Азийн хөгжлийн банкныханд баярлалаа, гэхдээ ...
Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Мянганы суут хүн-эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” байгуулахаар болжээ. 19 сая ам.долларын өртгөөр босох энэ цогцолборыг Азийн хөгжлийн банкны зээлээр барихаар яригдаж байна. Олон талын ач холбогдолтой энэ бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийг босгох ажилд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ идэвхийлэн зүтгэж байгаа нь сайшаалтай. Тэрээр Засгийн газарт энэ асуудлыг танилцуулж цогцолборын загварыг батлуулаад байна. Азийн хөгжлийн банк ч энэхүү төслийг дэмжих талдаа байгаа учир Дадал суманд Цонжинболдог дахь цогцолбороос дутахгүй сайхан байгууламж босох нь ердөө цаг хугацааны асуудал болжээ. Чингис хаан гэсэн нэр өөрөө том брэнд, тэр тусмаа төрсөн нутагт нь байгуулах учир гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг соронзон мэт татах байх. Эзэн Чингис хааныхаа нэр хүндийг улам өндөрт өргөх, аялал жуулчлалаар дамжуулан нутгийниргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол нөлөө үзүүлэх боломжтой учир энэ цогцолборын ач холбогдол их.

  Гэхдээ цогцолборыг барихын өмнө заавал анхаарч үзэх ёстой асуудал байна хэмээн цөөнгүй хүн хэлж байна. Тодорхой хэлбэл, байршлын сонголт асуудал дагуулж мэдэхээр байна. Цогцолборыг Балжийн дэнж дээр Дэлүүн болдог, Хажуу булаг хоёрын гол хэсэгт байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. Байршил сонгосон мэргэжилтнүүдийн тайлбараар Дадал дахь түүхэн аялал жуулчлалын хамгийн гол гурван цэг болох Дэлүүн болдог, Хажуу булаг, Чингисийн гэрэлт хөшөөний аль руу нь ч алхаж очоод үзэх, машинаар бол гурвууланг нь 30 минутад тойрох боломжтой гэдгээр нь сонгосон аж. Гадэынхны нүдээр харвал нэг дор бүгдийг төвлөрүүлсэн байршил гэдгээрээ сайн хувилбар байж болох. Харин олон зуун жил онгон дагшнаар нь хадгалж ирсэн, үүнийгээ ашиглан аялал жуулчлал хөгжүүлж, хатуухан хэлбэл байгалиа, их түүхээ худалдаж хэдэн төгрөг олох гэж байгаа монголчуудын хувьд өөр хэрэг. Экологийн хамгаалал талаас нь бодож, аялал жуулчлалыг төгс утгаар нь хөгжүүлэхгүй бол харамсалтай зүйл болно.

  Одоогоор сонгоод байгаа байршил аялал жуулчлалын үр ашиг талаасаа оновчтой газар биш юм байна. Учир нь, тогтвортой аялал жуулчлал тухайн газарт жуулчдыг аль болох удаан сатааруулж, тэр хэрээр нутгийн иргэдийн орлого нэмэгдүүлдэг менежменттэй байдгаас биш хурдхан тойруулаад явуулчихдаг зүйл биш гэдгийг мэргэжлийн хүмүүс онцлон ярьж байгаа юм. Байршил аялал жуулчлалын бизнесийн амин сүнс нь гэж ярьдаг. Хэрвээ одоогийн байршлаар байх юм бол жуулчид цогцолборыг, эзэн Чингисийн төрсөн нутгийн гайхамшгуудыг, их түүхийн гэрч болсон газруудыг нэг дор хоёр, гуравхан цагийн дотор үзчихээд л яваад өгнө. Энд буудаллаж хоноод орлого оруулах шаардлага гарахгүй. Дадалд очих 60-70 мянган жуулчин (жилд дунджаар) цогцолборын боловсон бие засах газрыг л ашиглаж, хогоо үлдээгээд явдаг газар болж хувирна.

  Их түүхийн гэрч болсон, үнэ цэнийг нь юугаар ч нөхөшгүй чухал энэ газарт цогцолбор байгуулбал аялал жуулчлалынхан тойруулаад өөрсдийн амралтын баазаа олноор нь байгуулж таарна. Хэн ч мөнгө олох байрлалд ойрхон байхыг бодно шүү дээ. Магадгүй таван жилийн дараа гэхэд Дэлүүн болдог, Хажуу булаг хүний хөлд талхигдан, тэр жаахан газар дахин сэргэхээргүй бохирдсон байхыг үгүйсгэх аргагүй. Бид эзэн Чингисийнхээ хүй цөглөж, ундаалж өссөн ус булгийг нь өөрсдийн гараар бузарлаад сууж байвал сайхан гэж үү.

