АТГ “Хотгор шанага” нүүрсний уурхайтай Ч.Хүрэлбаатарыг холбоогүй гэдгийг тогтоожээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүс “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайн лицензийг солонгосчуудадзарсан байж болзошгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Уг хэргийг улс төрийн нэлээд томоохон албан тушаалтны гомдлын мөрөөр АТГ-аас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болоод түүний ойр дотны хүмүүсийн компаниудын данснаас эхлээд өөрийнх нь дансны гүйлгээ зэрэг шаардлагатай бүхнийг шалгасан байна. Гэвч уг уурхайн лиценз Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой гэх баримт болоод солонгосчуудад зарсан гэх нотолгоо ч байхгүй байгааг албаны эх сурвалж онцолж байлаа.

АТГ-т УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  “Хотгор шанага” уурхайг солонгосчуудад зарсан асуудлыг би мэдэхгүй. Энэ асуудалд миний бие ямар ч холбоогүй. Харин улстөрчдийн гар хөл болсон сэтгүүлч миний нэр төрд халдаж байна. Уурхай зарсан гэх асуудлыг огт мэдэхгүй болохоор энэ талаар ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна. Б.Алтангэрэл гээд нутгийн залууг танина. Тэр залуу манай хоёр ахаас мөнгө төгрөг зээлсэн асуудал байдаг юм байна лээ. Надад зээлсэн мөнгөө эргүүлж авсан гэх тайлбарыг манай хоёр ах өгсөн ” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.

Харин Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулга “2008 онд “Хотгоршанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл нь үйл ажиллагаандаа зориулж санхүүжилт хэрэгтэй байна гэж тодорхой хэмжээний мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Тухайн үед манай компани барилгын бизнес эрхэлж байсан тул холбогдох Зээлийн гэрээг байгуулж Б.Алтангэрэлийн өөрийнх нь тавьсан саналын дагуу “Хотгоршанага” ХХК-ийн 30 хувийг  барьцаалж мөнгө зээлдүүлсэн юм. Зээлдүүлсэн мөнгийг богино хугацаанд эргэж төлнө гэж байсан ч төлөлгүй гурван  жил болсон. Нэг өдөр солонгосчуудтай хамтран ажиллах боллоо, зээлийг чинь төлье, дансны дугаараа өгөөч, итгэмжлэлд гарын үсгээ зураач гэснийг ёсоор болгосон. Тодорхой хугацааны дараа бидний дансанд тухай үеийн ханшаар нийт 2.4 тэрбум орчим төгрөг орж ирсэн юм. Иймд уг компаний барьцаалсан 30 хувийг буцааж Б.Алтангэрэлд нь шилжүүлснээр бидний харьцаа дуусгавар болсон. Энэ бол түгээмэл байдаг л бизнесийн харилцаа. Болсон явдал бол ердөө энэ. Та бүгдэд тухайн үед байгуулсан Зээлийн Гэрээ болон орж ирсэн мөнгийг Татварын албанд тайлагнаж ногдох татвараа бүрэн төлсөн хуулга байгаа. Компанийн үйл ажиллагаатай холбоотой гол шийдвэрийг 30 хувийг  эзэмшигч гаргах уу. 70 хувийг  эзэмшигч гаргах уу. Бид хувийн дансаар мөнгө орж ирсэн даруйд буюу 2012 онд хувь хүний орлогын албан татвар  төлж байсан  байдаг. Эхлээд 105 сая төгрөг тус бүр төлсөн. Үүний дараагийн сард дахин энэ тооны мөнгө Хан-Уул дүүргийн татварт төлсөн байдаг. Нийтдээ нэг хүн нь  211 гаруй сая төгрөгийн татварыг хоёр сарын хугацаанд төлсөн” хэмээн мэдүүлжээ.

Түүнчлэн АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийнхэн “Хотгор шанага” нүүрсний уурхайг зарсан хэрэгт “Хотгор шанага” компанийн захирал, АН-ын гишүүн Б.Алтангэрэлийг шалгаж байгаа аж. Тэрбээр “Миний  49 хувийг эзэмшиж байгаа Хотгор шанага” уурхайг    БНСУ-ын “Korea Coal” корпорацид 51 хувийг худалдах санал хүргүүлсэн. Тухайн үед уурхайд хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Ингээд л зарсан асуудал байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зөвлөхөөр ажиллаж байгаа К.Дэмбэрэлээр дамжуулан Ч.Гансүх, Ч.Гантулга нараас мөнгө зээлсэн. Өмнө нь таньдаг байсан юм. Тэднэээс мөнгө зээлэхдээ уурхайн 30 хувийг барьцаанд тавьсан. Тэдэнд зээлсэн мөнгөө өгөх гэсэн боловч надад санхүүжилт олдоогүй гурван жил болсон. Энэ хугацаанд зээлсэн мөнгөө надаас нэхдэг байсан. Ингээд “Korea Coal” корпорациас орж ирсэн мөнгөнөөс тэдний дансанд шилжүүлж өрөө өгсөн байгаа. “Хотгор шанага” уурхайг зарсан асуудалд Ч.Хүрэлбаатар, Ч.Гантулга, Ч.Гансүх, К.Дэмбэрэл нар огт холбоогүй” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.

Мөн АТГ-ын мөрдөн байцаагч “Хотгор шанага” уурхайн 49 хувийг Б.Алтангэрэлтэй хуваан эзэмшиж байгаа н.Болормаа гэх бизнесийн хамтрагч эмэгтэйгээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэрбээр “Б.Алтангэрэл Ардчилсан намынхантай нийлж улс төржүүлчихсэн болохоос зээл төлсөн асуудал шүү дээ. Солонгосчуудтай Б.Алтангэрэл уулзсан. Тэр ганцаараа явж гэрээ хийсэн. Би сүүлийн үед Б.Алтангэрэлтэй огт уулзахгүй байгаа” гэх мэдүүлгийг өгсөн гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм.

Өөрөөр хэлбэл, “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг холбогдолгүй гэдгийг албаныхан тогтоогоод байгаа юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.