Увсын Үүрэг нууранд үзэгдсэн үлэмж биет амьтны бичлэгийг хийжээ

Увс аймгийн Хяргас, Үүрэг нуур

Увс аймгийн Сагил сум, Үүрэг нууранд аялж явсан иргэн С.Содномдорж нуурын үлэмж биет амьтныг нүдээр үзсэн төдийгүй дүрс бичлэгт буулгажээ. 

Аялж явсан иргэн С.Содномдорж: “Би анх мод хөвж байгаа л юм байх гэж бодсон. Тэгээд дэргэдээ байсан нутгийн иргэнээс асуухад, “Тийм зүйл байх боломжгүй дээ” гэсэн. Ойролцоогоор 250 метрийн зайнаас харагдаж байсан л даа. Сайн харсан чинь яг л амьтан шиг харагдаад эхэлсэн. Тэгэхээр нь камераа асаагаад бичлэг хийсэн… Их хол байсан болохоор ойртож очихоор тийшээ гүйсэн юм л даа. Тэр хооронд нөгөө амьтан маань биеэрээ эргэж нуурын гол руу явж эхэлсэн. Тэр үед л би үнэхээр амьтан байна гэдгийг ойлгосон” гэж ярилаа.

ESA: Түүний хэлснээр уг амьтан гэх зүйлийн сэрвээ гэмээр дүрс нуурын мандалд ил харагдаж байгаа нь ойролцоогоор 7-8 метрийн урттай байжээ.

Иргэн С.Содномдорж

    Нутгийн иргэд,  “Үүрэг нууранд үлэмж биет амьтан байдаг тухай домог бий” хэмээн ярьж байна. Тэрхүү үлэмж биет амьтныг “Хөх бух” гэж нэрлэдгээс гадна жаранд нэг удаа үзэгддэг, яг л монгол бух шиг урамддаг талаар ам дамжин ярьсаар иржээ. Хүүхэд ахуй цагтаа өвгөд, хөгшидөөс “Томоотой байхгүй бол нуурын Хөх бухд өгнө шүү” гэдэг үгийг элбэг сонсдог байсан төдийгүй нууранд хамаагүй орж болохгүй тухай үргэлж сануулдаг байсан гэж нутгийн иргэд ярьж байна.

    Эргэн сануулахад: Өмнө нь Увс аймгийн Хяргас нуурын эргээс олдсон нэгэн хачирхалтай ул мөрийг Оросын шинжээчид тайлахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл гарч байсан.  Нуурын эрэг дээр үе, үе гарч ирдэг энэ мөр хэвлээр явагч томоохон амьтных байж болзошгүй. Яг л шотландын Лох Несс нуурын учир битүүлэг амьтан шиг. Хяргас нуурын эрэг дээр анх 1980-аад оны үед том хэмжээтэй ул мөр гарсан байсныг Виктор Ярмолюкийн удирдсан орос монголын геологийн шинжилгээ, судалгааны ангийнхан олж байжээ. /Эх сурвалж: Оросын дуу хоолой радио.2013.08.31/

Оросын геологичид болон амьтан судлаачид дараа дараагийн жилүүдэд нуурын эрэг дээр нэлээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд тухай бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харж байсан нь нуураас нэлээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч, тэр ч бүү хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин багийн хамтаар 2013 оны зун Хяргас нуурт хоёр дахь удаагаа ирж байжээ. Анх 2010 онд ирж цуурай хэмжигч гэх зэрэг сүүлийн үеийн сайн техникүүд ашиглаж байсан байна.

 Игорь Гришин:  “Өнгөрсөн удаа янз бүрийн хэмжээтэй мөрнөөс гадна Монголын өөр ямар ч амьтанд харьяалагдахааргүй яснууд олсон. Бас соёоны ор гарсан загас нэлээн хэдэн удаа баригдсан. Гэтэл энэ нуурт “Алтайн шүдгүй осман” гэдэг цорын ганц төрлийн загас амьдардаг болохыг бид мэднэ. Бид цуурай хэмжигч төхөөрөмжөөр нуурын ёроол, хуурай газар дээрх ул мөрийг тэмдэглэж авч чадсан. Энэ ул мөрийг гурван бүлэгт ангилж болох юм. Янз бүрийн хэмжээтэй хэдэн амьтан эсвэл ганц амьтны биеийн олон хэсгийн ул мөр байх гэж таамаглахад хүргэлээ” хэмээн ярьж байжээ.

Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин 2013 он

 — Судлаачид ном зохиолоос судалгаа хийсний эцэст эрт цагийн усанд амьдрагчид, жишээлбэл плезиозавр чулуу залгихгүй бол хоолоо боловсруулж чаддаггүй байсныг илрүүлжээ. Хяргас нуурт очиж үзсэн Валдайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан, амьтан судлаач Валерий Николаев эртний асар том хэвлээр явагч байдаг гэх таамаглалыг дэмжиж санал нэгтэй буйгаа илэрхийлж байсан байна. Хүмүүс энэ нуурт ойртохоосоо айдаг нь тэдний нэрлэдэгээр “халим” гэх урьд өмнө нь харж байгаагүй амьтнаас айдагтай нь холбоотой болов уу гэж таамаглал дэвшүүлж байжээ.

 

Николаев Валерий Иванович

 

 

Валерий Николаев: “Нутгийн монгол иргэд нуурын орчим ойртон очсон ч нуурыг ер сонирхдоггүй. Тэгсэн хэрнээ Хяргас нуурт харьцангуй ойр амьдардаг хүмүүс нууранд асар том амьтан оршдог хэмээн ярьцгаадаг. Энэ бол домог үлгэр төдий яриа гэж үзэх нь ойлгомжтой. Гэсэн ч шинжлэх ухааны түүхэнд иймэрхүү итгэмээргүй, байж боломгүй ярианаас амьтныг эрж хайх ажил амжилт олж байсан олон тохиолдол бий. Тухайлбал, хулсны панда, эсвэл 400 сая жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй “амьд малтмал” латимери-загас, анаашны төрлийн окапи, энэ бүгд хэзээ нэгэн цагт домог байсан шүү дээ” хэмээн өгүүлсэн байна.

ESA: Увс аймгийн Үүрэг нуур нь Хяргас нуураас 150 гаруй км-ийн зайд оршдог хэдий ч газар нутгийн нэг бүсэд хамрагдаж байгаа нь ижил төстэй судлагдаагүй үлэмж биетэй амьтан байх магадлалтайг өндөрсгөж байна. Үлэмж биет хэвлээр явагч амьтны мөр өмнө нь олдож байсан хэдий ч уг амьтныг нүдээр үзэж бичлэг хийсэн тохиолдол гарч байгаагүй юм. Уг бичлэгийг хийсэн иргэн С.Содномдорж дүрс бичлэгийг шинжилгээнд өгч орчин үеийн технологийн боломжоор амьд биет мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй буйгаа хэлж байна. “Эх сурвалж” агентлаг энэ тухай эргэн мэдээлэх болно.

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.