ОРДОНД САНААРХАЖ БУЙ “ОРОН ГЭРГҮЙ”-ЧҮҮД
Хөөрхий, Хууль зүйн сайдаар хэдэнтээ томилж, хонины морь шиг талхисан Ц.Нямдоржийгоо өөрийн гэсэн орох оронтой болгож чадахгүй, “Бөмбөгөр”-ийн Г.Алтан агсны байранд өчнөөн жил толгой хоргодуулсан даа, манай төр. Аз болж, Г.Алтан агсан түүнээс түрээс ч нэхдэггүй байлаа. Хэзээ хойно, 2013 онд Ц.Нямдорж мөнчигрөөрөө 150 саяын хоёр өрөө байртай болж, гол усаар нэг найр хийхээ шахаж билээ, бид. Түүнийг дурсахын учир нь, тэр тус бүр нь тэрбумын хос хаус бариулж, хоёр хүүдээ бэлэглэчихээд, түүнийгээ тас нууж, орон сууцгүй, очих газаргүй хэмээн гүрийж, ордонд хэрхэн 20 гаруй жил “амьдарч” болдгийг хойч үеийнхээ улстөрчдөд үлгэрлэсэн хүн. 
 
Тэгвэл энэ сонгуульд ч орон гэргүй, очих газаргүй гэсэн нөхдүүд олон дэвшжээ. Хариултгүй хоёр асуулт байна. Нэгдүгээрт, тэд хаана, хэнийд амьдардаг хэрэг вэ. Хамаатныхаа хажуу өрөөнд үнэгүй амьдардаг бол сард хоёр сая төгрөг хүрэхгүй цалинтай УИХ-ын гишүүн болохын төлөө нэр дэвшиж байснаас Солонгос явж, ядаж л орон сууц, хашаа байшингийн урьдчилгаа хураагаад ирэх нь илүү дээр сонголт баймаар. Хоёрдугаарт, хувьдаа орон сууцгүй, хашаа байшин ч үгүй гэх мөртөө 1-1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хаанаас босгож, сонгуульдаад байна вэ. Хэрвээ хэн нэгэн бизнесменээс санхүүжилтээ авсан бол ирэх дөрвөн жил зөвхөн түүндээ л үйлчилнэ гэсэн үг шүү дээ. 
 
Ингээд орон сууцгүй, орох оронгүй гэж мэдүүлсэн нэр дэвшигчдээс хамгийн хоржоонтой зургааг нь танилцуулъя. 
 
- УИХ-ын гишүүн, Увс, Ховд, Говь-Алтай, Завханы тойрогт МАН-аас нэр дэвшиж буй “Хурд групп”-ын эзэн Б.Чойжилсүрэн орон сууцгүй, орох оронгүй гэж мэдүүлжээ. Ёстой загасчны морь усгүй гэж л энэ байх. Хөөрхий, бусдыг л тансаг зэрэглэлийн орон сууцтай болгоё, тав тухтай амьдруулъя гэж Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүх ашигтай байршлыг бетонон ширэнгэ болгосон байна шүү дээ, өнгөрсөн 20 жил. Өөрийгөө харин хөсөр хаяж, орон сууцгүй, очих газаргүй, гудамжинд хоцорчихож. Нөгөөтээгүүр, Б.Чойжилсүрэн “Хурд групп” болон харьяа 20 гаруй охин компаниа удирддаг эхнэрээ огт орлогогүй гэж мэдүүлсэн байх юм. Эгээ “Хурд групп” огт өөр нууц эзэнтэй, Б.Чойжилсүрэн болон түүний эхнэр халхавч юм биш байгаа даа. 
 
- Хан-Уул дүүргийн Засаг дарга, дүүргээсээ нэр дэвшиж буй Ж.Алдаржавхлан орон сууцгүй гэж мэдүүлжээ. Гэх мөртөө ганц “шалдан” авто зогсоолтой гэж мэдүүлсэн байх юм. Толгой хоргодох гэргүй байж авто зогсоолоор яадаг байна, тэр. Уг нь Ж.Алдаржавхлан нэг байтугай, нэжгээд орон сууцтай байхаар баялаг намтартай, хэвлэлээр бичигдэж асан хар түүхүүдтэй хүн. Ядаж л тэр “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн гүйцэтгэх захирлаар дөрвөн жил ажиллаж, араас нь хамгийн их барилгажиж буй Хан-Уул дүүрэгт найман жил засаглаж буй хүн шүү дээ. 
 