  Сургамж авбал авахаар гашуун жишээ ч байна. 2000 оны эхээр Монголын эзэнт гүрний түүхтэй салшгүй холбоотой Хар зүрхний хөх нуурын орчимд аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр жуулчны бааз олноор нь байгуулаад 10 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр Хар зүрхний хөх нуураар дайран гарсан хэн ч найз нөхөд, тэр дундаа гаднынханд очиж үзээрэй гэж хэлэхээсээ ичдэг болсон. Учир нь,бараг л мод болгоны ёроолд хог овоорсон газар болж хувираад байна. Хэрвээ зөв шийдэл гаргахгүй бол яг энэ дүр зураг Дадалд давтагдаж мэднэ. Энэ асуудалд Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүдийг буруутгах аргагүй. Тэд судалгаа хийсэн л байх. Угаасаа том банкууд заавал хийдэг. Гэхдээ тэд хамгийн гол нь зээл өгөх ажлаа нэгдүгээрт тавих болохоос монголчууд ашиг олно уу, түүхэн дурсгалт газраа хогонд даруулна уу ёстой падлийгүй. Бодит үнэн гэвэл энэ. Харин зээл авах гэж байгаа монголчууд бид өөрсдөө энэ төсөлд сэтгэл гаргаж, яавал байгалиа бохирдуулахгүй байх, яавал тогтвортой аялал жуулчлалыг бий болгох тал дээр сэтгэж ажиллах хэрэгтэй байна. Эцсийн дүнд зээл бол зээл. Авсан бол нэгэн цагт буцааж өгнө. 19 сая ам.доллар бага мөнгө биш. Энэ хэмжээний их мөнгийг аялал жуулчлалаас олж буцааж төлнө гэдэг амаргүй. Тиймээс л эхнээс нь ухаалаг хандмаар байгаа юм.

   Нутгийн иргэдийн яриагаар "Мянганы суут хүн-эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор”-ыг Дадал сумаас холгүй, баруун талд нь байрлах Тэнгэлэг голын хөндий дэх нисэх онгоцны хуучин буудлын орчимд баривал аль ч талаасаа оновчтой шийдэл болох аж. Энд олон давуу тал бий. Дадал сумын төвлөрлийг бууруулах, тэр хэмжээгээрээ байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжих боломж нээгдэнэ. Яваандаа тэнд нисэх онгоцны хуучин буудлыг ашиглаж онгоц буудаг болохыг ч үгүйсгэхгүй. Тэр хэрээр жуулчдын тоо нэмэгдэнэ. Аялал жуулчлалын гэр баазуудыг ч тэнд байгуулна. Жуулчид зөвхөн цогцолборыг үзээд явчихгүй. Аялал жуулчлалын тусгай хөтөлбөр гаргаж цогцолбороос жуулчдыг хөсөг тэргээр зөөж Хажуу булаг, Дэлүүн болдогт аваачин эзэн Чингисийн төрсөн нутагт зочлуулах бүрэн боломжтой. Мөн буриад ахуйтай танилцуулах зэргээр Дадал болон зэргэлдээ сумдад түшиглэсэн аялал жуулчлалын төрөл бүрийн бүтээгдэхүүн шинээр бий болгож, нутгийн иргэдийг татан оролцуулах боломжтой болно. Тэд ч үр ашгаа хүртэнэ.

   Иймэрхүү санал, санаачилга цөөнгүй байна. Эдгээрийг төсөл санаачлагчид, Азийн хөгжлийн банк анхааралдаа авч сайн ярилцах байх. Аливаа зээл, тусламжийн үр дүн сайн, муу аль нь ч байсан зээлдүүлэгчийн нэртэй салшгүй холбоотой явдаг. Хүссэн ч эс хүссэн ч "Мянганы суут хүн-эзэн Чингис хааны аялал жуулчлалын цогцолбор”-ын хувь заяа Азийн хөгжлийн банктай байнга нэр холбогдож таарна. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас өгч байгаа энэ сайхан боломжийг ашиглан нутгийн иргэдэд өгөөжтэй, байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарал хандуулах цаг ирээд байна. Энэ удаа эзэн Чингисийн төрсөн нутагт зөвхөн хэдэн барилгаас бүрдсэн цогцолбор бус цогцоор нь аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэлийг тавих ёстой гэдгийг олон хүн онцлон хэлж байгааг дахин сануулъя.

Б.Энхмарт

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.