Мал аж ахуй дахь бантан, далд ялзрал

Сүүлийн үед хэвлэл мэдээллээр мал аж ахуйн тухай ялангуяа малын чанар доройтож ашиг шимийг нь ашиглаж чадахгүй, ноос, арьс үс үрэгдэж, бэлчээр, ус доройтож мал багтахаа байсан тухай, малчид цөөрч хөдөө нутаг эзгүйрч, малын өвчин тархаж газар авч байгаа тухай бишгүй нэг ярьж бичсээр байна. Жишээлэхэд, мал эмнэлгийн ухааны доктор О.Уламбаяр “Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль”, “Вакцины мөнгө хулуух эрхийн бичиг”, “Малын шүлхий өвчин гаарлаа” гэхчилэн мал эмнэлгийн салбарт бий болоод байгаа бузар булхайг илчилж асуудап дэвшүүлсэн хурц хэллэгтэй нийтлэл хэд хэдийг хэвлүүлэв. Эдгээрт дурдсан нөхцөл байдап зөвхөн мал эмнэлэгт ч биш мөн мал үржлийн ажил албанд бий болоод удаж байна. 

Малчид малаа өсгөсөн амжилтаар халхавч хийн хамаг булайг далдалж, бүх юм сайн сайхан, болж бүтэж байгаа мэтээр дээдсийг хуурч, олныг мэхэлж суух нь ажил хариуцсан нөхдийн арилшгүй арга мэх болжээ.
 
“Малын генетик нөөцийн тухай” гэх нэрнээсээ эхлээд харийншсан хууль 2017 онд батлагдаад таван жилийн нүүр үзэж байгаа боловч огт нутагшиж чадсангүй, үр дүн ч гарсангүй. Энэ хууль анхнаасаа мал сүргийн дийлэнх нь улс, хоршооллын өмчид байсан социализмын үеийн жишгээр мэргэжлийн албаны удирдлагын босоо тогтолцоог хэвээр хадгапж, ажил үйлчилгээ бүхнийг төрөөс удирдан санхүүжүүлж байх маш буруу үзэл баримтлалаар боловсруулж батлагдсан. Үүний уршиг улам бүр тодорхой болж байна. Тухайлбал, хуулинд Яамнаас эхлээд аймаг нийслэл, сум дүүрэгт малын генетик нөөцийн ажил гэдэг чамирхаж далдалсан нэрийн дор үржлийн ажил хариуцах газар, хэлтэс, тасаг байгуулж ажиллуулахаар заасан. Тэдгээрийн ажил нь социализмын үед тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийж байсан үржлийн ажлыг төлөвлөх, удирдах, зохион байгуулах, хэрэгжүүлэх зэрэг төрийн хүлээж байсан үүрэг хүлээхийн дээр нь хуулийн 5 дугаар зүйлд заасан тоо томшгүй олон бүртгэл хөтөлж байх хэрэгтэй болсон.
Шуудхан хэлэхэд энэ хууль амьдралаас хэт тасархай, биелэх боломжгүй зүйл заалт олон орсон. Хууль боловсруулах, хэлэлцүүлэх шатанд мал үржүүлгийн хуучин тогтолцооноос аль болох зайлсхийх, өөрийн орны онцлогийг бусад орны туршлагатай уялдуулан зах ззэлийн нөхцөлд зохицсон хувилбар сонгох тухайд тодорхой санал хэлээд, бичиж өгөөд байхад харгалзаагүйгээр барахгүй ам боох, төслийг нуух, ажлын хэсгээс хол хөндий байлгахыг хичээсээр хуулийг батлуулсан.
Нэг үгээр хууль батлуулж сайн нэр хүлээх гэсэн цөөн хэдэн хүний ашиг сонирхол давамгайлсан. Одоо хуулийг хэрэгжүүлэх ажил холион бантан болж дампуурлаа. Чамгүй хугацаа өнгөрч байхад хуулинд заасан ажил огт хийгдэхгүй он жилүүд өнгөрсөөр малчид малаа өсгөж, ямар мал үржүүлэх, сүргийнхээ бүтцийг хэрхэн тохируулах, жилийн турш малаа яаж маллахаа хэнээр ч заалгахгүй, бух нь ажлаа сайн хийгээд мал нь өсөөд л явж байна. Үүнд мал үржлийн алба оролцож нөлөөлөх боломж ч байхгүй юм. Цаашид ч ийм байдал үргэлжлэх нь тодорхой. Өнөөдөр апь аймаг, суманд хуулинд \11.6 -д\ заасан малын үржлийн ажлыг төлөвлөх, зохион байгуулахаас эхлээд малд үзлэг ангилалт, тохируулан сонголт хийх, малын удам гарвал ашиг шимийг тодорхойлох, малын бүртгэл, бүтээгдэхүүний бүртгэл, удам зүйн үнэлгээний бүртгэл, уламжлалт мэдлэгийн бүртгэл хөтлөх зэрэг ажлуудаас чухам энийг ингээд хийчихлээ, ийм дүн гарлаа гээд ил гаргаад тавих юм даан ч хомс.
 
