Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог тав хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Хөл хорионы дэглэм нэгдүгээр сарын 6-нд буюу Лхагва гариг хүртэл тогтоосон байсан юм. Гэвч нийслэлд эх үүсвэр нь тодорхой бус халдвар дэгдсэн, түүнийг хүн амд халдварлуулахгүй байхад хатуу хөл хорионы дэглэм мөрдөхөөс аргагүй байна гэсэн саналыг Эрүүл мэндийн яам Улсын онцгой комисст хүргүүлсэн. Улмаар Улсын онцгой комисс хуралдаад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоногоор сунгах асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Харин Засгийн газар Улсын онцгой комиссын саналыг хэлэлцээд, тав хоногоор сунгажээ. Одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.
УОК: Хөл хориог 14 хоногоор сунгах саналыг дэмжжээ
НЭМЭЛТ:
Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцээд дэмжжээ. Энэхүү дэмжсэн саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцэх юм. Хэрэв Засгийн газар тус хуралдаанаас гаргасан саналыг дэмжвэл нэгдүгээр сарын 20-н хүртэл Улаанбаатар хотод хөл хориог сунган хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна.
Улсын онцгой комисс хуралдаж байна
Улсын онцгой комисс /УОК/ энэ цаг мөчид хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг албаныхан оролцож байна.
Уг хуралдаанаар Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулах эсэх тухай хэлэлцэж буй юм. Энэ асуудалтай холбогдуулж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УОК-ын гишүүдэд мэдээлэл хийж байна.
Мөн энэхүү хурал цахимаар зохион байгуулагдаж буй бөгөөд холбогдох албаныхан хариуцсан салбарынхаа хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулах юм. УОК-ын хуралдаан дууссаны дараа Засгийн газар үргэлжлүүлэн хуралдаж, саналыг нь хэлэлцэн, нийслэлд хөл хориог сунгах эсэх шийдвэрийг эцэслэн гаргана.
toimmedee.mn