РОНАЛДО: ЕВРОД ТҮРҮҮЛЭХЭД ДАН ГАНЦ АВЬЯАС ЧАДВАР ХАНГАЛТГҮЙ

Зургаа дахь Европын аваргадаа зодоглож, рекорд тогтоох гэж буй Кристиано Роналдо "Би бусдадаа тусалдаг тамирчин баймаар байна" гэв.

Хөлбөмбөгийн спортод Кристиано Роналдогийн эвдээгүй амжилт, гараагүй оргил тун цөөхөн үлдсэн. Нас ахих тусам саарах бус улам л жавхаажиж, өндөр түвшний хөлбөмбөгийг толилуулж байна. Энэ удаад ч Европын аваргад оролцож, зургаан удаа Еврод тоглосон гэх цор ганц амжилтын эзэн болох аж. Тэрбээр аль хэдийнэ Еврогийн 25 тоглолтод 14 гоол оруулж, амжилт тогтоочихсон нэгэн.

Өдгөө 39 настай таван алтан бөмбөгтэй түүний гол зорилго нь дахин Еврод түрүүлэх. Өмнө нь 2016 онд хүртэж байсан тэрхүү цомоо дахин хүртэх хүсэлтэй. Роналдо ч "UEFA.com"-д дараах зүйлсийг ярьжээ.

Тоглогчийн хувиар гарсан өөрчлөлт

-Жилээс жилд бид үргэлж тодорхой зүйлсийг өөрчлөхийг хүсч байдаг. Үргэлж сайжрах боломж байдаг. Би өөрийгөө бүрэн боловсорсон тоглогч гэж боддог. Гэхдээ үргэлж миний төгс болгох боломжтой зүйлс байгааг мэднэ. Энэ насан дээр урьдынх шигээ сайн байхаа больсон зүйлс бий. Бид чаддаг зүйлээ чадахгүй болж ирнэ. Үүнд л дасан зохицох хэрэгтэй.

Манлайллын талаар

-Мэргэжлийн тамирчин бүрт өөрсдийн гэсэн онцлог бий. Манлайлал гэдэг бол бидний хэн болох, үүнийг хэрхэн мэдэрч байгаа, мэргэжлийн тамирчны хувиар юу сурсан зэргээс хамаардаг гэж би боддог. Би үр бүтээлтэй гэж боддог аргаараа л манлайлахыг хичээдэг. Би бусдадаа тусалдаг, тэдний үлгэр жишээ авдаг, роль модель нь болсон тамирчин баймаар байна.

Би үргэлж хэлдэг. Би өөрийнхөө жишээгээр юм хийхийг хүсдэг. Би ярьдаг биш өөрийгөө хэн болохыг харуулдаг хүн. Юмс хүссэнээр болохгүй үед хэзээ тэдэнд үлгэр дуурайлал үзүүлж, хэрхэн тэднийг дэмжихээ мэдэж байх хэрэгтэй. Харин бүх зүйл санаснаар болж байвал тэдэнтэй хамт байж, хамт хичээх хэрэгтэй.

Манай багт олон манлайлагчид байна. Иймээс л би багаа гайхалтай гэж хэлээд байгаа юм.

Зургаа дахь Евро

-Европын аваргад зургаан удаа оролцсон анхны тамирчин болсноороо бахархаж байна. Энэ амжилт миний урт, удаан замналыг харуулж байгаа учир баяртай байна. Гэсэн хэдий ч энэ бол Кристиано Роналдогийн хөлбөмбөгт гаргасан амжилтын л нэг хэсэг. Шигшээ багаа зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд энд ирсэндээ баяртай байна. Мэдээжийн хэрэг цаашдаа ялалт байгуулахыг хичээх нь бидний гол зорилго.

Португалын шигшээг дэмжигчдэд хандахад

-Португалын фэнүүд үргэлж гайхалтай байсаар ирсэн. Телевизороор үзсэн ч мөн адил. Тэдний эрч хүч Германд мэдрэгдэх нь лавтай. Тэдэнд хандахад өмнө нь хийсэн зүйлсээ үргэлжлүүлээрэй. Шигшээ багаа, тамирчдаа дэмжээрэй. Тамирчдын хувьд бид та нарын дэмжлэгийг талбай дээр мэдэрдэг шүү. Хамтдаа бид илүү хүчтэй.

Энэ удаагийн Еврод оролцох Португалын шигшээ багийн талаар

-Энэ шигшээ баг Евро эхэлсэн цагаас Португалын фэнүүдэд баяр баяслыг авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэхдээ миний хувьд хамгийн шилдэг тамирчид бол цомд түрүүлсэн тамирчид л байдаг. Энэ шигшээ багт гайхалтай авьяас байгаа учир түрүүлнэ гэж найдаж байна. Гэхдээ бид бүгдээрээ түрүүлэхэд зөвхөн авьяас хангалттай биш гэдгийг мэднэ. Үүн шиг том тэмцээнд түрүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Бидэнд түрүүлэх бүхий л жор нь бий. Гол нь түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байж, тоглолт бүрээр шат ахих болно. 2016 онд бидний хүрсэн оргил түүхэн байсан. Португалын хөлбөмбөгт ч, дэлхийн хөлбөмбөгт ч тэр. Бид газарт байгаа ч Еврод түрүүлэх бидний бодол санаа тэнгэрт явна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.