Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа
-Саяхан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх алхамаас ярилцлагаа эхлэх үү?
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын хуралдаанаар энэ оны 4-р сарын 26-нд баталсан юм. Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал мэт өрөөсгөлөөр ханддаг хандлага бий.
Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, баян, ядуу, өндөр албан тушаал хашдаг, хашдаггүй гэх мэтчилэн ангилж үзэж байгаа ч юм биш шүү дээ. Харин та болон таны эхнэр, нөхөр улс төр, эдийн засаг, нийгэм, гэр бүлийн харилцаандаа тэгш эрхтэй оролцох, тэгш оролцооны үндсэн дээр үр шимийг нь тэгш хүртэх, эргээд хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах асуудал юм. Өөрөөр хэлбэл жендэр бол эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн уламжлагдсан хандлага, ойлголт түүхэн явцад өөрчлөгдөж байгааг хэлээд байна.Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүний биологийн ялгаатай байдлыг бол хөндөхгүй ш дээ. Тиймээс л Засгийн газар олон нийтийн жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, бас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх гэж энэ хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага орлоготой өрх толгойлсон эцэг, эхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг дэмжинэ. Эрэгтэйчүүдэд тусгайлан тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт бий болно.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах нэгж бүх аймаг, дүүрэгт ажиллана гээд тоотойхон хэдийг нь дурдая.
-2021 онд гэхэд ямар үр дүн гарна гэж төлөвлөсөн бол оо?
-Мэдээж гарах үр дүнг тооцохгүйгээр, хэтийг харсан төлөвлөлтгүйгээр, тодорхой дэвшүүлсэн зорилтгүйгээр хөтөлбөр батлахгүй шүү дээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хуулийн хэрэгжилтийг хангах, улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад тодорхой ахиц, үр нөлөө гарна гэж тооцоолж байгаа. Тухайлбал, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөнө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн албан хаагчдын манлайлал бий болно гээд л.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүү, төсвийг хэрхэн шийдэх вэ?
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг эрхэлсэн салбар, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шааардагдах хөрөнгийг жил бүрийн үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгахаар заасан байгаа. Мөн олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэхээр тусгасан.
-Өмнө нь ийм хөтөлбөртэй байсан уу эсвэл анх удаа хэрэгжүүлэх гэж байна уу?
-Байлгүй яахав. 2002 онд Жендэрийн тэгш байдлыг хангах анхны үндэсний хөтөлбөрийг баталж, Монгол Улсын хөгжлийн үе шаттай уялдуулан 2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин дараагийнх нь саяхан батлагдсан хэрэг.
Цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл дэх хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын түвшинг дээшлүүлэх гээд зайлшгүй анхаарах, шийдэх асуудлууд бишгүй байна. Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжиснээр улс орны хөгжлийг хурдасгана. Бас дундаж давхарга хүчирхэгжиж, хүрээгээ тэлнэ.
Ингэхийн тулд яах ч аргагүй эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тулгарч байгаа бэрхшээлийг арилгаж, тэдний идэвхтэй хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гэр бүл бат бэх , эхнэр, нөхөр хоёулаа орлоготой, сэтгэл ханамж дүүрэн байвал тэр айлд өсч байгаа хүүхэд ч аз жаргалтай байж чадна.
Тиймээс л жендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт Монголын гэр бүлд, цаашлаад нийгмийн хөгжилд, улс орны ирээдүйд зайлшгүй чухал болоод байгаа юм.
-Манай улс нэлээд хэдэн жил дуншиж байж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ?
-Тиймээ. Манай улс одоогоос зургаан жилийн өмнө Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай бие даасан хуультай болсон. Хууль, эрх зүйн орчны хувьд нэг том алхам урагшилсэн гэсэн үг.
Харин хэрэгжилт нь тааруухан, учир дутагдалтай зүйл цөөнгүй бий. Засгийн газраас Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг батлан 2013-2016 онд хэрэгжүүлсэн юм билээ.
Энэ дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ТББ-аар хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд хэрэгжилт нь 60,1 хувьтай гарсан. Яагаад ийм хангалтгүй хэрэгжсэн талаар хэд хэдэн шалтгаантай.
Юуны түрүүнд хуулийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний хувьд дутагдалтай. Бас нийгэм дэх жендэрийн талаарх хэвшмэл ойлголт хавтгайрсан. Түүнчлэн төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувьд хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл сул байна гэсэн дүгнэлт гарсан.
