлээрээ дамжуулан тун удахгүй хүргэнэ. Би багаасаа л рок поп урлагт эргэлт буцалтгүй дурласан хүн. Харин тэрхүү рок, попын өлгий бол Америк. Тэр дундаа харуудаас эхтэй.

Тэндээс R&B, хип хоп, рок, блюз, жааз бүх урсгал үүссэн. Тиймээс Америкийг зорих ёстой юм байна гэх ойлголтод хүрсэн. Тэнд би долоон жилийн амьдралаа зориулжээ. Явсандаа хэзээ ч харамсаж байгаагүй.

-Дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн тоглож байхдаа өөрийгөө чимхэж үзэх тохиолдол гарч байв уу?
-Би Нью Йоркийн Radio City Music Hall буюу өнөөх Грэмми, Эмми наадам болдог тайзан дээр Нелсон Манделлагийн ойн баяраар хөгжим тоглож байлаа. Миний дэргэд телевизээр л үзэж заншсан жүжигчин, дуучин, хөгжимчид бодитоор зогсож байсан. Тэр үед өөрийгөө үнэхээр чимхэж үзмээр болсон. Хамгийн сүүлд Стиви Уандертай нэг тайзан дээр зогсоход зүрх амаар гарах шахсан. Гайхамшигтай мөч. Би хэзээ ч мартахгүй.

-Энэ амжилт хүртэл туулсан зам их сонин байна?
-Мэдээж зам шулуун байгаагүй. Америкт очоод эхэндээ бааранд тоглож байв. Бааранд тоглосон хоёр жил маш олон найзтай болох үүдийг нээсэн. Шулуун дардан бус овон товонтой замаар гэлдэрсээр л дээш хүрсэн. Энэ замыг туулахад миний гэр бүл найз нөхөд нөлөөлсөн.

Хэн нь ч шантраагүй. Америк хөрөнгөтөн орон. Нэг алхахад л мөнгө. Харийн оронд хөлөө олохоор зүтгэдэг хүн бүхний л адил замыг туулсан. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр л саад бэрхшээлийг давсан. Тэд маань байгаагүй бол би тэр хэмжээнд хүрэхээргүй байв. Түүнээс гадна Монгол цус, оюун ухаан нөлөөлсөн болов уу гэж боддог.

Нар сарандаа хүслээ шивнэж, мөнх тэнгэртээ мөргөдөг Монгол хүнийхээ хувьд Холливудын ууланд “Тэнгэр газрын эзэд харж байгаа бол би энэ газарт өөрийнхөө мөрийг үлдээмээр байна” гэж залбирсан.

-Таны хүсэл гайхалтайгаар биелсэн төдийгүй Барак Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийн найруулгыг хүртэл хийсэн шүү дээ.
-Тиймээ, Арета Франклин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр “Country Tis’ of Thee” дуугаа дуулсан. Энэ дууны найруулгыг нэрт продьюсер Эйч-Би Барнумтай хамтарч хийсэн юм. Обамагийн тангараг өргөх ёслолын хөгжмийг бичих хэмжээнд хүрнэ гэдэг аз.

Тухайн үед би өөрийгөө дөвийлгөөгүй. Америк дахь монголчууд л мэдсэн байх. Тэр хөгжмийг бүх дэлхий сонссон. Энэ хөгжмийн цаана Монгол хүн байгааг мэдээсэй гэж хүссэн. Тангараг өргөх ёслолын өмнөхөн ихэд догдлон ээж аавруугаа утас цохиж байснаа гэнэт саналаа.

-Хөгжмийн найруулгыг яагаад хийхээр болсон юм бэ?
-Холливудын продьюсер Эйч-Би Барнум хэмээх миний хуурай ах байдаг. Бид хоёр хөгжмөөр дамжуулан бие биенээ маш богино хугацаанд мэдэрсэн. Тэрбээр 70 гарсан хүн. Залуу, хөгшин хоёр хөгжмөөр дамжин зүү орох зайгүй нөхөрлөсөн. Энэ бол хэзээ ч мартагдашгүй мөч. Түүний надад хайрласан урмын үгүүдийг би хэзээ ч мартахгүй. Тэр хүний ач буянаар амжилтын хаалга минь нээгдсэн.

-Урлаг судлаач Ц.Уранчимэг манайхан гадаадад имижээ буруу сурталчилдгаас гаднынхан Монголын талаар ямар ч ойлголтгүй гэж ярьсан. Харин таны амжилтаар дамжуулан Монгол ген, авьяасыг мэдэрсэн болов уу гэж бодож байна?
-АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райстай үг солих түүхэн боломж олдож байсан. Филаделфи хотын оркестртой тоглолт хийж байхдаа таарсан. Тэрбээр багаасаа төгөлдөр хуур тоглож өссөн бөгөөд намайг Монгол хүн гэхэд их гайхаж байв.

“Үнэхээр сайн байна” гэж урамшуулсан. Бид чадах чинээгээрээ, их бага хэмжээгээр дэлхийд өөрсдийгөө илэрхийлэх ёстой. Манай тамирчид бол үнэхээр эрчтэй, хүчтэй байна. Монголыг илэрхийлэх урлагийн бүтээл туурвилууд ихээр гараасай гэж хүсдэг дээ.

-Таныг Хөгжим бүжгийн коллежид сурч байхад “Никитон” хамтлагийн Баачка “Жорлонгийн хажуу талын ангид сурдаг, төгөлдөр хуурч бондгор жаал хаана байна” гэж сурагласаар ирсэн гэл үү?
-Тийм ээ. Баачка маань намайг хайж ирээд л манай хамтлагт хамтарч ажиллах уу гэж асууж билээ. Тэр бас хэзээ ч мартагдашгүй мөч. Олон гайхамшигтай үе миний амьдралд байсан. Намсрайжав, Мөрдорж, Мэнд-Амар гээд л ээж аавтай минь мөр зэрэгцэн нэгэн үе амьдарч байсан алтан үеийн мундгууд бүгд л миний багш.

-Амьдралынхаа туршид сайхан хүмүүстэй тааралдах нь хувь ерөөл байх аа?
-Мэдээж энэ бүхэнд миний эцэг, эхээс заяасан авьяас нөлөөлж байгаа. Нөгөө талаас өвөг дээдсийн буян гэж боддог. Тэр хүмүүсийн дэмнэж байгаа үйлэнд босож байгаа үр юм болов уу.

Энэ эх орон, гишгэж байгаа газар шороо бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хишиг. Чи бид л үүнийг дамнаж явах үүрэгтэй. Миний хувьд улсынхаа өгсөх, уруудах бүхий л нөхцөл байдлыг мэдэрч өсөж байгаадаа азтай гэж боддог. Картны барааны үеэр нийтээрээ хоосорчхоод л талханд дугаарлаж байсан үе сайхан бас эргээд бодоход их зүйл ухааруулсан дурсамж болон үлджээ.

-Яг одоо цонхоор харахад танд юу бодогдож байна?
-Цонхоор нийслэл хот минь алган дээр тавьсан юм шиг л харагдаж байна. Хамгийн эхэнд төрсөн бодол бол бид яаж ийм утаан хөшгөн дунд амьдраад байна вэ гэх бухимдал. Баян хоосон хэнийг ч ялгалгүй утаа нэвчиж байна. Монгол хүн эрүүл байж, монголчууд цэвэр агаараар амьсгалах ёстой. Миний сүүлийн үеийн бүтээлүүд яах аргагүй л байгаль дэлхий, нутаг устай л холбогдоод байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.