Р.Нямдорж: Би ажлаа өгье гэж байгаа, гэхдээ А.Сүхбат нарт биш

Өнгөрсөн ням гаригт буюу өчигдөр Монголын үндэсний бөхийн “Их эе” хуралдаж, холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон асуудал олны анхаарлын төвд ороод байна. Өнөөдөр “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид хэвлэлийн хурал хийж  “Их эе”-д улс аймгийн цолтой бөхчүүд болон засуул, цэц, бөх судлаачид, аймгуудын бөхийн холбооны төлөөллүүд нийтдээ 170 гаруй хүн оролцсон нь 85 хувийн ирцийг дүүргэсэн. Ингэснээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлыг авч хэлэлцэн, нэр дэвшсэн Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга М.Хүдэрбаатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарыг өрсөлдүүлсэн ч бусад гурван нэр дэвшигч нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогдсон” гэлээ.

Харин энэхүү хэвлэлийн хуралтай зэрэгцэн Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж: 

-БИЕИЙН ХӨГЖИЛ, ОЮУНЫ ХӨГЖИЛ, СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ХӨГЖИЛ, ИРГЭНИЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮН БАЙХ ЁСТОЙ-

Өмнө нь ямар нэгэн хэрүүл уруулгүй байж байгаад “Бөхий өргөө” гэдэг сав ашиглалтанд оронгуут 2002 оноос Х.Баянмөнх, Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс “Бөхийн өргөө”-г авах зорилгоор тэмцэж эхэлсэн. Тэр зорилгоо 1998 оны арванхоёрдугаар сарын 28-нд Бөхийн өргөө нээгдсэн баяр гэх том баярын үеэр илэрхийлж, тэрний маргаашаас тэмцэж эхэлсэн. Ингэхдээ 2002 оны ээлжит бус Их эеэр бөхийн өргөөг авна гээд чадаагүй, өдгөө хүртэл тэмцсээр байна. Одоо Ү.Хүрэлбатар, М.Хүдэрбаатар  гэх мэт нийгэмд сонирхолтой хэдэн хүмүүс тэмцээд байна. Эд нар Бөхийн өргөө, Бөхийн холбоог авч чадахгүй. Учир нь энэ улсад шүүх, цагдаа гэх мэт хуулийн байгууллагууд байдаг. Намайг гурван шатны шүүхээр энэ хурлыг даргалж хуралдуул гэсэн, маргаан тэдний талд гарсан нь үнэн. Гэтэл “Цэцдийн зөвлөл” гэх одоо байгаа 61 хүний гуравны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж ээлжит бус Их эеийг зарлах дүрэмтэй. Эдгээр хүмүүс нөгөө л нэг айлгадаг, ятгадаг, гуйдаг журмаараа нэг хурал хийжээ. Гэтэл тэр хурал дээрээ очоогүй таван хүний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан байгаа юм. Аймгийн бөхийн холбооны хүнийг дарамтлаж байж “Миний оронд Улаанбаатар хотод байгаа тэр хүнийг оруулуулаарай” гэдэг итгэмжлэл бичүүлж аваад Цэцдийн зөвлөлийн бус хүнийг хуралд оруулсан байх жишээтэй. Гэхдээ би энд худал гэж ярина, тэнд Ү.Хүрэлбаатар худал гэж ярина. Гурав, дөрөвхөн хоногийн дараа шийдвэр гарч, үнэн зөв нь мэдэгдэнэ. 

Х.Баянмөнх, Ж.Ганболд нар Залуучуудын бэлтгэлийн байшинг авсан улс шүү дээ. Одоо хувьчлаагүй ганц зүйл байгаа нь Монгол бөхийн өргөө. Хэрвээ бид үүнийг хувьдаа авах байсан бол энэ 20 жилийн хугацаанд ингээд суухгүй л байсан. Цэцдийн зөвлөл 4-5 сарын дараа хуралдаж,  “Их Эе” хуралдах тов гарна. Ээлжит бус Их эеийг их яарлаа гэхэд 2018 он дөнгөж гарангуут хуралдуулах төлөвлөгөөтэй байна. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль, наадам болох гэж байна. Тиймээс бөхчүүдийг талцуулсан асуудал гаргаж байгаад харамсаж байна.

Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат,  Ж.Ганболд, Х.Баянмөнх, н.Дуламсүрэн нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Би хувьдаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна.  Миний хүсч байгаа ганц зүйл бол биеийн хөгжил, оюуны хөгжил, сэтгэл зүрхний хөгжил, иргэний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Монгол бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Ганболд нарт би ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүй  ижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид нэг нутгийн хүмүүс. Энд нэр дэвшиж байгаа хүн ямар ч намын харьяалалтай байх ёсгүй. Хоёрдугаарт бөхийг үздэг, дунд нь ороод холилдож явдаг ийм хүн байх ёстой” гэлээ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.