“Парламентийн засаглалаа аварч үлдсэн хүн нь У.Хүрэлсүх“

Тэрбээр "У.Хүрэлсүх гэж энэ хүрлийсэн хар нөхөр хүмүүсийн дургүйг яаж хүргэснийг яриад өгөх үү? Засаглалын хуваарилалтын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван талт өнцөгөөр гурван тийшээ задарч, гуйвж дайван, талцаж хуваагдаад 30 жил болсон явдлыг эцэс болгосон. Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтийн гол ач холбогдол үүнд байлаа. Дээр нь 2017 онд МАН-ын дарга, Ерөнхий сайд болмогцоо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаан, заан болтол нь өргөөд байсан хөшүүргүүдийг салгаж, Ерөнхий сайд, парламент хоёрт хувааж авчирсан. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн даргыг томилохоос эхлээд, АТГ гэхчлэн үргэлжилнэ. Том зориг, золиос гаргаж хийсэн зүй ёсны өөрчлөлтүүд байлаа. Түүнээс өөр хүн хийж чадах ч үгүй байлаа. Ингэж байж парламентийн засаглалаа аварч үлдэхээс өөр арга байгаагүй. Дээр нь хууль бусаар болон, хуульд лообий бүлэг байгуулан авилгадах арга замаар хувьдаа авсан лицензүүдийг цуцалсан. Энэ бүхэн манай энхрий хайрт, эрх мэдэлд цаглашгүй хайртай, төрөө тонож түрийвчээ дүүргэдэг олигархуудын бүлэглэлд таалагдана гэж бодож байна уу, үгүй.

Улс төрийн энэ туйлын зорилгынхоо төлөө У.Хүрэлсүх тууштай урагшилж, гүтгэлэг, доромжлол, огцролт, овилгогүй нэгнийг дарах зэвсэг болохоос ч буцахгүй зүтгэж явна. Гэтэл энэ бүхэн ганц түүний ч зорилго бус, монголчуудын төрт ёсны түүхэндээ эрж хайсаар ирсэн зүй ёсны ганц гарц билээ.

Харин С.Эрдэнэ Монголын ардчиллын сүүлчийн манаач болон торойж байна. Эл хоёр хүний зам энэ сонгуульд огтлолцож таарлаа. Уг чанартаа зорилго нь ч бас нэг шугам дээр орж ирлээ. Өөр арга ч үгүй. Сүрэг сөрж сүргийн төлөө зүтгэх сэтгэлзүй гэдэг л энэ биз. АН-ыг сандлын наймаа, албан тушаалын барьцаанаас салгаж, олигархуудын халаасанд аваачаад хийчихгүйн төлөө С.Эрдэнэ ч бас сүүлчийн манаач байх үүргээ сүрэг сөрөн биелүүлж ирлээ. Үнэндээ түүнд өөрөөс нь өөр итгэх хүн байсангүй. Гэтэл энэ нь ч бас АН-ыг сонгуульд нэр дэвших хэрэгсэл болгохоор улайрч ирсэн өнгөлөг, мөнгөлөг хэсгийнхэнд таалагдсангүй.

Харин Д.Энхбат бол цагийн салхи эргэхэд нэр дэвшиж таарсан бас нэг төлөөлөл. Түүний нэр дэвших замыг аль ч утгаараа цэвэрлэж өгсөн хүмүүс нь Хүрэлсүх, Эрдэнэ хоёр юм. Үзэл бодол дээрээ үзэлцээд зогсчихдог, үүрэгтээ, үүрэндээ үнэнч нөгөө хоёртой дайсагналцсан хэн бүхэнд Энхбат сайхан харагдаж байгаа, савангийн дуурь найруулахад амттайхан өгөөш болж байгаа. Тэгэхээр энэ сонгууль бол цаад утгаараа дахиад л бүлэглэлийн, өмч хөрөнгийн, лицензийн, цаашлаад тогтолцооны тулаан юм. Магадгүй зөв зам дээр үлдэж чадах уу, зөрүү гишгээд замын хажуу руу халтирах уу гэдгээ сонгох сонголт аж.

Буцаад 1991-2017 оны гацаа руу унамааргүй байна. Энэ удаа л тэсч үлдэх хэрэгтэй. Тэгээд дараа нь Улс төрийн намуудын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, шилэн, гишүүнчлэлгүй болгоход дэмжлэг болох их үүрэг У. Хүрэлсүхийг шил даран хүлээж байна. Үүний төлөө тэр туйлын зорилгоо хамгаалж нэр дэвшсэн, тушаа болж буй бүхэн ойлгохгүй нь хэцүү. Тиймээс энэ удаагийн сонгууль хэн нэгний хувьд Ерөнхийлөгчийн суудал хүртэлх гишгүүр мэт харагдаж байж болно. Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд парламентийн сонгодог тогтолцоог эргэлт буцалтгүй авч үлдэхийн төлөөх шийдвэр юм! Зорилгодоо нэгэн алхам дөхөхийн тулд тэр урагшилж байна. Угаасаа ч зорилготой хүн зогсдоггүй. Зорилго нь Монголын төлөө бол зогсох эрх бүр ч үгүй билээ." гэжээ.

bolod.mn

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.