Ямар ч мисс, топ болохоос илүү шагнал юм

Таны амжилт 2007 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилжээ. 2010 онд Азийн супер модель, 2012 онд "Гоёл" наадмын Шилдэг загвар өмсөгч, мөн ондоо Манжуурын мисс, 2014 онд Дэлхийн миссийн шилдэг 20-д багтсан гээд амжилт тоймгүй. Энэ нэр хүндийг дагаад таны амьдралд багагүй өөрчлөлтийг авчирсан байх?

Энэ их амжилтын цаана мэдээж миний ээж байгаа. Ер нь загварын ертөнцөд хөл тавьснаар миний амьдралд цөөнгүй өөрчлөлтийг авчирсан. Надад тэвчээр хатуужил, хүнтэй харилцах соёлыг төлөвшүүлсэн. Би ер нь багаасаа л спортоор хичээллэж өссөн. Тиймээс спортоос төлөвших тэрхүү хатуужил надад илүү байдаг юм болов уу гэж боддог. Спортоор хүмүүжих боломжийг олгосон ээждээ л талархдаг даа.

Ээж нь спортын мастер хүн байдаг гэж сонссон?

Миний ээж Алтанцэцэг гээд сагсны спортын мастер хүн бий. Бас хөнгөн атлетикаар хичээллэнэ ээ. Байнга л тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнээс шагналтай ирдэг хүн дээ.

Сагсны спортын мастер ээжтэй юм чинь бага насныхаа ихэнх хугацааг заланд өнгөрөөсөн болов уу гэж бодлоо?

Тэгэлгүй яах вэ. Би багадаа гар бөмбөгийн дугуйланд явдаг байсан. Бас багагүй хугацаанд сагсаар хичээллэж, улсын аваргын медалиуд хүртсэн. Сагсны спортын дэд мастер цолтой л доо. Түүнээс гадна бүжиглэх дуртай учраас цэнгээнт бүжгийн цөөнгүй шагнал хүртэж байлаа. Тиймээс аливааг цагт нь ёс журмын дагуу хийгээд дадчихсан. Багын бүрэг, даруухан хүүхэд байсан ч спорт, урлагаас өөрийгөө олсон юм уу даа.

Хүүхэд байхдаа өнөөдрийн амжилтаа мөрөөдөж байв уу. Загварын тайзнаа гармагцаа л амжилт үзүүлж эхэлсэн гэдэг?

Тийм ээ, анх бол алхаа гишгээгээ л сайжруулах зорилгоор загвар өмсөхийг сонирхож эхэлсэн юм. Тэгсэн дугуйландаа яваад 14 ч хоноогүй байхад багш маань Дарханд болсон загварын тэмцээнд оруулчихсан. Өндөр өсгийт дээр бүрэн тогтож чадахгүй байсан би тэр тэмцээнд түрүүлснээр маш их урмыг авсан. Тэндээс л миний загварын гараа эхэлсэн дээ.

Амжилт үзүүлж, олны танил болж эхлэхэд ямар мэдрэмж төрж эхэлдэг вэ?

Гайхалтай мэдрэмж. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ямар ч мисс, топ модель болохоос илүү шагнал гэж боддог.

Мэдээж бусдын хайр хүндэтгэлийг хүлээх нь гайхалтай мэдрэмж. Гэтэл нөгөө талаас харвал энэ бүхнийг хэл ам, атаархал дагалдах нь зайлшгүй юм шиг …

Би өөрөөрөө байж, өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг. Магтуулах нь хүнд урам, зориг итгэл найдварыг өгдөг шүү дээ. Надад ч мөн адил. Тиймээс цагаан хэл ам гэхээсээ илүү магтаал, шүүмжлэлийг аль алиныг нь дааж явах учиртай юм болов уу гэж боддог. Учир нь миний гишгэсэн мөр эргээд надад, миний гэр бүл, үр хүүхдэд үлдэнэ шүү дээ.

Мисс гэх нэр хүндийг дааж явах хэцүү байх аа?

Мэдээж долоо найман жилийн турш олж авсан энэ алдрыг дааж явах амаргүй. Нэр алдар өсөхийн хэрээр маш том хариуцлага үүрэх шаардлага тулгардаг.

Загвар өмсөгчдийн ажлыг их амархан юм шиг санадаг. Гэтэл бодит байдалд?

Тийм л байх. Бүгд л эрч хүчтэй, инээчихсэн камерийн өмнө алхаж, зургаа авахуулдаг болохоор амархан гэж боддог байх. Гэтэл бодит байдалд маш шахуу программд ядарсан л хүмүүс байдгаараа л гоо сайхан харагдах гэж хичээдэг шүү дээ. Байнга сайхан харагдах нь хэцүү, их тэвчээр шаарддаг ч миний хамгийн дуртай ажил болохоор түүртдэггүй.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.