2021 оны 11 сарын 27
Улстөржиж талцсаар суутал бүтээн байгуулалтын сураг алдрах вий

Хаврын чуулганы эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй зэрэгцэн концессын асуудал сөхөгдөв. Энэ үеэр Засгийн газар концессын гэрээ байгуулсныг зарим гишүүд шүүмжилж, тэр ч бүү хэл  “Концесс гэх луйврыг зогсоох цаг нь болсон” хэмээн хатуухан хэлж байсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 болон 2016 оны 180 дугаар тогтоолоор Эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар дараах нэр бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Жагсаалтад:

  1. Улаанбаатарын III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, станцын цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл

  2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, станцын цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл

  3. Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануур дэд станцыг өргөтгөх төсөл

  4. Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл

  5. Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл

  6. Гурвантэс сумын Нарийнсухайтын 270 МВт-ын цахилгаан станц барих төсөл /

  7. Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл

  8. Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,

  9. Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл

  10. Нарийн сухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл

  11. Дорноговь аймгийн Сайншанд болон Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто замын төсөл

  12. Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл

  13. Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам төсөл14. Сонгиносум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл

  14. Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл

  15. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл гэх мэтчилэн цааш хөврөнө.

Тэгвэл одоо хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй концессын төслүүд цоо шинэ зүйл биш юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 06-ны өдрийн  “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолд дээрх төслүүд багтсан байдаг.  Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны зургадугаар сард Багануурын цахилгаан станц төсөл, Шивээ-Овоогийн цахилгаан станц төсөл, Тэвшийн говийн цахилгаан станц төсөл, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл, Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай автозамын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл, Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн төсөл зэрэг нэр бүхий төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байжээ. Эдгээрээс хэд хэдэн төслүүд амжилттай хэрэгжиж, ажил хэрэг болоод байна. Тухайлбал, “Монгол ЛЗ зам гүүр” ХХК Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай автозамын төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлж 2016 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн юм. Одоо тус компани Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулан ажиллаж байна.

Улмаар дээрх төслүүдээс заримынх нь  концессын гэрээг байгуулахаар хэлэлцээрийг тухайн үеийн Засгийн газар хийх явцад УИХ-ын ээлжит сонгуультай нүүр тулгарснаар  түр саатсан байдаг. Тэгвэл УИХ болон Засгийн газар энэ удаад өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

 Эндээс одоо хэрэгжихээр төлөвлөгдөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд цоо шинэ зүйл, гэнэт “ургасан” асуудал биш гэдэг нь тодорхой харагдана. Концесс бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгээхэн хэлбэр. Төр захиалагч нь байж, хувийн хэвшил бүх эрсдлийг нуруундаа үүрч тухайн  объектыг барьж байгуулдаг. Харин барих-шилжүүлэх, барих-өмчлөх зэрэг хэд, хэдэн нөхцөл бий. Түүнээс биш өнөөгийн улстөрчдийн яриад байгаа шиг Монгол Улсыг өр төлбөрт унагах, хэрэгцээ, шаардлагагүй ажил огтоос биш юм.