Иймээс л өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн сайн туршлагыг нь цаашдаа үргэлжлүүлж хэрэгжүүлэх, доголдоод хэрэгжээгүйг нь сайжруулах, нэмэлт зохицуулалтыг шинээр тусгаж шинэчлэн боловсруулсан.
-Та жендэрийн асуудал гэхээр эмэгтэйчүүдэд хамааралтай юм шиг буруу хэвшмэл ойлголт нийгэмд түгсэн гэж хэллээ. Үүнийг өөрчлөхийн тулд хэрхэх вэ?
-Шинэчилэн баталсан хөтөлбөрт сургалт, сурталчилгааны ажилд онцгойлон анхаарахаар тусгасан байгаа. Олон нийтэд түгсэн буруу хандлага, өрөөсгөл байр суурь, тогтсон ойлголтыг өөрчлөхөд олон талын оролцоо хамгаас чухал.
Ер нь жендэрийн асуудал ганцхан яам, Жендэрийн үндэсний хороонд хамаатай юм биш, хүн болгоны бас салбар дундын зохицуулалт шаардсан бүх байгууллагуудын анхаарал хандуулж байж шийдэгдэх юм.
Зөвхөн Засгийн газар, салбарын яам, харьяа агентлаг хийх юм шиг хандвал дорвитой ахиц гарахгүй. Харин улсын хувийн гэлтгүй бүх байгууллагууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарынхан овоо хараандаа авбал хэвшсэн ойлголтыг богино хугацаанд өөрчилнө гэж итгэж байгаа. Уг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт нь олон зүйлийн оночтой шийдлийн гол зангилаа юм шүү дээ.
-Хамгийн энгийн жишээ татья л даа. Эмэгтэй хүний цалин эрчүүдийн авах цалингаас хамаагүй доогуур байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэгэхлээр энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цалингийн зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авах уу?
- Ижил үнэ цэнэ бүхий ажил хөдөлмөрт тэгш цалин хөлс тогтоон олгох үнэлгээний аргачлал боловсруулахаар хөтөлбөрт тусгасан байгаа.
Цалингийн зөрүүний хувьд ялгаатай асуудал бий. Жишээлбэл, төрийн байгууллагад ижилхэн алба хашиж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд цалингийн зөрүү гэж байхгүй.
Хувийн хэвшлийн салбарт яг адилхан ажлын байран дээр адилхан ажил үүрэг гүйцэтгэж байгаа хэрнээ цалин нь зөрүүтэй байгаа. 2015 оны байдлаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын сарын дундаж цалин эмэгтэй хүнийх 760.7 мянган төгрөг, эрэгтэй хүнийх 856.0 мянган төгрөг байна. Цалингийн зөрүү нь 95.3 мянган төгрөг байна гэсэн судлагаа гарсан.
Ийм болохоор чөлөөндөө гарахаар ч тэр тэтгэврийн хэмжээ нь зөрүүтэй. Яагаад гэвэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаагаараа тэтгэврийн хэмжээ бодогддог. Дээрээс нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, хүүхдээ харах, асрамжлах гээд эрчүүдтэй харьцуулахад ажилласан жил нь цөөн байх тохиолдол ч бий.
Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүний цалин, тэтгэврийн зөрүүг ойртуулах, өөрчлөх талаар Засгийн газраас бодлого хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байх. Жишээ нь цалинтай ээж хөтөлбөр гэх мэтчилэн. 3 нас хүртэл хүүхдээ асрахад тухайн ээжийн нийгмийн даатгалыг улсаас төлөх, ажилласан жилийг нь тасалдуулахгүй байх зэрэг зохицуулалт оруулсан. Мөн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг 1,5 жилээр нэмж тооцохоор болж байгаа.
-Энэ хөтөлбөрт эрчүүдийн асуудлыг тодотгож оруулсан уу. Наслалтын хувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд хамаагүй доогуур төдийгүй нас баралтаараа ч тэргүүлсээр байна. Салбарын яамны хувьд энэ хүрээнд ямар дорвитой бодлого хэрэгжүүлэх вэ?
- Улсын хэмжээнд жилд дунджаар 17 000 хүн нас барж байгаагийн 62 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулахад, 10 000 хүн тутамд эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна. Манай улсын эрэгтэй хүний дундаж наслалт бол эмэгтэйчүүдээсээ хамаагүй доогуур. Бараг 9 -10 жилээр зөрүүтэй.
