СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН

СЭТГЭЛ ЗОХИОДОГ ХҮН БУЮУ БУЯНДЭЛГЭРИЙН ПҮРЭВСҮРЭН

Хүний цэнхэр орчлонгийн амь амьсгал бүхэн нэгэн уул хэмээн сэтгэе л дээ. Тэгвэл одоо би нэгэн том уулын энгэр бэлд суугаад түүний цэцэг ногоо, ан амьтан, моддын мөчир бүхэн дээр нь хөхөө шувуу донгодон, зүйл олон төрлийн гоо шувууд бас жиргэхийг сүслэн чагнаж сууна. Байгаль дэлхий хэчнээн баян тансаг билээ. Хүн гэгч өөрөө мөн тийм байгаль мэт бөгөөд сэтгэл гэдэг торгон утсаар зүйл төрлийн хувцас нэхэж явдаг юм шигээ. Тэрхүү сэтгэлийг зохиодог хүмүүн бол Буяндэлгэрийн Пүрэвсүрэн эрхэм юм. Сүрдмээр хэрнээ, энгийн, харин энгийн дотроо аугаа мөн чанарыг шингээсэн хайрлам хүмүүс уран бүтээлийн зам мөрөөр халгиж цалгин байдаг уу даа.

/…Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь үзэх гэж

Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд

Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би

Дуулим хорвоод төрсөн минь учиртай…/ Дорнын их яруу найрагч Б.Явуухулан.

 

Амьдралын үнэ цэнийг хүн хаанаас хайж оюун санаагаа тэмтрэх билээ. Юм гэдэг дээрх мөрт шиг ийм л энгийн байжээ. Эрхэм ахын тухай өчүүхэн би бодол дүүртэл бичиж уншигч танд хүргэж мэдэхгүй ч түүний дууг сонсох дуртай ард түмний нэг л төлөөлөл юм. Мөн хамтран дуу бүтээх хүсэлтэй хийгээд бүтээж яваа нэгэн уран бүтээлч залуугийн сэтгэл л юм шүү. Тэр "Цэнхэр тэнгэрийн орон” болсон Монгол нутгаа нар тойруулан дуулж, гитарынхаа утас бүхэнтэй хамт та бидний сэтгэл бүхнийг мэдэрнэ.”Босоо хийморьтой эр хүн” "Дулаахан намар” "Нэг л туулах хорвоо” "Манай адуу” "Буурал даргын нутаг” Цэнхэр тэнгэрийн орон” "Сайхан”  Санахгүй л гэсэн юм аа” "Өлзийтэй Монгол” "Сэтгэл чамайг таньсан ч билүү”  зохиосон дуу бүхнийг нь бичээд тоолоод барахгүй ээ. Дуу бүхнийг нь Монголын ард түмэн төдийгүй хилийн цаана, хорвоогийн элгэн дээр хүмүүн дуулж жаргадаг юм. Ховор сайхан хувь заяагаа ухаан сэтгэлээр чимж, дээшээ, доошоо хэд бол хэдэн нас хамаагүй хүнийг хүндэтгэн нөхөрлөж явдаг эрхэм хүн. Бага балчирхан хөвгүүн дүн өвлөөр айлын амбаарт хадгалан өлгөсөн тоостой "Баян хуур” хөгжмийг харснаар яагаад ч юм сэтгэл татагдаж нууцаар тоглож байсан нь анх хөгжимд дурлах мөн чанарыг нь нээж өгсөн ч байж мэдэх юм.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.