Занабазар

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Өндөр гэгээн, Халхын Занабазар, Жавзундамба
Хамаа бүхий үг Өндөр гэгээн, Энх-Амгалан хаан
Төрөл Шашин төрийн зүтгэлтэн
Цаг үе XVII зуун
Өөрийн нэр (Цол, сүмийн цол хоч гэх мэт) Өндөр гэгээн, Жавзундамба
Хүйс Эр
Төрсөн он сар өдөр 1635
Нас барсан он сар өдөр 1623
Овог аймаг Халх, Боржигон ястай
Төрсөн газар Халхын Есөн зүйлийн Мандай толгой
Албан тушаал Халхын шашны тэргүүн
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр нөхөр хүү гэх мэт) Чингис хааны удам, Абтай хааны ач, Түшээт хаан Гомбодоржийн хөвгүүн. Ханджамц хатны хүү, ах нь Түшээт хаан Чахундорж, дүү нь Сэдшир

Занабазар

 
XVII зууны үеийн шашин, нийгмийн зүтгэлтэн, Анхдугаар Богд Жавзундамба хутагт

    XVII зууны Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хаан Гомбодоржийн удаах хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Мандай толгой буюу Тахилга хэмээх нэртэй газарт мэндэлжээ. Түүний эцэг хиад ястай боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан болно. Занабазарыг 5 настай байхад Түвэдийн Жавзундарнатын 16 дахь дүр, Халх Монголын анхдугаар Богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд өргөмжилөн залжээ. Ийнхүү анхдугаар Богд хэмээн өргөмжлөгдсөн. Анхдугаар Богд 1649-1651 онуудад Түвэдийн гүмбүм, Үй, Зан, Лхас зуу зэрэг газарт ном үзэж байгаад Монгол нутагтаа буцаж ирсэн.

    Өндөр гэгээн Занабазар нь монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Түүний санаачилга оролцоотойгоор Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаагийн элч томилсон, Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалж үлдэх гэсэн оролдлого гаргаж байв. Мөн Монгол оронд бурхан шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвих, өөрийн дэг сургуулийг буй болгох ажлуудыг түүхэнд гүйцэтгэсэн юм. Тэрээр халх, ойрадын зөвчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулган чуулснаар халхыг Манж нар эрхшээх үүд болсон юм. Түүний энэ шийдэл нь тодорхой цаг хугацааг хожих, хожмын учирч болох их аюулыг гэм хор багатай гэтэлгэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт, түүний амьдрал гэрчилнэ.

    Түүний бүтээсэн олон сүм хийдүүдээс хамгийн томоохон нь Хан Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийд буюу Рибогэжэйланганданшадублин хийд юм. Түүнийг 2013-2016 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс малтан судлаж Өндөр гэгээний уран бүтээлийн нэгэн томоохон ордон байсныг тогтоосон юм.

    Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел анжело” хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дахь эх, язгуурын 5 бурхан, Долоон нандин, Ноёны шүтээний манал, Аюуш зэрэг бурхадыг бүтээсэн нь хүн төрөлхтөний урлагын түүхэнд хосгүй бүтээл болжээ. (С.Чулуун)

Ашигласан ном зохиол

Нацагдорж Ш. Халхын түүх. УБ., 1963
Өндөр гэгээн Занабазар: амьдрал, өв. УБ., 2015.
Хүрэлбаатар Л. Огторгуйн цагаан гарьд. УБ., 1996.
Чулуун С. Өндөр гэгээн Занабазар ба Оросын хаант улс. // Өндөр гэгээн Занабазар: амьдрал, өв. УБ., тал 31-40.

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Ичинноров С. Өндөр гэгээн Занабазар. УБ., 1995.
Чулуун С. Номын их хүрээг нээсэн нь. –Сарьдагийн хийдийн судалгаа. УБ., 2015.
Өндөр гэгээний намтарууд оршивой. Эрхлэн хэвлүүлсэн Ш.Бира, Ш.Сонинбаяр, Д.Дашбадрах. УБ., 1995.
Банзрагч Ч., Сайнхүү Б. Монголын хүрээ хийдийн түүх. УБ., 2004.
Дамдинсүрэн Д. Их хүрээний нэрт урчууд. УБ., 2012.
Дашбадрах Д. Монгол-Түвэдийн улс төр шашны харилцаа. УБ., 1998.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.