Тагнуулчдаа хориулсан өдрүүд…

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ сарын 21-нд болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр “С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан, тагнуулын хоёр ажилтан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм бэ” хэмээн мэдэгдэл хийж С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт холбогдож ял эдэлж буй хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйсан билээ. Олон нийт үүнийг ХЗДХ-ийн сайд нь, тэр тусмаа Цэндийн Нямдорж гэдэг хүн анх удаа уучлал гуйлаа гэдэгт гол анхаарал хандуулан хүлээж авсан. Нөгөөтэйгүүр, шүүхийн тогтоолын дээр ХЗДХ-ийн сайд гарч энэ асуудалд ингэтлээ гүнзгий зууралдлаа хэмээн шүүмжилсэн нь бий.

Ц.Нямдорж сайдын хэлсэн хоригдож буй тагнуулын ажилтан нь хэн байв. Энэ бол Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь юм. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Б.Хурцын хамт хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байснаар нь л олон нийт мэдэх байх. Тэрбээр энэ үеэр “Монгол Улс эрхзүйт төртэй. С.Зоригийн хэргийн гүйцэтгэгчид хангалттай нотлох баримтаар тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлсэн. Харин захиалагчийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс мэдээлэл дэлгэрэнгүй өгөх боломжгүй” гэсэн юм”. Төдөлгүй ажлаасаа халагдаж түүний оронд хурандаа Галбаатарыг томилсон байдаг. Харин О.Бархасбадь хурандаа одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй.

О.Бархасбадь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажилтан байснаа Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар очиход энгэртээ Сүхбаатарын одон, мөрөндөө хурандаа цолтойгоор Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар очсон нь С.Зоригийн амь нас хохирсон хэргийн илрүүлэлттэй холбоотой гэдэг нь ч үнэн.

Тэгвэл дараагийн хоригдогч нь хэн бэ. Энэ бол 1982 онд төрсөн Ү.Отгонбаяр гэдэг залуу байв. Б.Хурцын хадам дүү гэдэг нь оргүй худал. Харин Ү.Отгонбаярын аав Үржинээ ШШГЕГ-ын дарга Б.Билэгттэй дотны нөхөд учраас энэ салбарт албан тушаалд ахиж дэвших замыг засдаг гэдэг нь ортой байж мэднэ. Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад ШШГЕГ-т Гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн даргаар томилогдож ирсэн тэрбээр мөн л С.Зоригийн амь нас хохирсон хэрэг дээр ажиллаж байсан, нэг жилийн дотор ахлах дэслэгчээс дэд хурандаа, улмаар хурандаа цолонд хүрч чадсан.

Дашрамд дурьдахад Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатарыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойрын холбоотой байдаг, мөдхөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдох магадлал өндөр байгааг эх сурвалжууд өгүүлж байна. Тэрбээр улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж улмаар шүүхээс ял сонсож байсан ч түүний өмнө гишгэх тагнуулч одоо цагт ховордсон хэмээн салбарынхан нь ам сайтай байна. Харин прокурор Ё.Сагсайгйн бичлэгтэй холбоотой асуудлын хувьд мэргэжлийн хэлээрээ бол “зохиомол холбогдол” гэгчид орсон байх магадлалтай. Хэдийгээр “зохиомол холбогдол” гэгчийг рецедивүүд, цагдаа, тагнуулын ажилтнууд хэн ч зохион байгуулж хийх боломжтой гэнэ. Хэрэв түүнд ямар нэг бодис уулгаж уг бичлэгийг хийхэд хүрсэн байлаа ч захын секс шопт бэлгийн хүсэл төрүүлэх эм бэлдмэлийг чөлөөтэй худалддаг. Тэгээд ч үг хэлүүлж байгаа нөхцлөөс дарамтанд орсон байгааг, мөн бичлэг хийгч этгээдүүд хаана тухайн эмэгтэйтэй уулзаж нүцгэлэхийг нь мэдэж байсан зэргээрээ “зохиомол холбогдол”-д орсон байх магадлалтайг харуулж байна гэлээ. Гэхдээ энэ нь Ё.Сагсайг өмөөрөх шалтгаан огт болохгүй бөгөөд тэр нэгэнт алдаа гаргасан гэдгийг мэргэжлийн хүмүүс өөр өөрийнхөөрөө маш сонирхолтойгоор тайлбарлан ярилцах болжээ.

Нийтлэлч: У.Оргилмаа


URL: http://www.fact.mn/389526.html 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.