"Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна"

 Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: 

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна.

Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий.

Цаашид үргэлжлүүлж цагдан хорьж, саатуулахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Хуульд заасан үндэслэл нь тогтоогдоогүй бол бид ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. 2002-2017 он хүртэл хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ бол гэмт хэргийн нийгэмд учруулах аюулаас хамаарч, цагдан хорих үндэслэл болдог байсан. 2017 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ заалт хуульчлагдаагүй. 48 цагийн хугацаатай баривчлагдаад, суллагдсан эсвэл цагдан хорих арга хэмжээ авч, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ рүү шилжиж, гадуур мөрдөн байцаалтад орох нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажил дууссан гэсэн үг биш.

Авлигатай тэмцэх газрын Хянан шалгах, дүн шинжилгээний хэлстсээс төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн эрсдэл бүхий албан тушаалын судалгааг гаргаж, байгууллагад нь шаардлага хүргүүлсэн. Тэгэхээр энэ жилээс эдгээр албан тушаалтнууд заавал хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргах шаардлагатай болж байгаа юм. 2021 онд хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогоо мэдүүлэх албан тушаалтан 43692 байсан бол энэ жил 46807 болж гурван мянга орчмоор нэмэгдсэн. Өнгөрсөн 2019 онд шүүхээр шийдэгдсэн хэрэг 68, 2020 онд 114, 2021 онд 160 хэрэг шүүхээр шийдэгдэж байсан. Сүүлийн жилүүдэд авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц сайжирч байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд  96.2 тэрбум төгрөгийн авлига албан тушаалын хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.