Ийм учраас суманд ирсэн мал зүйч нүд чихээ таглаад зугтах, нэг бол цахим тоглоом тоглож, цаг үеийн мэдээ гаргасан болж сул цалин хүртэж суухаас өөр аргагүй. Тэгээд ч ганц байдаг ХААИС-д мал зүйч мэргэжлээр суралцахыг сонирхогчид их ховор, цөөн хэдэн төгсөгчид нь ажлын байрнаасаа дайжаад алга болсоор олон жилийг өнгөрөөж байна. Улсын хэмжээнд сум, дүүрэг бүрт мал аж ахуй хариуцсан 3 мэргэжилтэн ажиллах ёстой атал одоо 130 гаруй суманд мал зүйч огт байхгүй. Бусад нь тэдгээр орон тоон дээр мэргэжлийн бус хүн ажиллуулж төсвөөс цалинжуулж жил сар өнгөрөөсөөр байна. Үүнийг яамны мэргэжлийн ажил хариуцагч дарга, удирдлага сайн мэдэж байгаа ч улс төрийн томилгоогоор усны шувуу шиг ирж буцдаг мэргэжлийн бус сайд, дарга нарт бүх ажил амжилттай сайн байгаа мэт ташаа ойлголт, үндэслэлгүй мэдээлэл өгч явцгүй, буруу шийдвэр гаргуулсаар, төсвийн хөрөнгө зардлыг үрэн таран хийсээр ажээ. Жишээ нь сүүлийн 10 жилийн дунджаар малын үзлэг ангилалт явуулах зориулалтаар жил бүр 200-400 сая төгрөг зарж байна. Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн малтай байх лоозун маягийн яриа их газар авсан. Энэ нь ашиг шимийн ялгаралгүй нутгийн малыг үүлдрээр зарлах залилангийн халхавч бамбай болж байна.
 
 
Чанартай цөөн мал гэдэг нэг үнээ нь жилд 5000-аас доошгүй литр сүү өгдөг, бух нь 1000-1500 кг, эсвэл өсвөр насандаа нутгийн малаас 2-3 дахин илүү жин татдаг үүлдрийн үхэр, хонины тухай ойлголт юм.
 
 
Манайд ийм чиглэлийн үржлийн ажил хуруу дарам цөөн газарт эхлэл төдий л байна. Ийм л ажлыг мэргэжлийн үүднээс удирдан, туршин судалж, дэмжин тусалж байх ёстой Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн сүүлийн 30 гаруй жилд энэ чигт дорвитой бүгээлгүй, ямар ч шинэ юм гаргахгүй атлаа нутгийн үүлдэр омгийн малын тухай хийгээгүй ажлыг хийсэн болгож худал тодорхойлолт бүрдүүлэн үлгэр зохиож, амиа аргацаан төсвийн асар их хөрөнгийг шимж байдаг болсон. Иймд үржлийн ажлыг хэт хялбарчлан мал сүрэгт чиглэсэн зорилготой шинжлэх ухааны үндэстэй селекц явуулахын оронд нэг нутаг усны малыг чанартай, чанаргүй гэж зохиомлоор зааглан ангилалт, шилэн сонголт хийгээгүй, бүртгэл тооцоо огт байхгүй, удам гарвал нь тодорхойгүй, үр төлийн чанарыг шалгаагүй, удамшил ашиг шимийн бусдаас мэдэгдэхүйц ялгарал илрээгүй малыг шинэ үүлдэр омог болгон зарлаж хамаг булхайгаа далдлан сууцгаана. Улсын хэмжээнд нийт үүлдэр, омог бараг 60 дөхөж байгаагаас 30-ийг нь ердөө сүүлийн 10 жилд баталсны дотор эх орны Сэлэнгэ, Орхон, Хангай, Ерөө, Сүмбэр, Талын цагаан, Жаргалант, Байдраг, Говьгурвансайхан, Уулын бор зэрэг үүлдрүүд шиг 30-40 жилийн хэтийн зорилготой, нэгдсэн арга зүйтэй селекцийн үрээр гарсан нь байхгүй. Одоо бараг бүгдийг нь устгаж үгүй хийчихээд байгаа эдгээр үүлдрийг гаргах гэж ухамсарт бүх амьдралаа зориулсан Р.Жавзмаа, Т.Аюурзана, Б.Аюуш, Г.Чадраабал, С. Тэрбиш, П.Нямдовчин, Г. Батсүх, Ц.Арвий, Д. Цэрэнсоном, Б.Жумагали зэрэг цуут мал зүйч, эрдэмтдийн маань сүнс үүлдэр гаргах гэдэг өнөөгийнх шиг ийм амархан байдаг юм уу гэж гайхан харамсаж байгаа даа гэж бодохоос яс хавталзана. Миний бие Монгол Улсын алтан үеийн хөдөө аж ахуйн цуутай эрдэмтдээр малын удам зүй, үржүүлэг, маллагаа, тэжээллэгийн шинжлэх ухааны үндсийг заалгаж мэргэжилтэн гэгдэн сумаас аймаг дамжин шат шатанд ажиллан ухамсарт бүх амьдралаа мал аж ахуйтай холбосны хувьд салбарын бодлого дампуурч ийм болоод байхад надад хамаагүй гээд суух эрхгүй гэж бодсондоо асуудлыг хөндөж байгаа юм. Энэ үүднээс санал болгоход:
 
1.Малын генетик нөөцийн тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг эрх бүхий байгууллагаас төв, орон нутагт нарийвчлан шалгаж мал аж ахуйн салбарт өгч байгаа төсвийн зарцуулалтыг хянан үр ашгийг тооцож үзэх хэрэгтэй юм.
2.Шалгалтын дүнд үндэслэн сум дүүрэгт байгаа мал аж ахуйн орон тоо бүтцийг эргэн харж, мал үржлийн албаны босоо тогтолцоог өөрчилж, газар зүй эдийн засгийн бүсийн төвүүд, эрчимжсэн мал аж ахуйтай аймгуудад үйлчлэн туслах салбаруудыг бий болгох чиглэлээр хуулинд өөрчлөлт оруулмаар байна.
 
 
Монгол Улсын Гавьяат мал зүйч, ХАА-н ухааны доктор Д.Буянхишиг

 

È

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.