
Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Тиймээс Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь саяхан “Залуус-1” 5600 айлын орон сууц төслийг сонирхогчдын нэг БНХАУ-ын “Пауэр Чайна-Чэнгдү” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.
“Залуус-1” төслийн хүрээнд орлогод нийцсэн 5600 айлын орон сууц барихаар төлөвлөсөн юм. Уг орон сууцны хорооллыг нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах 57 га талбайд байгуулна. Ингэхдээ зөвхөн орон сууцаар хязгаарлахгүй спорт комплекс, мэдээлэл технологийн парк, төрийн зарим байгууллагыг ч дээрх газарт байршуулахаар төлөвлөсөн. Энэ нь хот доторх төвлөрлийг сааруулах зорилготой.
Одоогоор дээрх орон сууцны төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар бэлэн болсон байдаг.
Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын Хотжилтын барилгын хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ван Сянчэн тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр Хятадын талаас энэхүү 5600 айлын орон сууцны төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан билээ.
toimmedee.mn