Уламжлалт анагаах ухаан уул уурхайгаас тав дахин ашигтай

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum” буландаа урьж, хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Шаравын Болдыг урьж, уламжлалт анагаах ухааны хөгжил, шийдлийн талаар ярилцлаа.

БИД АНАГААХ УХААНЫ ИХ ӨВТЭЙ ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ

-Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй, өвөг дээдсийн маань хойч үедээ үлдээсэн соёл, мэдлэг, хөрөнгө юм. Би өнгөрсөн 20 гаруй жилд уламжлалт анагаах ухааныг соёл, мэдлэг талаас нь багагүй судалж цөөн бус бүтээл туурвисан. Эдгээр бүтээл нь цаашдаа улам баяжигдан монгол үндэстэн бусад үндэстнээс ахуй, амьдралын хэв маяг, соёлын язгуураараа адил бус байх, үүгээрээ даяаршилд “амьд үлдэх” дархлааны нэгээхэн хэсэг болох байх гэдэгт би найддаг.

Магадгүй дархлаанд нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн хувьд хараат бус байх, баян болох, бусдыг эдийн засгийн хувьд хараат байдалд оруулах боломж болох талтай нь харагдаад байна. Өөрөөр хэлбэл бид анагаах ухааны их өвтэй гэдгээрээ бахархаад, баярлаад байхаасаа гадна, ихээхэн хөрөнгө үлдсэн, одоо үүнийг улам хөгжүүлэх, бүтээгдэхүүн болгох, борлуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх цаг нь болжээ.

Гэвч энэ тал дээр уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж буй БНХАУ, Япон, БНЭУ, БНСУ зэрэг орнуудтай харьцуулахад сэтгэл тун дундуур байдаг. Гэхдээ бидэнд боломж бий гэдэгт итгэн өөдрөг явна. Үүнээс гадна дэлхийн анагаах ухаанд сүүлийн үед олсон амжилтыг умартаж өөрийн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлнэ гэвэл ухралт болно. Уламжлалаа хадгална, авч явна гэдэг нь хуучин байдалдаа эргээд очих, эсвэл шинэчлэнэ гээд хэн ч танихааргүй хэлбэрийг нь өөрчилж болохгүй нь ойлгомжтой. Тийм учраас уламжлалт анагаах ухааны уламжлал, шинэчлэлийн асуудалд тун няхуур, ухаалаг хандах ёстой юм.

Өнөөгийн байдлаар уламжлалт анагаах ухааны эмч нар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбар, нэгж, улсын болон орон нутгийн чанартай сувилал, уламжлалт анагаах ухааны бие даасан төвүүд, гурав дахь, хоёр дахь шатлалын эмнэлэгт ажиллахын зэрэгцээ 30 гаруй суманд уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоо бүрдээд байна.

УЛАМЖЛАЛТЫН ЭМЧ НАРЫГ ЭКСПОРТОД ГАРГАЯ

Уламжлалт анагаах ухаан судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн толгойлон хийж, уламжлалт эмийн найман үйлдвэр манайд бий. Мөн уламжлалт анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон хувийн өмчийн долоон их, дээд сургууль байгаагаас нэг нь төрийн, үлдсэн зургаа нь хувийн сургуулиуд юм. Эдгээр сургуульд 1500 оюутан суралцахын зэрэгцээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Тунляо хотод байдаг Монгол анагаах ухааны их, дээд сургуульд 200 шахам оюутан, магистрант, докторантууд сурч байна.

Жилдээ 10-15 магистр, 2-4 доктор төгсөж байна. Одоо энэ их нөөцийг яах вэ. Хэрхэн оновчтой ашиглах вэ. Гурван сая хүнтэй улсыг эдийн засгийн онолын хувьд зах зээл гэж үзэхэд хэцүү. Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн байгалийн баялгийг нь сорохыг л бодно. Дотоодын үйлдвэрүүд нь цөөхөн хүнд зориулсан бүтээгдэхүүн хийдэг болохоор өртөг өндөртэй. Тиймээс тусгаар тогтносон, том нутагтай, цөөн хүн амтай улс эдийн засгийн хувьд төрийн ухаалаг бодлого баримтлахгүй аваас бусдын хараат байна аа л гэсэн үг. Өнөөдөр урд эсвэл хойд хөршид үүсэх эдийн засгийн жижигхэн доргио бидэнд цохилт болж ирсээр л байна. Үүний зэрэгцээ дотоодод ч бас л асуудал үүснэ.