Үүний учир нь эрчүүд зөв амьдралын хэв маяг төлөвшүүлж чадахгүй, эрүүл мэнддээ анхаардаггүй гээд олон учир шалтгаантай. Энэ асуудалд онцгой ач холбогдол өгч эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах, тэднийг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрчүүдэд дагнасан, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээг бий болгохоор хөтөлбөрт оруулсан.
Энэ хүрээнд бүх аймаг, дүүрэгт эрчүүдэд зориулсан тасаг, кабинет байгуулж ажиллуулахаар тусгаад байна.
Мөн улсын хэмжээнд эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх оролцоо, үнэлэмж хандлагад суурь судалгаа хийхээртусгасан байгаа. Энэ судалгаа нь цаашид эрэгтэйчүүдийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох, хүйсийн эрх тэгш харилцааг нийгмийн хөгжилд тэнцвэртэйгээр хангахад чиглүүлэх гол луужин нь болох байх гэж найдаж байгаа.
-Жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлж байгаа эсэхийг төрийн байгууллагын түвшинд үнэлээд дүгнэх юм байна. Харин хувийн хэвшилд жендэрийн мэдрэмжтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэрхэх вэ. Тэднийг дэмжсэн хөшүүрэгтэй болгох уу эсвэл?
Аймаг, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх жендэрийн дэд хөтөлбөрийг батлан, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв баталж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачлагыг дэмжин хамтран ажиллахаар тусгасан байгаа.
Үүний хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээг хэрхэн хийх талаар ч тодорхой. Тэгэхээр өөрийн чинь хэлдэг шиг төрийн байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх нь хүндрэлтэй биш юм.
Харин хувийн хэвшлийн байгууллаын хувьд хүндрэлтэй. Үүнийг заавал хэрэгжүүл, мөрд гэж тулгах боломжгүй. Гэхдээ төрийн байгууллагаас эхлээд манлайллыг бий болговол хувийн хэвшилд ч гэсэн энэ асуудлыг анхаарч эхлэх болов уу.
Азийн хөгжлийн банк манай яам хамтран 2016-2018 онд хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд уул уурхай болон хөдөө аж ахуйн чиглэлийн 2 аж ахуйн нэгжийн бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлээр удирдамж боловсруулах, турших үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа. Энэ хүрээнд тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Мөн хувийн хэвшил, ажил олгогч, бизнесийн байгууллагын нэгдсэн холбоотой хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэмжих санхүү, эдийн засаг, бизнес, техник технологийн хөшүүргийг тодорхойлохоор, тэдгээрийг сурталчлах асуудлыг үндэсний хөтөлбөрт тусгасан байгаа. Цаашид дээрх аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, урамшуулах хөшүүргийг бий болгох чиглэлээр бодлогын шинж чанартай алхамуудыг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлага бол гарч ирж байгаа.
- Ер нь жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарна гэж цогцоор нь харж байгаа вэ?
-Энэ асуултанд жишээ татаж яривал илүү ойлгомжтой байх. Хууль хүчний байгууллагад голдуу эрэгтэй хүмүүс ажилладаг. Тэдний ард эхнэр, хүүхэд гээд гэр бүл нь бий. Салбарын яам, Цагдаагийн ерөнхий газар, хууль хүчний байгууллага нь жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэхдээ зөвхөн албан хаагчдаа биш ар тал болж байгаа гэр бүл рүү нь чиглэсэн бодлого, үйл ажиллагааг давхар явуулах учиртай.
Ингэж байж тэр хүний ар гэрийн амьдралд нөлөөлнө. Хилийн заставт тушаалаар томилогдсон хилчин байлаа гэж бодоё. Заставт очоод 4-5 жил ажиллахад тэр хүний өөрийнх нь ажиллах орчин нөхцөл чухал.
Гэхдээ хүүхдийг нь сурдаг сургуультай, эхнэрийг нь ажилтай байлгахад анхаарч байж л тэр гэр бүл асуудал багатай, аз жаргалтай, элэг бүтэн байж чадна.
Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй гэж аль нэгийг нь дөвийлгөхгүй, орхигдуулахгүй цогцоор нь харж асуудлыг шийдэхийг л жендэрийн мэдрэмжтэй бодлого гэж хэлээд байгаа юм.
toimmedee.mn