- Хэнтий, Сүхбаатар, Дорнодод АН-аас нэр дэвшиж буй Ш.Батдэлгэр орон сууцгүй, хувийн хаус ч үгүй. Зундаа л очдог зуслангийн ганц жижигхэн байшинтай гэж мэдүүлжээ. Уг нь З.Энхболд, Ш.Батдэлгэр хоёрыг АН дотроо халаас нэгтэй, хамгийн дотно найзууд гэлцдэг. Анх З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад Ш.Батдэлгэр Төрийн өмчийн хорооны Байр ашиглалтын захиргааны дарга байсан. Тэр үед З.Энхболд хувьчлалаар хэрхэн хагартлаа хөлжсөн тухай нь үлгэр, домог шиг түүхүүд олон бий. Атал, Ш.Батдэлгэр ганц өрөө орон сууцтай ч болж чадаагүй гэх юм. 
 
Бүр больё. Ш.Батдэлгэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал байсан. Тухайн үед асар их хэмжээний авлига авсан, үйлдвэрийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх мэтээр хууль хяналтынхантай орооцолдож л явсан. Тэрний дараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга байсан. Мөн л “Эрдэнэт үйлдвэр”-ээс их хэмжээний урамшуулал авсан гэх хэрэгт холбогдож байлаа. Сүүлд, 2017 оноос З.Энхболдын төрсөн дүү болон хадмуудтай нь, шадар туслахуудтай нь нийлж “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас З.Энхболдын гэх “Страто” ХХК руу нүүрс зөөж, тэндээ угааж баяжуулаад урагш нь гаргах асар ашигтай бизнес хийж байлаа. Энэ бүхний эцэст Ш.Батдэлгэр орох оронгүй үлдсэн гэхэд даанч итгэмээргүй. 
 
- МАН-ын жагсаалтын нэр дэвшигч Ч.Анар оффисгүй, орон сууцгүй, хувийн хаусгүй, халуун зунаар л хааяа очдог 160 саяын зуслангийн ганц байшинтай гэж мэдүүлжээ. Уг нь Ч.Анар үүрэн телефоны “Жи-Мобайл”-ын үүсгэн байгуулагч, анхны цахим зээлийн аппликейшн “Лэнд.мн”-ийн үүсгэн байгуулагч, гадаадын зах зах зээлээс 10 сая ам.доллар босгосон “Анд глобал”-ын үүсгэн байгуулагч, одоогийн “Ондо”-гийн эзэн гээд Монголдоо байтугай, дэлхийд данстай тэрбумтан байх намтартай. Атал амьдрах орон сууцаа ч авч амжаагүй нэгэн аж. 
 
- Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн V тойрогт АН-аас Л.Одбаяр гэх залуу нэр дэвшиж буй. Тэгвэл Л.Одбаяр  хурдын удмын гурван адуунаас өөр түүний гэх юм юу ч үгүй ажээ. Бүр хоржоонтой нь, Л.Одбаяр дансандаа 24 мянган төгрөгтэй гэж мэдүүлжээ. Тэр мөнгөөрөө хэдийнэ таваг хоол аваад идчихсэн биз, өдийд. Харин Дархан, Сэлэнгэ, Төвийн тойрогт өөрийгөө сурталчлах тэрбум төгрөгөө хаанаас гаргаж буй нь сонин. 
 
- Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч, “комидеан” Н.Амаржин оффис, орон сууц, хувийн хаус, зуслангийн байшин, машин унаа, мал ахуй ёстой юу ч байхгүй, харин 200 саяын үнэт эдлэлтэй гэжээ. Тэр таван жилийн өмнө сошиал ертөнцийг доргиосон нүсэр хурим хийсэн. Магад, хуримаар нь цугласан мөнгө, аяга сэлтийг 200 саяын үнэт эдлэл гэж мэдүүлсэн биз. Гэхдээ хөлгүй хурим хийчихээд амьдрах байраа, ядаж хашаа байшинтай ч болж чадаагүй бололтой юм. Гол нь, Н.Амаржин данс, хэтэвчиндээ 100 төгрөг ч үгүй атлаа 350 мянган хүн амтай, хотын хамгийн том дүүрэг Сонгинохайрханд сурталчилгаагаа хэрхэн явуулж буй нь сонин байна.  

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.