Жишээлбэл, таван жилийн дараа уламжлалт анагаах ухааны эмч нарт дотооддоо ажлын байр олдохгүй болно. Энэ олон зуун их эмч нарыг яах вэ гэхээр ламжлалтын эмч нарыг экспортод гаргах хэрэгтэй. Монголын уламжлалт анагаах ухаан бол өөр ямар ч үндэстэнд байдаггүй “цор ганц” анагаах ухаан. Үүнийг бид яагаад бусдын эрүүл мэндийн тусын тулд түгээж болохгүй гэж. Эмчээ дагаад, эм, эмчилгээний технологио гаргана. Ингэснээрээ эдийн засгийн хувьд ашиг олно. Үүний тулд эхлээд зөв бодлого хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны бодлого боловсруулдаг газар, эсвэл хэлтсийг ЭМЯ-нд байгуулахаас бүх ажил эхэлнэ гэж боддог. 

ЕВРОП ТИВД МОНГОЛЫН НЭРИЙГ МАНДУУЛАГЧИД

-Уламжлалт анагаах ухааны эмч нарыг экспортод гаргана гэхээр толгойгоо гашилгаад эсвэл, басаж үл болно. Өнөөгийн байдлаар бидний тооцоогоор дэлхийн 15 оронд Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нар хамгийн их тоогоор ажиллаж байгаа орон бол Европын холбооны гишүүн Польш Улс. Одоогоор уламжлалтын 100 гаруй их эмч нар тэдний гэр бүлийнхэн энэ улсад ажиллаж амьдарч байна.

Тэд үнэхээр нэр төртэй, үр бүтээлтэй ажиллаж, өөрсдийн гэр бүлээс гадна Монгол Улсад амьдарч байгаа ах дүү, хамаатан садан гээд хэдэн зуун хүнийг давхар “тэжээсээр” өнөөг хүрсэн. Анх 1989 оноос эхэлж уламжлалт анагаах ухааны эмч нар Польш Улсад очсон. Өдгөө 28 жил өнгөрчээ. Уг нь 200 шахам эмч байсан ч зарим нь АНУ, Канад болон Европын бусад орнуудад очиж ажиллан тархан суурьшжээ. Польшийн эрүүл мэндийн үндэсний бодлогод Монголын уламжлалт анагаах ухаан баттай байр эзэлжээ. Нэг үгээр хэлэхэд 40 сая польшууд Монголын уламжлалт анагаах ухааны эмч нараар эмчлүүлж, эдгэж, баярлаж бахархах болсон.

Бахархаад зогсохгүй Монголын уламжлалт анагаах ухаан төрийн бодлогод нь орж Польшийн уламжлалт анагаах ухаан гэсэн шинэ салбарын тулгын чулууг хэдийнээ тавьжээ. Энэ бол тэнд ажилласан уламжлалтын эмч нарын гавьяа. Төрийн сайдаас нь авахуулаад бүхий л давхаргын хүмүүс монгол эмч нараар эмчлүүлж байна. Польшид Хятад, Вьетнам, Төвд эмч нар ч ажиллаж байна.

Гэхдээ л “Монгол эмч”-ийн нэр хүнд тэднээс хавьгүй өндөр, хэл ус мэдлэг чадвараараа гайхуулж байгаа нь бахархал төрүүлнэ. Польшийн Засгийн газар, холбогдох яамд шийдвэр гаргаж Польшийн уламжлалт анагаах ухааны коллеж байгуулжээ. Энэ сургуу­­лийн сургалтын хөтөлбө­рийг манай уламжлалтын гурван эмч боловсруулж өгсөн байна. Польшид шинэхэн очсон уламж­лал­тын залуу эмч нар сард 1000 ам.долларын, нэр хүндтэй болсон зарим эмч нар сард 50 мянган ам.долларыг хол давсан орлого олдог байна.

Энэ бол уламжлалт анагаах ухааны эмч нарт ямар их боломж байгаагийн тод жишээ. Монгол Улсын нэрийг гадаадад хэрхэн өргөж буйн баримт мөнөөс мөн. Бид Японд барилдаж байгаа сумочдоороо бахархдагийн нэгэн адил Польшид ажиллаж байгаа уламжлалтын эмч нараар ч бахархмаар. Одоо гагцхүү төрийн бодлогоор тэднийг дэмжих хэрэгтэй байна. 

