Нийслэл хотод шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн өдрүүдээс эхлээд орон нутагт шатахууны хомсдол үүсээд эхэлжээ. Тухайлбал, Завхан аймгийн хэд хэдэн суманд АИ-92, АИ-80 шатахуун тасраад удаж байгаа аж. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Шатахуунгүй болсон сумдууд аймгийн төвөөсөө бензинээ зөөврөөр зөөдөг болжээ.

Хүссэн үедээ буюу дураа хүрэхээрээ л үнээ нэмчихдэг шатахуун импортлогчдод ямар ч хариуцлага тооцохгүй байгаад ард түмэн бухимдаж байна. Даварсан ШТС-иудад ямар ч хяналт байхгүй, хариуцлага үгүй, шалгаж байна гэх нэрийдлээр шаардлага тавиад хэдэн төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрдөг. Гэвч энэ байдал нь даамжирч өнөөдөр АИ-92 бензиний үнэ 2050 төгрөгт хүрсэнд ард түмэн цөхөрч, албан тушаалтнууд нь гайхахгүй байгаад олон нийт дургүйцэж байгаа аж.

Шатахуун импортлогчид башир аргаа хэрэглэн баяр наадмын өмнө үнээ нэмчихлээ. Харин одоо тэд баярын уур амьсгалдаа ороод нэмэгдсэн үнийн шуугиан намжина гээд л сууж байгаа байх даа. 

С.Отгон