АТҮТ-ийн хэлтсийн дарга К.Айдос нарын дөрвөн хүнийг БАРИВЧИЛЖЭЭ

АТҮТ-ийн албан тушаалтнууд авлигын хэрэгт байсхийгээд л холбогддог. Зам, тээврийн хөгжлийн сайд, харьяалах яамныханд нь АТГ-аас удаа дараа хандаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийхийг сануулдаг ч үр дүнд хүрдэггүй бололтой. Албан тушаалтнууд нь дахиад хээл хахуулийн хэрэгт холбогдов. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн мягмар гаргийн үдэш тус төвийн дөрвөн албан тушаалтныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулжээ.

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн Онон, Мэндбаяр, Анхтүвшин нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм байна. Тэднийг олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл гаргаж, бусдаас хахууль авсан гэж буруутгаж буй гэнэ. Үүнээс өмнө АТҮТ-ийн олон албан тушаалтныг бусдаас хахууль авсан, албан тушаалаа урвуулсан хэмээн буруутгасан бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд АТҮТ-ийн ажилтан О.Адъяасүрэн, “Есөн шижир” ББСБ-ын хувьцаа эзэмшигч Б.Наранчимэг, захирал Б.Азжаргал тэргүүтэй хүмүүсийн үйлдлийг хэлэлцэхээр болоод байгаа. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд АТҮТ-ийн мэргэжилтэн Л.Хантайшир тэргүүтэй хүмүүсийн “азын” гэх дугаар наймаалсан хэргийг хэлэлцэх гэж буй билээ

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.