БИД ХИЙХГҮЙ БОЛ ТЭД ХИЙНЭ

-Анагаах ухааны уламж­лалт мэдлэг, өв хөрөн­гийг өвөг дээдсээсээ бидэнтэй адилхан улам­жилж авсан урд хөрш маань 2005 онд уламжлалт эмийн худалдаанаасаа 14 тэрбум ам.доллар олсон бөгөөд 2010 онд 48 тэрбум ам.доллар олжээ. Энэ нь даруй 30 хувиар өссөн үзүү­лэлт юм. “Helmut Kaiser Consultancy” гэдэг Швейцарьт байрладаг, АНУ, Хятад, Германд салбар­тай байгууллагын “Хятадын уламжлалт ана­гаах ухаан дэлхийд” гэ­сэн судалгааны үр дүн­гээс үзэхэд 2025 он гэхэд Хятад Улс дэлхийн уламж­лалт анагаах ухааны эмийн зах зээлээс 130 тэрбум ам.доллар олно хэмээжээ.

БНСУ, Япон улсууд уламжлалт эмийг гүнз­гийрүүлэн судалж, шинээр боловсруулсан био­логийн идэвхит бэлд­мэлээс 120 тэрбум ам.дол­ларын ашиг олж байна. Энэтхэг Улс 2012 онд 2.7 тэрбум ам.дол­ларын “Аюурвед”-ийн ана­гаах ухааны эмийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум ам.долларын экс­порт хийжээ. Энэт­хэгийн “Аюурвед”-ийн анагаах ухааны эмийн бүтээгдэхүүнүүд ма­най улсад хүртэл худалдаа­лагдаж байна. “Цистон”, “Лив-52” гээд эмүүдтэй адил найрлагатай эмүүд манай уламжлалт анагаах ухааны эмүүдэд байж л байна. Гэтэл ижил төстэй эмүүдийг гаднаас оруулж ирээд байгаа нь бидний “арчаа муутайх” хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгарын ӨЗО-ны Монгол Улсын хилийн дагуух боомтуудаар уламжлалт эмнэлгийн тусламж авах монгол иргэд жилд хэдэн зуугаараа гарч байна. Ганцхан жишээ дурдахад нэг жилд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгаас 50 мянга шахам хүн Манжуурт очиж уламжлалт эмнэлгийн тусламж авсан байна. Нэг өвчтөн урагшаа явахад 1-2 хүн дагаж явна. Багаар бодоход гурван сая төгрөгийн зардал гарна гэж үзвэл нийтдээ 150 тэрбум төгрөгийн зардал гарч байна. Монголоос ирдэг өвчтөнийг даган орж ирдэг мөнгөний асар их урсгалыг бодолцож Хөх хотод Монгол Анагаах ухааны олон улсын эмнэлгийн хороо хэмээх 19 давхар 1000 ортой эмнэлэг байгуулж амбулатори, оношилгооны төвөөрөө жилд 25 мянган өвчтөн авч байна.

Одоогоор олон улсын гэдгийн дийлэнх хувийг монголчууд эзэлж, өөрсдийн эрүүл мэндийн мэдээлэл, олсон хэдэн төгрөгөө өгч байна. Түүнчлэн Хөх хот холдоод байж магад гээд Эрээн хотод мөн л Монголын уламж­лалт эмнэлгийн төв нээсэн. Үүн дээр гадаа­дын бусад оронд явж эмчлүүлж байгаа өвчтөн, гарч байгаа зардлыг тооцвол сэтгэл зовмоор тоо гарна. Мөн уламжлалт анагаах ухааны өв уламжлал байхгүй орнууд зарим орны уламжлалт анагаах ухааныг албан ёсоор хүлээн авч өөрийн орондоо хөгжүүлж байна.

Австрийн Шинжлэх Ухааны Академийн харьяа Хүн судлалын төв Европын холбооноос санхүүжилт авч Монгол Улс, Бутан, Непал, Энэтхэг, БНХАУ-ын ӨМӨЗО, ТӨЗО-ны уламжлалт анагаах ухааны хүний нөөц, эм, эмчилгээний технологийг судлаад хэдэн жил болж байна. Бид ч тэдэнд холбогдох мэдээлэл өгсөн. Өнгөрсөн жил Японы Токиогийн их сургуулийн эдийн засгийн ангийн оюутнууд Монголын уламжлалт анагаах ухааны эмийн эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр, гоо сайхны компанийн судлаачид нуурын давсыг гоо сайхны зориулалтаар ашиглахын тулд уламж­лалт анагаах ухаанд хэр­хэн хэрэглэж байгаа талаар лекц уншуулж байна.

АНУ-ын “Burlington” хотод 1791 онд байгуулагдсан “Vermont”-ийн сургуулийн багш, оюутнууд Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захиргаанд энэ оны долдугаар сард Монголын уламжлалт анагаах ухааны курс зохион байгуулж өгөх хүсэлт тавьсан зэргийг зах зухаас нь дурдахад дэлхий Монголын уламжлалт анагаах ухааныг үнэхээр сонирхох болсон байна.

