
Олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед автобусны тасалбарын үнэ тарифтай холбоотой байр суурь иргэдийн дунд анхаарах сэдэв болоод буй. Цөөн хэсэг нь 10 гаруй жил мөрдөж буй одоогийн үнийг буюу 500 төгрөгөөр зорьчдог байдлыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь энэ нэмэгдэл амьдралд дарамт болно гэж үзэж байгаагаа илэрхийлэх боллоо. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатараас цөөн асуултад хариулт авч, байр суурийг нь сонирхлоо.
-Автобусны тасалбарын үнэ анхаарал татах асуудал болсон. Нийтийн тээврийн зорчигчдоос оруулж буй орлого нь жил тутамд багасгаад, улсын төсвөөс авах татаас нь нэмэгдсэн статистик харагдаж байна лээ. Үүний учир шалтгаан юу вэ?
-Саяхан нэгэн иргэн олон нийтийн сүлжээ “1999 онд нэг литр дизель түлшний үнэ 270 төгрөг байхад автобусны тасалбар 200, 2011 онд нэг литр дизель түлш 1300 төгрөгийн үнэтэй байхад автобусны тасалбарынх 400 байсан. 2014 онд автобусны талбарын үнийг 500 төгрөг болгоход дизель түлшнийх 1750” байсан гэж бичсэн байна лээ. Одоо энгийн дизель түлш 3600, “Евро-5” стандартын түлш нь 4200 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл автобусны тасалбарын үнэ 500 төгрөг хэвээр. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. “Атар” талхны үнэ 2014 онд 1100 төгрөг байсан. Тэгвэл одоо 2500 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Шатахуун, тос, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, автобусны сэлбэг хэрэгсэл гээд гарч буй бүх зардлыг оролцуулж тооцоход нийтийн тээврээр нэг хүнийг нэг удаа тээвэрлэх өртөг 1300 төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа гаргасан. Зөрүүг нь төр дааж буй учраас зардал өсөх тусам улсын төсвөөс авч буй татаас нэмэгдэж байгаа юм. Би хувьдаа нийтийн тээврийн төлбөрийн системийг өөрчлөх, шинэчлэх ёстой гэж үздэг. Санаагаар болдог бол тухайн иргэн банкныхаа картыг уншуулаад зорчдог нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Зорчигчид “Улаанбаатар смарт” компанийн “U money” картыг мөнгөөр цэнэглэж, төлбөр тооцоо хийдэг. “U money” картаа цэнэглээгүй, эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд жолоочид 500 төгрөгөө өгөөд зорчих тохиолдол нэлээд бий.
-Байгууллагын данс руу орох ёстой мөнгө жолоочийн халаас руу “гулсаж” байна шүү дээ. Хэр хэмжээний мөнгө иймэрхүү далд эдийн засгийн байдлаар алга болдог вэ?
-Уг нь энэ судалгааг “Улаанбаатар смарт” компани хийх ёстой. Нарийн тооцож судалсан зүйл алга. Нэг автобус өдөрт 40-80 мянган төгрөгийн бэлэн мөнгө хүлээж авдаг гэсэн яриа бий. Нэг автобус дунджаар 50 мянган төгрөг гэж тооцвол нийт компаниуд өдөрт 50 сая төгрөгийн орлогоо алдаж байгаа юм. Тэгэхээр сард 1.5 тэрбум төгрөгийн орлогоо алдах нь гэж төсөөлж болно. Гэхдээ энэ нь нарийн тооцоо, судалгаагүй зүйл гэдгийг дахин анхааруулъя.
-Автобус жолоодох хүн олдохоо больсон гэсэн яриа сонссон. Автобусны тоог нэмлээ гэхэд жолоодох хүн олдохгүй бол яах вэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын хүний нөөцийн нөхцөл ямар байгаа вэ?
-Нийтийн тээврийн салбарын ажиллах хүчний 60-65 хувийг автобусны жолооч бүрдүүлдэг. Автобусны жолооч жолоодох эрхийн “D” ангилал, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой. Уул уурхайн хүнд даацын машиныг “D” ангилалтай жолооч жолооддог юм байна лээ. Уурхайд ажиллаж буй жолооч сард таван сая төгрөгөөс дээш цалин авдаг. Амьдралын нөхцөлөө сайжруулах гэж бодож байгаа “D” ангилалтай жолооч автобус жолоодоод сард хоёр сая төгрөгийн цалин авахаас илүү уурхайд ажиллахыг илүүд үзнэ биз дээ. Тиймээс мэргэшсэн жолооч нар уурхай руу яваад, автобус жолоодох сонирхолгүй болсон. Уурхайтай өрсөлдөж хүний нөөцөө татахын тулд автобусны жолоочийн цалинг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Манай байгууллагын жолооч нар явсан цагаасаа шалтгаалаад 1.5-2.5 сая төгрөгийн цалин авч байна. Автобусны жолооч явсан цагаараа цалинждаг онцлогтой. Автобусны жолооч нэлээд хүнд ажил. Энэ нь ч цалинг нь нэмэх нэг үндэслэл юм. Өглөөний ээлжийн автобусны жолоочийн ажил, амьдрал өглөөний дөрвөн цагаас эхэлдэг. Оройн ээлжийнх нь бараг шөнө дунд дуусна. Иймээс хүнд ажил гэж хэлж болно. Шинээр томилогдсон хотын дарга ирж, бидний нөхцөл, байдалтай танилцсан. Ингээд жолооч нарын цалинг нэмэх ёстой гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Энэ оны төсөвт автобусны жолооч нарын цалинг нэмэх нэмэлт хөрөнгө тусгасан. Машин цагийн зардал гэж байдаг юм. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталдаг. Машин цагийн зардлыг баталсны дараа автобусны жолоочийн цалинг хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болно.
toimmedee.mn