Монгол Улс үндсэн суурь дэд бүтэц болох эрчим хүч, зам тээврийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн цагт ирээдүйн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын асуудал хөндөгдөх учиртай. Тухайлбал, “МАК” компанийн хэрэгжүүлж буй Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл амжилттай хэрэгжсэнээр орон нутагт тулгамдаад буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх боломжтой. Учир нь Монгол Улсын өмнөд бүсийн цахилгаан, эрчим хүчний найдвартай ажиллагааг дээшлүүлэх,  цогцоор шийдвэрлэх, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг төвлөрсөн эрчим хүчний системд холбохоор төлөвлөж буй. 21 дүгээр зуунд гэрэл, цахилгаанд холбогдоогүй хэмээн “баалуулж” байсан дээрх сумдын иргэд эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсоноор орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломж бүрдэх нь. Үүнээс  гадна Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах зорилго бүхий Чойрын дэд станц барих, өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Тус станцаас Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн нутаг дэвсгэрт орших 63 сум суурин газар, нийтдээ 1400 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, 23 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.Зүүн өмнөд бүс нь уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж,  “Чойр” дэд станцын трансформаторын ачаалал 100 хувьд хүрч, шинэ хэрэглэгч холбох боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Өнгөрсөн онд Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг Говьсүмбэр аймагт ажиллах үеэр дээрх асуудал хөндөгдөж байсан билээ.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Чойр дэд станцын насжилтын хугацаа дуусч, хуучирсан тоноглолууд бүрэн шинэчлэгдэж цахилгааны эх үүсвэрүүдийн үр ашиг, найдвартай ажиллагааг хангасан, олон улсын жишигт нийцсэн, компьютер удирдлагын системтэй дэд станцтай болох юм. Цаашид Монгол Улсын хөгжилд онцгой үүрэгтэй томоохон төслүүд болох Замын-Үүдийн чөлөөт бүс, Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой, цаашид Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдах зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах нефть боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн чухал ач холбогдолтой хэрэглэгчдийг эрчим хүчний нэгдсэн системд холбох боломж бүрдэнэ.

Хэрэв дээрх дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийг хэрэгжүүлээгүй тохиолдолд одоогийн байгаа “Чойр” дэд станцын тоноглол, техникийн хүчин чадлаар эдгээр хэрэглэгчдийг тэжээх боломжгүй болох юм. Тодруулбал, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн нутаг дэвсгэрт орших 63 сум суурин газар, нийтдээ 1400 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, 23 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрсдэл үүсч байна. Иймд зүүн өмнөд бүсийн зангилаа Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажлыг түргэтгэж, хүлээгдэж байгаа хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаснаар стратегийн ач холбогдолтой уул уурхай, үйлдвэрлэлийн салбарууд хөгжих үндэс суурь тавигдах юм.

Өөр нэгэн жишээ дурдахад, “Томо бюлдинг” компани Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүн амын тэн хагасаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод төрөх эмнэлэг шиг хэрэгтэй зүйл үгүй. Тус  эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий цогц эмнэлэгтэй болох нөхцөл бүрдэх нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой.

Түүнчлэн БНХАУ-ын “China nuclear industry 22” корпораци концессын гэрээгээр барихаар тохиролцон “Багануу Пауэр” ХХК өнгөрөгч 2015 оны дөрөвдүгээр сард Хөрөнгө оруулалтын газартай Багануурын цахилгаан станц төслийг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр дээрх гэрээг байгуулжээ. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 6685 цаг ажиллаж, 4211 ГВт цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Энэ төсөл хэрэгжиж  эхэлснээр 2500 ажлын байр шинээр бий болох тооцоо бий. 

Концессын гэрээгээр хэрэгжихээр төлөвлөгдөж буй төслүүдийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагын талаар цухас дурдахад ийм. Эдийн засаг хүндрэлтэй байгаа гээд бид гараа хумхиад, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох учиргүй. Байгаа нөхцөл, нөөц бололцоондоо тулгуурлаад стратегийн ач холбогдол бүхий төслүүдээ урагшлуулах ёстой. Түүнээс биш талцаж, маргалдаад, хоёр тийшээ хараад суух юм бол сонгуульт дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрчихнө гэдгийг одоогийн эрх баригчид санахад илүүдэхгүй бизээ. Монгол Улсад зайлшгүй хэрэгцээт, нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлснээр бид эмнэлэгтэй, цахилгаан станцтай, замтай болно. Эцсийн дүндээ энэ бүхэн Монгол Улсын иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалт болохоос биш хэн нэгэн “цүнхлээд” аваад явахгүй. Дээрх төслүүд Монгол Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т ч тусгалаа олсон гэдгийг энэ дашрамд  сануулъя.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.