2050 ОНД ГЭХЭД 50 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОЛНО

-ДЭМБ-ын мэдээгээр Эрүүл мэндийн салбарт 2005 онд нийтдээ 65 тэрбум ам.доллар зарцуулжээ. Анагаах ухааны салбарын технологийн шинэчлэл, мэдлэг бүтээх нөөц, хэрэг­цээг судалж үзээд цаашдын өсөлтийг жилийн 15 хувь гэж тооцон 2050 он гэхэд таван триллион ам.долларт хүрнэ хэмээн тэмдэглэжээ. Хэрэв бид зөв бодлоготой, түүнийгээ зөв хэрэгжүүлж чадвал 2050 он гэхэд дэл­хийн анагаах ухааны зах зээлийн нэг хувийг авахад л 50 тэрбум ам.доллар олно. Тийм боломж нь Мон­голын уламжлалт ана­гаах ухааны эмч, эм, эмчил­гээний технологи юм.

Өнөөгийн байд­лаар зөвхөн Уламж­лалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн Уламжлалт эмийн үйлд­вэр жилдээ хоёр тн уламж­лалт эм үйлдвэрлэж 30-40 хувийг нь гадаадад экс­пор­толж байна. Уг эмийн үйлд­вэр Уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавих ерөн­хий шаардлагыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд Уламжлалт анагаах ухааны 80 эмийн түүхий эд, 80 жорын фармакопейн эмхэт­гэлийг боловсруулаад байна. Уг эмхэтгэл нь уламж­лалт эмэнд тавигдах шаардлага, чанарын үзүү­лэлт болон тэдгээрийг шинжлэх, шалгах аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартын үзүүлэлтийг тогтоосон албан ёсны баримт бичиг юм.

Энэ бүгд нь уламжлалт эмийг экспортлох эрх зүйн гол баримт бичиг болох учиртай. Үнэхээр бид 2050 онд гэхэд уламжлалт анагаах ухааны 10 мян­ган эмч, 500 тн эм, тан, биологийн идэвхт бэлд­мэлийг экспортлож чадах юм бол 50 тэрбум ам.доллар олох болно. Чухамдаа Оюутолгой, Эрдэнэтийн зэсээс таван дахин их ашгийг, 50 дахин бага зардлаар бий болгоно гэсэн үг юм. Хүн бусдад байхгүй зүйлээрээ л гайхуулдаг шүү дээ. Үнэндээ оюуны мэдлэг газрын баялаг шиг амархан дуусахгүй. Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг хэдэн арван Оюутолгой, Тавантолгойгоос илүү гэдгийг ухаарах нь чухал юм.

Ингэхийн тулд бид уламжлалт анагаах ухаа­ны идээ, ундаа, явдал мөр, эм, заслын нууц техно­логийг уудлан судалж, тайл­бар, тайлал хийн шинэ технологи бий бол­гон дэлхийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асууд­лыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан ажил­лах шаардлагатай гэж бодогдоно. Дахин хэлэхэд Монголын уламж­лалт анагаах ухаан бол өөр үн­дэс­тэнд байдаггүй, зөв­хөн бидэнд байдаг олон юмыг нээсэн үнэт баялаг. Монголын уламж­лалт анагаах ухааны түүхэн хөгжил нь өвчнийг эмчлэхээсээ илүүтэй яаж эрүүл амьдрах вэ гэсэн асуултын хариуг эрж хайсан хүмүүний түүх юмаа. Тийм учраас энэхүү давуу талаа ашиглан өрнийн анагаах ухааны хөгжлийн араас нь хормойдож явах бус харин илүү дөт замаар урдуур нь амдан явах аргыг бодлого болгон сонгон авч хэрэгжүүлэх нь чухал болоод байна.

Мөн Өмнөд хөршийн ЭМЯ-нд Хятадын уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан дэд сайд, түүний аппарат ажиллаж, уламжлалт анагаах ухааны дэлхийн зах зээлийг зохи­цуулж байна шүү дээ. Бид ЭМЯ-нд байгаа гурван өөр салбар хариуцсан ганц мэр­гэжилтнээ хэчнээн шахаад хаа хүрэх вэ. Энэ байдлыг өөрчилж Мон­голын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг газрыг ЭМЯ-нд байгуулж, хүрээлэн, төвүүдэд нь хөрөнгө оруулалт хийж бодлогоор дэмжиж ажиллах зайлшгүй хэрэгтэй байна.

Т. Батсайхан

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.